...Сүүлийн үед өндөр мэдлэгтэй, өөрийгөө хүчирхэг болгож хөгжүүлсэн, амьдралаа хэнээс ч хамааралгүй аваад явах чадвартай монгол бүсгүйчүүд "өрх толгойлж" амьдрах нь элбэг болжээ. Ганцаараа амьдрах дуртайдаа ч биш, өөрийнх нь сонголтод тэнцэх эр хүн ховор болсноос үүдэлтэй гэнэ.
Нээрээ л анзаараад байх ахул монгол олон эрчүүд өнөө үеийн монгол бүсгүйчүүддээ "гологдоод" байгаа нь илт. "Улаан ном" -онд орохоо дөхсөн сайн монгол эрчүүдийн орон зай  үгүйлэгдээд байгаа мэт. Хэдийгээр "шивэр авир" ярилцаж, заримдаа "буу халах" даа чанга дуугаар учирладаг энэ сэдэв олон хүний сэтгэл оюунд харуусал тээн оршиж байгаа нь нууц биш. 
 
 
 
ГОЛОГДМОЛ ЭРЧҮҮД
 
 
Аль социализмын үеэс л цэрэгт алба хаагаад "хүмүүжчих" магадлалтай, өрх толгойлж хэдэн малын буянгаар амьдрах тавилантай , эцгийн голомт сахиж амьдралын ухаанд сурах учиртай хөвгүүдээ сургуулиас холдуулж, айлд бэр болон очиж "хүний хүн" болох тавилантай, "үс нь урт ч ухаан нь богино" байх магадлалтай, хаа ч очсон эцгийн нэрийг цай идээний амтаар "дуудуулж" байх учиртай охин үрээ сургууль бараадуулж байсан "холч ухаан" ы муу үр дүн нь энэ. Жинхэнэ монгол эр хүний шалгуур, төлөвшилийн баталгаа болж байсан нүүдэлчин амьдралын хэв  маягаас холдож суурин амьдралд дасах тусмаа монгол эр хүний мөн чанар "доройтож" эхэлсэн хэрэг. Дөрвөн хананы дунд гараа салаавчилж хэвтэхээр ухааны цараа нь богинодож, дөмөгхөн хүлгийн зоон дээр дөрөө жийн давхихаа болихоор хийморь лундаа нь буурч, эрэл эрж хонон өнжин бэдрэхээ болихоор гүйлгээ ухаан нь сульдаж, энд тэнд эрчүүдтэй уулзаж хуучлахаа болихоор эмс хүүхнүүдтэй хов хэлэлцэж, эмээлээ дэрлээд хээр хонож тэнгэрийн заадсыг харж уужрахаа болихоор элдэв юмсаас айж давхийн цочдог болжээ, одооны зарим эрчүүд. 
 
Ажил хийхээрээ гологдож аав ээжийнхээ тэтгэврийн хэдээр тэжээлгэн "амь зогоож", эрхэлж тунисаар "үг даахаа" больж, энд тэнд очиж "мөрөөдлөө" бодит болгон ярьж "бүлтэрч", хааяа ууж халамцахаараа гомдлоо дэлгэн агсамнаж, хэрээ мэдэхгүй бусадтай мөчөөрхөн барьцаж бас зодуулж, хэн хүнд өш санан "хонзогнож", яаж ийгээд бусдыг "чадчих юм сан" гэх ядмагхан бодолдоо өөрөө "бүдэрч" явдаг эрчүүд зөндөө бий.  Ном уншдаггүй болохоор энд тэнд очин "гэсэн гэнэ..." гэдэг сургаар хуучилж, ажил хийдэггүй болохоор мөдхөн баяжих мөрөөдлөө "уул уурхайн босс..." болон бүлтэрч, бүсгүй хүн харахаараа "боловсон жентельмен"-ий дүрд ядмагхан тоглож, өөрөөсөө илүү яваа нэгэнд атаархсан сэтгэлээ "тоглоом ч биш, шоглоом ч биш" хэллэгээр  тохуурхан "доош хийж", арчаагүй дорой яваа байдлын буруугаа өөрөөсөө бус бусдаас хайн агсамнаж, өргөн энэ орчлонд эр ч биш, эм ч биш яваа эрчүүд цөөн бус бий." Гүвээ даваад үнэнд баригдах" худлаар бусдыг бус өөрийгөө хуурч, маргаашийн бус өнөөдрийн амьдралаар "хоног төөрүүлж", амьдралаа авч явах бүү хэл амиа ч "зогоож" чадахгүй эрчүүд олширч
байнаа, нуулгүй харамсахад. 
 
 
Сайхан монгол эрчүүдийн тухай эмнэг морь унаад давхихаараа "эрэмгий" байдаг, найранд очоод согтож агсамнахаараа "зоригтой" болдог, бүсгүй хүнийг эдэлж хүчирхийлэхээрээ "жинхэнэ эр" гэгддэг, хэн нэгнийг хуурч дөнгөхөөрөө "сайн эр" гэж үнэлэгддэг цаг үе нэгэнт өнгөрчээ. Бид өдрөөс өдөрт "хүчирхэг" болж, дэлхийн дайд үнэлэгдэж эхэлж байгаа монгол бүсгүйчүүддээ "тоогдох"-ын тулд өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Өнөө цагт "биеэ зовоолгүй их мөнгө олох" хүслэн зусрыг дагуулж байдаг. "Холыг бус ойрыг харах богино бодол"  тэнэглэлийг дагуулж байдаг. "Эр зориггүй хулчгар зан" үнэнийг худлаар халхалж байдаг. Харин бид их уншиж, их бодож тунгааж, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Бие бялдраа төдийгүй оюун ухаанаа ч хөгжүүлэх цаг болжээ. Энэ олон сайхан монгол бүсгүйчүүд, туурга тусгаар Монгол орон минь эрчүүд бидний хувьд "Бурханы бэлэг" юм шүү дээ. Эр хүн шиг эр хүн үгүй бол гэрийн хоймор эзгүйрч байдаг гэнэ. Эрэлхэг зоригтой эрчүүд үгүй бол төрийн хоймор эзгүйрч байдаг гэнэ. Харин одоо цагт монгол эрчүүдэд хандсан төрийн бодлого
хэрэгтэй болж байна даа. Үгүй гэж үү?
 
ЭР ЦЭРГИЙН АЛБА  \надад санал байнаа\
 
 
1. Цэргийн насны бүх монгол эрчүүдийг 2 жилээр цэргийн алба заавал хаалгаж байя. Олон эрчүүдийг цуглуулаад "азаргалж" дэглэх бус, хамтад нь хөгжүүлэх боломж нь эр цэргийн алба юм. Тэдний бие бялдрыг нь хөгжүүлэхээс гадна, эр зориг, ухаан санааг нь хамтад хөгжүүлэх боломжийг олгоё. Үүний тулд цэрэгжилтийн сургуулилтаас гадна тэдэнд хэрэгтэй олон мэдлэг чадварыг олгох хэрэгтэй байна.
-Харилцааны соёл
-Гэр бүлийн боловсрол, үүрэг хариуцлага
-Монгол улсын хууль тогтоомжууд
-Монголын эх түүхийн мэдлэгүүд
-Бичгийн их соёл  \монгол бичиг зааж сургаж болно\
-Гоо сайхны боловсрол
-Авьяас чадвар, сонирхлыг нь хөгжүүлэх олон төрлийн сургалтууд гэх мэт
Угтаа бол бид энэ 2 жилд эрчүүдээ зөв хөгжүүлж төлөвшүүлэх хэрэгтэй байна. Эр цэргийн алба хааж байгаа 2 жил тэдний хувьд амьдралдаа зорилго тавьсан, ирээдүйгээ өөдрөг сайхнаар харсан, өөрийн чадал боломжоо мэдэрсэн үр дүнтэй жилүүд байх болно. 
 
2. Монголын төрийн албанд ажиллахаар хүсэлт гаргаж байгаа эрчүүдийг зөвхөн Монголын хил дээр 1 жил алба хааж байх үүргийг хуульчлах хэрэгтэй байна. Тэднийг хил дээр алба хаалгахын зэрэгцээ төрийн албаны хууль, Монголын бусад хууль тогтоомжууд, харилцааны соёл хэм хэмжээ, Монголын түүхийн эх сурвалжууд, бусад олон мэдлэг чадваруудыг тэдэнд сургаж болно. Тэд эх орныхоо хил дээр алба хааснаар Монгол эх орны тусгаар тогтнол, газар нутгийн ширхэг чулуу ямархан их үнэ цэнэтэй болохыг бие болоод сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.
Тийм залуус хэзээ ч эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн оршихоос урваж чадахгүй. 
 
 
3. Хөдөөнөөс хотод шилжин ирж суурьшиж байгаа залууст "Хотын соёл"-ын талаар хичээл зааж, хэрвээ тэд ичингүйрэн дургүйцэх аваас  уншиж судлах боломжтой "гарын авлага", "зөвлөмж"-үүдийг тэдэнд үнэгүй олгож өгч болно. Түүндээ хогоо хаях журам, замын хөдөлгөөний дүрэм, хотын үзвэр үйлчилгээний газруудын талаар мэдээлэл, шаардлагатай хууль дүрэм, журмуудыг тусгаж болно. Гэхдээ тэд үүний хариуд хотын залуусыг хөдөө амарч аялахад зориулсан гарын авлага байх хэрэгтэй хэмээн барьцаж магадгүй. Харин "Яагаад болохгүй гэж?" хэхэхэ. 
 
 
ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭРЧҮҮД
 
 
Монгол эрчүүд бид өөрсдийгөө хятадууд, вьетнамуудтай харьцуулахад тун дургүй, цусанд нь байдаг юм болов уу даа?  Их л онгиргон, бас бардам бидний араншинд  өвөг дээдсийн минь омог бардам араншин нуугдаж байдаг юм болов уу? Харь хүнтэй гэр бүл болж амьдарч байгаа нэг биш монгол бүсгүйчүүдтэй ярилцаж суухад "монгол эрчүүд минь нэг л өөр" гэж дүгнэхийг сонсож байсан. Сэтгэлд нь ойрхон байдаг юм болов уу даа. Бас гадаадад цөөн биш жил ажиллаж амьдрахдаа монгол эрчүүдийн өөдрөг бардам сэтгэл, хэнээс ч илүү дасан зохицох чадварыг  анзаарч мэдэрч байна. Тэд бусдаас нэг л өөр. Алив юмны оргил руу л тэмүүлдэг. Алдаж онож байвч тэд хэзээ ч шантардаггүй. Гадаадын олон эрчүүдээс өөрийгөө "дээр түвшин" д тавьж, тэднээс заавал илүү байх ёстой гэж хичээдэг нь монгол араншин байх. Уг нь хичээж ойлговол бид хурдан өөрчлөгдөнө л дөө, би мэдэрч байна. Жинхэнэ монгол эрчүүд удахгүй олширноо. Би ч бас өөдтэй сайн монгол эрчүүдийн нэг биш л дээ. Гэхдээ ухаарч хичээж л явна. 
 
 
 
                                                    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах