Нэг хүүхэдтэй Хятад
2015/09/03
Хятадын коммунист нам хүн амын өсөлтийг хянах зорилготой “нэг хүүхэд” бодлогыг танилцуулаад гуч гаруй жил хэдийн өнгөрчээ. Хэрэгжиж эхэлсэн цагаас нь эхлэн энэ бодлогыг хүний эрхийг зөрчсөн, хүйсийн харьцаа алдагдах шалтгаан гэх мэтээр олон янзаар шүүмжилсээр ирсэн ч нэг л мэдэхэд бодлогын үр дүн болсон хүүхдүүд өсөн торниж, Хятадын нийгмийн бүхэл бүтэн нэг үеийг бүрдүүлээд байна. Гэр бүл хүүхдийн нийгэмшил, хүмүүжил, зан араншин хийгээд оюун сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлдэг болохоор энэхүү аварга том туршилтын үр дүн Хятадын нийгэмд чухам ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг асуулт ихээхэн сонирхолтой.
Дунджаар дөрвөн хүүхэдтэй байсан хятад гэр бүлүүд цөөхөн хүүхэд олон гахай өсгөх уриатай Нэг хүүхэд бодлогын дараа хотын гэр бүлүүдийн 90 хувь, орон нутгийн гэр бүлүүдийн 60 хувь нь ганц хүүхэдтэй болжээ. Гэр бүл, өнөр өтгөн байдлыг үнэт зүйлээ болгодог уламжлалтай хятадууд нэг хүүхэд бодлогын үр дүнд бий болсон “бяцхан хаан, хатад” хэт эрх дураараа, амиа бодсон, нийгэмших чадвар муутай байх вий хэмээн болгоомжилсоор ирсэн юм.
Нийгмийн нөлөө
Энэ чиглэлд хийсэн анхны судалгаануудын нэгийг Тони Фальбот, Денис Полит нар 1986 онд хийжээ. Тэд 115 айлын ганц хүүхдийг үеийнх нь өнөр өтгөн гэр бүлд өсөж буй хүүхдүүдтэй харьцуулан судалсан бөгөөд айлын ганц хүүхдүүдийн сурах чадвар илүү өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс арваад жилийн хойно Чен болон Рубин Ли нар үүнтэй ойролцоо судалгааг ахин хийсэн бөгөөд ганцаараа болон ах эгч эсвэл дүүтэй өсөж буй хүүхдүүдийн сурах чадварт онцын ялгаагүй ч айлын ганц хүүхдүүд сэтгэлзүйн хувьд илүү тогтвортой, өөртөө итгэх итгэл өндөртэй байна гэсэн үр дүнд хүрсэн. Үүнээс гадна Чен болон Рубин Ли нар ганцаараа өссөн хүүхдүүд хувиа хичээсэн, нийгмийн харилцаанд орох чадвар муутай байдаг тухай уламжлалт хандлагыг няцаасан юм. Тэдний судалгааны үр дүнгээр айлын ганц хүүхдүүд харилцааны тал дээр ах дүүстэйгээ өсөж буй найзуудаасаа илүү идэвхтэй, харилцааны болон удирдах авьяасаар давуу байжээ. Мөн айлын ганц хүүхдүүд сургууль дээрээ хэрэг төвөг бага тарьдаг болох нь тогтоогдсон байна.
Энэ мэт судалгаануудын дараа ихэнх судлаачид ах ба дүү нь тухайн хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж болох ч тэр нь шийдвэрлэх үүрэгтэй биш гэсэн дүгнэлтэд хүрцгээжээ. Харин айлын ганц хүүхдүүдэд эцэг эх нь илүү их анхаарал халамж тавьж, ирээдүй хийгээд боловсролд нь илүү хөрөнгө оруулах боломжтой нь айлын ганц хүүхдүүдийн амжилтад нөлөөлж байна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Үнэхээр ч Хятадын хүүхдийн хөгжлийн төвийн явуулсан судалгаагаар ганц хүүхэдтэй эцэг эхчүүд хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг эхчүүдтэй харьцуулахад хүүхдүүддээ тавих шаардлага ба хүлээлт нь өндөр байгаа нь тогтоогджээ. Харин Мерси ба Стийлмэний явуулсан судалгаагаар айлын ганц хүүхдүүд эцэг эхтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлж чаддаг нь тогтоогдсон байна. Энэ нь айлын ганц хүүхдүүдийн харилцааны болон манлайлах ур чадвар үе тэнгийнхээ өнөр өтгөн гэр бүлд өссөн хүүхдүүдээс илүү байгаагийн нэг гол шалтгаан биз ээ.
Гэвч эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ илүү их анхаарал халамж тавих нь дандаа эерэг үр дүнд хүргэдэггүй ээ. “Хэрвээ би айлын ганц хүүхэд байгаагүй бол эцэг эх маань надад тэгэж их анхаарал халамж тавьж, дарамт шахалт үзүүлэхгүй, хүссэнээрээ амьдрах боломж гарах байсан” гэхчлэн ярих залуус Хятадад олон байна. Түүнчлэн өмнөх үетэй харьцуулахад Хятадын нийгэм илүү баруунжиж, ажил амьдралын шаардлагаар залуу эцэг эхчүүд аав ээжээсээ өөр хотод, хол хөндий амьдрах болж байгаагаас ирээдүйд хүүхдүүд нь өмнөх үеийн айлын ганц хүүхдүүд шиг өвөө эмээгийн анхаарал халамжин доор биш илүү ганцаардмал орчин нөхцөлд өсөн торниж, энэ нь тэдний сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол ч байна. Үүнээс гадна дээр дурдагдсан судалгаанууд бага насны хүүхдүүдийг л хамруулсан гэдгийг санах ёстой. Ганцаараа ба өнөр өтгөн гэр бүлд өссөн насанд хүрэгсдийг харьцуулсан томоохон судалгаа өнөөг болтол хийгдээгүй л байна. Нэг хүүхэд бодлогын ирээдүйд үзүүлэх өөр нэг том нөлөөг судлаачид “4-2-1”-ийн асуудал гэж нэрлэдэг. Энэ нь үр ач нь эцэг эх эмээ өвөөгөө асран халамжлах уламжлалтай Хятадын нийгэмд айлын ганц хүүхдүүдэд 2 эцэг эх, 4 эмээ өвөөгөө халамжлах бэрхшээлтэй шаардлага тулгарч буйг илэрхийлдэг. Одоогоор нийт хятадуудын 76 хувь нь тус бодлогыг дэмжиж байгаа аж.
ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨ
Ажиллах хүч
Дэлхийд нэгдүгээрт бичигдэх 900 гаруй сая хүнтэй Хятадын ажиллах хүч 2012 онд анх удаагаа дундарсан. Арван жилийн дараа гэхэд Хятадын хөдөлмөрийн насны хүн ам ахиад арван саяар буурах тооцоо байна. Энэ хэрээр тэтгэврийн насны иргэдийн тоо өсөх бөгөөд энэ нь эдийн засагт дарамт болох нь гарцаагүй.
Хэрэглээ
Эдийн засгийн үүднээс хүүхэд бол боловсрол, хувцас, памперс гээд нэмэлт зардал юм. Нэг хүүхэд бодлого цуцлагдвал Хятадын дотоодын хэрэглээ нэмэгдэж, удааширч буй өсөлтийг нь хурдасгах боломжтой гэж найдагсад ч бий.
Үл хөдлөх хөрөнгө
Өнгөрсөн хугацаанд гэрлийн хурдаар өсөж байсан Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар өнөөдөр царцаад байна. Тэгвэл энэ байдал ирээдүйд улам муудаж магадгүй гэнэ. Учир нь 35 хүртэлх насныхны дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа ганц биечүүд эцэг эхийнхээ өв хөрөнгийг ганцаараа залгамжлан авна. Үүнээс гадна НҮБ-ын таамаглалаар Хятадын хүн ам 2030 оноос буурч эхэлнэ. Энэ хоёр нөхцөл нь ирээдүйд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бүрэн хөмөрчих чадалтай. Гэхдээ мэдээж хэрэг тэр цаг хүртэл хангалттай цаг хугацаа байна.
ДНБ
Нэг хүүхэд бодлого жил тутам 9 сая төрөлтийг хязгаарлаж байсан гэсэн судалгаа бий. Хэрвээ энэ бодлого хэрэгжээгүй бол өнөөдөр Хятадын нэг хүнд ногдох ДНБ хэмжээ одоогийнхоос хавьгүй бага байх байсан нь ойлгомжтой. Мөн Хятадын нийт газар нутгийн 40 хувийн хөрсний үржил шим буурч байгаа, 2030 он гэхэд цэвэр усны хомстол үүсэж магадгүй гэсэн таамгууд ч бий. Нэг хүүхэд бодлогын авторуудын нэг Сон Жиан болон түүний удирдсан математикчдаас бүрдсэн багийн 1970-аад оны төгсгөлд хийсэн тооцоогоор Хятадын хүн амын зохист хэмжээ нь 700 сая байв. Тухайн үеийн төлөвлөгөөгөөр Хятад улс 2080 он гэхэд дээрх зорилго биелүүлэх байсан юм.
2013 оны арван нэгдүгээр сараас эхлэн Хятадын коммунист нам хэрвээ эцэг эхийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ ямар нэгэн торгуульгүйгээр төрүүлэхийг зөвшөөрч, Нэг хүүхэд бодлогыг зөөллөсөн. Одоогоор энэ шалгуурт тэнцэж байгаа 11 сая хос байгаа бөгөөд 2014 онд эдгээрээс 1 сая орчим нь хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Энэ нь Үндэсний гэр бүл ба эрүүл мэнд төлөвлөлтийн комиссын тооцоолж байснаас даруй хоёр дахин бага тоо юм.
Эх сурвалж: time.mn