Засгийн газрын шинэ сайдуудыг томилох, Өршөөлийн тухай хуульд хориг тавих эсэхийг хэлэлцэж Монголын улс төр бужигнаж байх зуур манай эдийн засаг унаж буйтай адил Монголын хамгийн том уурхайг эрхэлж буй “Рио Тинто” компани ч суларч эхэлсэн байна. Энэ талаар Оросын хэвлэл мэдээлэхдээ Рио Тинтогийн орлого 5.5 дахин буурчээ хэмээн гарчиглажээ.

 

2015 оны эхний хагас жилийн байдлаар Англо-Австралийн уул уурхайн магнат Рио Тинтогийн орлого 5.5 дахин буурчээ. Өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулахад компанийн ийм үзүүлэлт гарсан бөгөөд эхний хагас жилд компанийн нийт орлого 806 сая ам.доллар болсон байна.

 

Сэм Уолш: “2015 онд хөрөнгийн зардал 5.5 тэрбум ам.доллар болсон. Үүнийг 2.1 тэрбум болгож танах ёстой болоод байна. 2016 онд нөхцөл байдал илүү сайжирна хэмээн бид итгэж байгаа” 

 

Санхүүгийн тайланд тэмдэглэснээр 2015 оны эхний хагас жилд Рио Тинто 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ их хэмжээний алдагдал нь өрийг цайруулахдаа бэлэн мөнгөөр тооцоогүй, гадаад валютын алдагдал болон дайвар бүтээгдэхүүний алдагдалтай холбоотой хэмээн Рио Тинтогийн төлөөлөгч тайлбарласан байна. Түүнчлэн үйл ажиллагааны орлого буурсан нь глобаль түвшинд түүхийн материалын үнэ буурсантай холбоотой хэмээн үзэж байгаа юм. Компанийн төлөөлөгч хэлэхдээ “Рио Тинто эрчим хүчний үнэ, валютын ханш зэрэгт нөлөөлж чадахгүй учраас орлого ийнхүү буурлаа” гэжээ.

 

Түүнчлэн барууны эх сурвалжуудын мэдээлснээр Рио Тинтогийн төмрийн хүдрийн хэлтсийн орлого л гэхэд 55 хувиар буураад байна.

 

Олон улсын уул уурхайн компаниудын анхаарлыг хамгийн ихээр татаж буй зүйл нь Рио Тинтогийн орлого буураад зогссонггүй өр нь улам нэмэгдсэн байна. Компанийн нийт өр 10 хувиар өсч 13.683 тэрбум долларт хүрчээ.

 

Рио Тинтогийн санхүүгийн эх үүсвэрт хямрал үүссэнтэй холбогдуулан тус компани үндсэн зардал болон үйлчилгээний зардлаа 36 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна.

 

Компанид нь санхүүгийн хямрал ирээд буй талаар Гүйцэтгэх захирал Сэм Уолш ярихдаа “2015 онд хөрөнгийн зардал 5.5 тэрбум ам.доллар болсон. Үүнийг 2.1 тэрбум болгож танах ёстой болоод байна. 2016 онд нөхцөл байдал илүү сайжирна хэмээн бид итгэж байгаа” гэжээ.

 

Олон улсын хэвлэлүүд Рио Тинто их хямралд өртөөд эхэлснийг бичээд эхэллээ. Үүнтэй холбогдуулан Оюутолгойн хувь заяа ч дээсэн дөрөөн дээр ирж магадгүй болоод байна. Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил явж байгаа энэ үед Рио Тинто уг төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг босгохоор болсон билээ. Гэтэл олон улсын зах зээлд Рио Тинтогийн нэр хүнд унаад эхэллээ, бодит байдал дээр ч эдийн засгийн үзүүлэлт нь асар ихээр муудсаныг дээрх баримтууд нотолж байна. Тэгэхээр Оюутолгойн орлогоос эдийн засгаа сэргээх асуудал мөрөөдөл болох вий гэсэн болгоомжлол гарах нь зүйн хэрэг биз.

Д.Идэр

http://www.24tsag.mn