49.9 мянган га талбай ургац алдсан ч "талх, гурилын үнийг барина" гэв
2015/08/26
Улсын хэмжээнд зуншлага алаг цоог байна. Буудайны ихэнхи хувийг алдах нь гэсэн тариаланчдын мэдэгдлийн улмаас гурил, талхны үнээ нэмэх талаар сөхөгдөж эхэлсэн.
Харин Р.Бурмаа сайд "Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөвтэй байгаа" хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал "ХХААЯ-наас гаргаад байгаа мэдэгдэл бол үндэслэлгүй мэдэгдэл гэдгийг хэлмээр байна. Учир нь яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хэлэхдээ энэ жил 30 хувийн ургац алдаж, 70 хувийн ургац авна гэсэн. Гэтэл маргааш нь салбар яамны сайд нь 40, ОБЕГ 50-60 хувийн ургац алдах болно гэж ярьсан. Харин тариаланчдын өөрсдийнх нь тооцоогоор 70-80 хувийн алдагдал хүлээнэ гэсэн, энэ мэт зөрүүтэй тооцоо гарчихаад байгаа. Гэхдээ 70-80 хувийн алдагдал хүлээхээр нөхцөл байдал үүссэн гэдэг дээр манай холбооныхон бат итгэлтэй байна. Өнгөрсөн жил нийт 290 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Үүнээс 489 мянган тонн улаан буудай хураан авсан. Энэ нь га газрын дундаж ургалт өнгөрсөн жил 16.7 цн байсан гэсэн үг" гэж маргаанаа саяхныг хүртэл үргэлжилсэн юм.
2015 онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252,3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 76.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ.
ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарч байгаа. Тиймээс ургац алдсан тариаланчдын ургацын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар болсон.
Энэ жил буудайны үнийг ХХААЯамнаас зарлахгүй. Зах зээлийн зарчмаараа зохицуулагдана. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлээ буудайгаар төлдөг тариаланчдын хувьд гурилын үйлдвэрүүдэд буудайгаа худалдаж байгаа дундаж үнээрээ тооцож зээлээ төлнө.
Мөн улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чадахгүй болсонтой холбоотойгоор гурил, талхны үнэ өснө гэсэн мэдээлэл тараад байна. Тиймээс яамны зүгээс гурил үйлдвэрлэгчдэдээ нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгт барих шаардлагыг тавьж байгаа. Талхны үнийг барих шаардлагыг ч тавих болно” гэлээ.
Ирэх жил хүртэл 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байгаа аж. Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, намхан, товчин толгойтой байгаагийн зэрэгцээ наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаа гэдгийг онцлов.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах юм байна. Үүнээс 2015 оны тариалалтад зориулан 29.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг тус тус зарцуулснаар үйлдвэрлэлд нийтдээ 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ. Үүн дээр ТЭДС-гийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байгаа аж.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна.