Хэд хоногийн өмнө нэг залуу надаас "Зориг гэж юу юм бэ" гэж асуув. Хариуд нь. "Зориг гэж сэтгэл зүйн зан, төлөв биш. Зориг бол харин зорилгын илрэл юм. Зориг бол шинж чанар. Зорилготой хүн бүр зоригтой байдаг. Зорилготой хүн зоримог үйлдэл хийдэг, үүнийг нь хүмүүс хараад зоригтой хүн байна гэж дүгнэдэг юм." гэв.

Бид бусдад таалагдах таван арга, уран илтгэх дөрвөн зарчим, борлуулалтын есөн дүрэм гэх мэт ангилал зүйд толгойгоо эргүүлдэг. Энэ бол суурь нэг мөн чанарын 5, 4, 9 илрэл буюу шинж чанарууд юм. Яг л зориг бол зорилгын илрэл гэдэгтэй адил. Шинж чанаруудад хууртаж, шинж чанараар хөөцөлдвөл бид мухардалд орно. Харин мөн чанарыг олж харж чадвал бид мухардлаас амархан гарна.

 

         Нийтлэгч Ө.Ганзориг

Би энд уран илтгэх тухай бичье гэж бодлоо. Олон хүмүүсийн өмнө ярина гэдэг, бүүр ямар нэг ойлголт тайлбарлаж ойлгуулна гэдэг бол маш хэцүү. Ихэнх хүмүүсийн хувьд хэцүү. Бид уран илтгэх курст явж eye contact, project your voice, prepare points гэх мэт олон зүйлсийг сурч болно. Гэхдээ уран илтгэгч хүнээс анзаарагддаг эдгээр шинж чанарууд биднийг төгс илтгэгч болгохгүй.

Төгс илтгэл, төгс илтгэгч гэж хэн бэ. Юуны өмнө авах өгөхийн талаар дурьдах хэрэгтэй. Олон хүний өмнө ямар нэг зүйл өгөхөөр очиж байна уу, эсвэл авахаар (нэр алдар олох гм) очиж байна уу гэдгээс их зүйл шалтгаална. Хүн хүмүүсээс ямар нэг зүйл хулгайлахаар очихдоо чин сэтгэлээсээ ярьж чадах уу. Эсвэл хүн хүмүүст ямар нэг зүйлийг өгөхөөр очихдоо чин сэтгэлээсээ ярьдаг уу. Би маш олон презентаци хардаг. Эрээлжилсэн жижигхэн фонттой, утга агуулга муутай дүрс зурагтай элбэг тохиолддог. Хүмүүст тод дүрс зурагтай, том фонттой презентаци тавихад хэлэх гэж буй санаа нь илүү ойлгомжтой бууна гэдгийг ойлгохын тулд уран илтгэлийн курст суух ёстой юу? Эсвэл чин сэтгэл байхад хангалттай юу. Хүмүүсээс авах гэж очиж буй хүн амархаан бууж өгнө. Хүмүүст өгөх гэж очиж байгаа хүн харин заавал өгч байж л сална. Өгөхийн тулд чанга дуугаар ярьж, презентацийн фонтоо тодруулж, танхимд буй бүх хүнтэй ай-контакт үүсгэж, чин сэтгэлээсээ байж чадна. Үүнийг ойлгохын тулд ямар ч курст уншиж ямар ч ном унших хэрэггүй.

Бид шинж чанарын дунд төөрөлдөж, хийж буй зүйлийнхээ мөн чанарыг мартах нь элбэг. Бид бусдын өмнө яриа, танилцуулга хийхдээ өгөх гэж очиж буйгаа мартдаг. Бид намайг юу гэж бодох бол, би яах бол, тэр яах бол гэж шал дэмий зүйл боддог. Чамайг юу гэж бодох чинь чамд хамаагүй, өдрийн эцэст чи сонсогч нарт ямар нэг мэдлэг, ямар нэг зөв ойлголт өгч чадсан уу үгүй юу гэдгээр л амьдрал чинь хэмжигдэнэ.   Чи өгөхөөр очиж байгаагаа ухамсарлаж чадвал чин сэтгэл өөрөө урган гарч, чи шилдэг илтгэгч болно, чиний илтгэл шилдэг илтгэл байх болно.