Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл Үзүүлэх тухай хуульд хэсэгчилэн хориг тавьж буйгаа өчигдөр албан ёсоор УИХ-ын Тамгын Газарт хүргүүллээ.  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд+ Г.Уянга, Х.Тэмүүжин, С.Ганбаатар нар түүний  хоригийг дэмжин, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн  зарим хэсэг хүчингүй болох магадлалтай болоод байна.

 

Мэдээж энэ тохиолдолд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын  улс төрийн сонгогдох эрх сэргээгдэхгүй тул  МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахгүй шийдвэр гаргаж мэднэ. Чухам үүнээс л улс төрийн нэн гүнзгий хямрал үргэлжилж эхлэх тухай эх сурвалжууд өгүүлж байна.  Мэдээж “ичгүүртэйгээр Засгаас хөөгдсөн” МАН дахиж, Засгийн газарт орохгүй. Энэ тохиолдолд АН-ынхан  бие даагчид+ ИЗНН гэсэн хувилбараар Засгийн газрыг байгуулах гэж үзэж болох ч энэ нь маш хэврэг, УИХ-аас бараг дэмжлэггүй шахам  эрх баригчдыг бий болгох юм.  Мэдээж  хэврэг Засгийн газар бүр ч амархан огцроно. Үүнээс цааш  УИХ-д суудалтай намууд дахин хамтарч,  Засгийн газрыг байгуулах Үндсэн хуулийн боломж бүрэн дуусч буй билээ. 

 

Тэгвэл энэ мухардмал байдал руу  УИХ ба АН-ын удирдлагыг оруулсан нь эхнээсээ төлөвлөсөн нарийн ажиллагаа байсан тухай ч улс төрийн хүрээнд ярилцаж байна. Тодруулбал, УИХ-ыг хугацаанаас өмнө тарааж, Үндсэн хуулийн дагуу  гэхдээ сонгуулийн бус  аргаар  төрийн эрх мэдлийг “гартаа” авах сонирхолтой бүлэг, магадгүй хувь хүн эрх баригчдын дунд байгаа аж. Тэд хэн бэ гэдэг нь одоохондоо мэдээж тодорхойгүй.

П.Мандах

http://www.sonin.mn