Эрх чөлөөтэй байгаа хүн эрх чөлөөний үнэ цэнийг мэддэггүй гэдэг. Хэн хүн эрх чөлөөгөө хясан боолгож, хасуулж, сууж босохдоо ч бусдын эрхэнд орсон үедээ эрх чөлөө  хүнд ус агаар мэт ямар их хэрэгтэй гэдгийг, эрх чөлөөний “үнэ цэнийг” сая л ойлгодог ажээ.

Та бид эрх чөлөөт, тусгаар монгол улсын иргэн. Гэхдээ тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахын тулд асар хүчир бэрхшээлийг туулсан гэдгийг бид мартах учиргүй. Өвөг дээдэс маань алтан амиа үл хайхран, халуун цусаа урсгаж, хөлсөө дуслуулж, ухаанаа уралдуулж бидэнд өвлүүлсэн эх орноо хойч үе болсон залуус бид хамгаалах, хайрлах учиртай.

Урлаг бол хүний сэтгэл зүрх рүү чиглэсэн ухаарал сэхээрэл олгодог их “тайз”. Тэр тусмаа кино урлаг бол үзсэн хүндээ нэгийг бодогдуулж, хоёрыг  ухааруулдаг “шидтэн”.

Хэсэг залуу  кино уран бүтээлчид  нэгдэж  тэртээх түүхийн баларсан жимийг сэргээн тодруулсан “Босуул” нэртэй уран сайхны киног бүтээжээ. Гол үйл явдал нь 1937 оны хилмэгдүүлэлтийн хар шуурганд хөдөө нутгийн  энгийн лам нар, малчин ардууд хэрхэн өртөж, тэсвэрлэхийн аргагүй хүнд байдалд орохын эрхээр эх орноосоо дүрэн зугтахад хүрч, ой хөвчид бүгж нуугдах зэргээр хэцүү бэрх зовлонг хэрхэн туулж байгаа үйл явдлыг дэлгэцийн бүтээл болгон харуулжээ

“Босуул” Монголын уран сайхны киног залуус үзэх хэрэгтэй. Учир нь өнөөдрийн та бидний үл анзаарах эх орон, эрх чөлөө яавч хямдхан “үнээр” олдоогүй гэдгийг уран бүтээлчид “Босуул” киногоороо дамжуулан нийтэд “хэлэх”-ийг зорьжээ.

1937 оны Их хилмэгдүүлэлтийн цаг үед Монголчууд бид нийт хүн амынхаа 7 орчим хувийг буюу 27000 гаруй иргэнээ  эсэргүү лам,  гадаадын тагнуул, эх орноосоо урвагч гэх зэрэг элдэв нэр хоч өгөн тусгай комиссийн шийдвэрээр буудан хороосон байдаг. Тухайн цаг үед Дотоодын хамгаалахын ажилтан болох ногоон малгайт офицерүүдийг иргэд “тамын элч” мэтээр хардаг байсан гэдэг.

Харамсалтай нь  монгол хүнээ буудан алах ялыг Монголчууд л гүйцэтгэж байсан. Магадгүй нэг хэсэг нь үзэл суртал, итгэл үнэмшилдээ итгэж “ үнэхээр”  эх орноо эсэргүү, урвагчидаас “цэвэрлэж” байна гэж итгэж байсан бол нөгөө хэсэг нь тушаал биелүүлэхээс өөр аргагүйн эрхэнд ийм үйлдэл хийж байсан бизээ. Энэ тухай кинод тодорхой гарах юм билээ.

Үзэл сурталд итгэсэн цэргийн дарга, тушаал авсан цэрэг, амар  тайван амьдралыг эрж хайсан иргэд, аз сорин  ногоон малгайт цэргүүдийн эсрэг тэмцэх “босуул”-уудын амьдралыг дэлгэцийн бүтээлээр олонд харуулжээ.bosuul

Монгол хүн монгол хүндээ дайсан болсон тэр цаг үед  хүний амь ширхэг сумны үнэгүй болсон гэдэг. Гэтэл ийм цаг үед ч гэсэн итгэл найдвар, хүн хүнээ гэсэн сэтгэл хэзээд байдаг гэдгийг, хайр сэтгэл үхлийг сөрөн зогсох хүчтэй байдаг гэдгийг,  хүний амьдралд хүнд бэрх зовлон тохиолдсон ч түүнийг даван туулах тэсвэр хатуужил үргэлжид байдаг гэдгийг та бүхэн “Босуул” Монголын уран сайхны киноноос үзэх болно.11094528_1611342179115762_7479183080308119214_n

“Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг киногооро хэзээний олны танил болсон чадварлаг найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл,  залуу уран бүтээлчдийн гол дүрд нь тоглосон  “Босуул” уран сайхны киног үзээд та нэгийг бодож, хоёрыг тунгаана гэдэгт итгэж байна….

Ц.Мөнх