Ц.Элбэгдоржоос асууя…?
2013/06/23
Авилгачид гэж хэн бэ. Монгол Ардын Нам авилгачдын үүр уурхай. Ардчилсан нам өөгүй өндөг шиг цагаан хүмүүсээр дуурсэн газар гэж Элбэгдорж ярьж байна. Үнэн хэрэгтээ Элбэгдорж өөрийг нь дандаа огцруулж байсан Монгол Ардын Намтай л тооцоо хийж, өөрийн намын Баярцогт, Батхүү, Алтанхуягийн толгойг бол илж байна. Банк дампууруулсан, улсын нууц задруулсан, Америк руу хэний зардлаар явсан болон сүүлийн үед яригдаад байгаа Оюутолгойтой холбоотой “шагнал”-ын асуудлыг нь ухаж төнхөлгүй орхисон нь Монгол Ардын Намынхны өөрсдийнх нь арчаагүй, хулчгар, нялуун зангийн буруу. Өөрт нь ямар буруу байсныг Элбэгдорж одоо болтол ухаараагүй л явна.
Эрх барьж байгаа талд нь орж явдаг сарьсан багваахай мэт жижиг наманцарын дарга Эрлийн Эрдэнэбат, Буянгийн Жаргалсайхан цөмөөрөө адилхан. Үнэхээр шударга байцгаая гэж байгаа бол цаг хугацаа, албан тушаал, нам харгалзахгүй бүх олгархиудыг яг л Гүрж шиг шалгах ёстой. Г.Батхүү, “женко” Х.Баттулгаас эхлээд АН-ын баячуудын түүхийг сөхвөл өмч хувьчлал, спиртийн хэргээс эхлээд хөврөнө дөө. Өмч хувьчлалын үед Ардын банкаас өгсүүлээд Аж үйлдвэрийн комбинат хүртэл бүхэл бүтэн банк, цогцолбор дүүргийг үрэн таран хийснийг хэн мэдэхгүй байгаа юм бэ?
Өнөөдөр АН-ынхан орон даяар төр барьж байна. Төр, төрийн үйлчилгээ, төрийн өмч оролцсон аж ахуй нэгжид цөм тэд ажиллаж байгаа. Ирэх дөрвөн жил Элбэгдорж авилгатай тэмцэнэ гэлээ. Чухам хэнтэй гэдэг нь бас сонин. Өөөрсдийнхөө намынхныг илрүүлж чадах уу. Өөрийнх нь намынхан тийм цэвэрхэн юм бол дөрвөн жилд хэнийг илрүүлэх юм бэ. Шуудхан ирэх дөрвөн жилд Монгол Ардын Намынхнаас өшөөгөө авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ, Энхбаярын араас Энхболд, Нямдорж…гээд л хэлчихсэн нь дээр шүү дээ.
Авилгачдыг өмгөөлж хамгаалж байгаа юм биш. Ц.Элбэгдоржоос асууя. Монгол Ардын Намынхан бүхэлдээ авилгын үүр уурхай. Ардчилсан нам өндөг шиг өөгүй юу. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн ингэж иргэдээ намаар нь, авилгачнаар нь талцуулах зөв үү. Та өөрийн намын Баярцогт, Алтанхуяг, Дэнзэнтэнүүдтэй яаж тэмцэх вэ. Миний бодлоор төрийн тэргүүн хүн аливаа асуудлыг их уужуу сэтгэлээр алсыг харж, жинтэй үг хэлж, өрхийн тэргүүн шиг суух учиртай. Харин авилгатай тэмцэхийг Монгол Ардын Намынхнаас өшөөгөө авах гэж андуурч болохгүй. Бодоод үзэцгээе, тийм үү үгүй юу?