Паянтай, хөгжилтэй "Есдүгээр сарын нэгэн"
2015/09/01
Хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр эхэлж байна. Зуны зугаатай өдрүүд дуусч, хичээл номондоо шамдан суралцах цаг ирсэн нь энэ.
"Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа" энэ дууны үгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Сургуулийн босгыг анхлан орох бяцхан үрсээс наян настай буурай хүртэл мэднэ. Эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан энэ л өдөр аав, ээжийнхээ гараас хөтлөн сургуулийг босгыг алхдаг.
-Хоёр настангууд цэцэрлэгийн босгийг алхлаа-
Эцэг, эхчүүд хэдэн шөнө дугаарлан гадаа хоносоныхоо ачаар хүүхдээ цэцэрлэг босгоыг арай хийн алхууллаа. БСШУЯ-ны энэ жилийн мэдээгээр цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь л хүлээн авах хүчин чадал байгаа аж. Үлдсэн 30 гаруй мянган хүүхэд харах хүнгүй бол гэртээ үлдэнэ. Жил болгоны өдийд цэцэрлэгтэй холбоотой хөгжилтэй хэрнээ эмгэнэлтэй гэмээр утга бүхий үгсийг олон нийт гарган шоглодог. Өнөө жилийн моод үгсээс дурдвал, “Манай хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх сугалаа сугалсан тул азтай сугалааны найранд ирэхийг урьж байна”, “Орон дээрээ хүүхэд хийх амархан, харин орноосоо буугаад хүүхэд цэцэрлэгт оруулах хэцүү”, “Азтай сугалаа сугалт чаддаггүй хог хэмээн хоёр настай хүүгээ зоджээ”, "Баяр хүргэе" үгийг олж харалгүй л нүд минь харанхуйлсан. Тэгсэн хажууд байсан нөхдүүд аль хэдийнээ олж уншаад олимпын наадмаас алт авсан аятай тойрч зогсоод л алга нижигнүүлэхэд л хүүхдээ сугалаагаараа цэцэрлэгт орсныг мэдсэн хэмээн постолж олны хүртээл болголоо. Харин тэр азтай жаалууд өнөөдөр цэцэрлэгтээ явна.
Жил болгон шинэ цэцэрлэг барьж байгаа ч төрөлт нь барилга байгууламжийн хүчин чадлаас даваад байгаа хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлсэн. Барилга байгууламжийн үнийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэн төсөвлөснөөс царцаасан хэдэн арван барилгын ихэнх нь цэцэрлэг, сургуулийн барилга байсан. Тэгвэл энэ жилдээ багтааж 47 цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэдгээ онцолсон.
-Зургаан настангуудын паян дуусашгүй-
Цэцэрлэгийн багшдаа эрхлэн, ижилдэн дассан найзуудаа орхин шал өөр ертөнцөд хөл тавьж байгаа зургаан настангууд өнөөдрөөс дэгдээхэй шиг дэрвэж буусан тохойн чинээхэн сурагч боллоо. Тэдний паян дуусашгүй ээ. Заримаас нь цухас дурдвал, Ангийн багшаа юу гэж дуудахаа мэдэхгүй "Эгчээ" үгүй ээ "багшаа хэмээнэ. Ширээгээ дэрлэн унтана, зарим нь бүүр "Багшийнхаа мөөмийг барина" гэж уйлж сандаргасан тохиолдол ч бий. Тэдний хаан шиг байх нас нь дуусч сургуулийн сурагч болж том, боллоо гэж эцэг, эхчүүд онцлуулах өдөр. Балчирхан ч гэлээ адтай тэд алзахгүй мундаг сурч, эх орныг минь авч явах алдартай эрхэмүүд болно.
Энэ жил ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн орлоо. Улсын хэмжээнд цэцэрлэгт 6900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллана. Харин Нийслэлд 2012-2014 онд 29032 хүүхдийн хүчин чадалтай 61 сургуулийн, 9440 хүүхдийн хүчин чадалтай 94 цэцэрлэг, 2715 хүүхдийн хүчин чадалтай 26 дотуур байр, 28 спорт заал барьсан бол 2015 онд нийт 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ийнхүү Ерөөсөө бидний баярын өдөр эхэллээ.
УНШИГЧ · 2015/09/02
ЭНЭ МЭДЭЭГ ИХ АЯТАЙХАН, БАС ХӨГЖИЛТЭЙ БИЧСЭН БАЙНА. БАЯРЛАЛАА!