​НИТХ-ын дарга асан Т.Билэгт сураггүй болсоор хоёр жилийн нүүр үзэж байна. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байна гэдгийг дуулаад алга болсон шигээ гэнэт гараад ирэв.

Тэр Монголын хууль, цагдаагийнханд “гоё бэлэг” барилаа.  Интерполынхны ажлыг ч хөн­гөлөх нь. Түүний сураг нь Америкт байгаа бололтой юм. Тэрбээр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд болон АТГ, УЕПГ-ын даргад захидал бичжээ. Т.Билэгтийг гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Н.Энхбаярыг шалгаж эхлэхэд Т.Билэгт хэдийнэ хил давсан байсан. Анд нөхөд, амраг садандаа ч бараг мэдэгдэлгүй “алга болсон” мэтээр ярьж байв.  Харин тэрбээр “Би удахгүй нутагтаа очно, намайг АНУ-ын иргэншил хүссэн гэсэн нь худлаа” шүү хэмээн захидалдаа бичжээ.  Т.Билэгт юутай ч эх орондоо ирэх нь. Мэдүүлгээ өгөх нь. Харин өөрт нь итгэж захидал бичсэн түүний талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Т.Билэгтээс надад хувийн захиа ирсэн. Өөрт нь зовлон тулгарахаар л ингэж байгаа байхгүй юу. Өмнө нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байхад би энд байна гэж нэг ч хандаж байгаагүй. Тэгээд визийн хугацаагаа сунгаж чадаагүй гээд асуудал тулгарахаар хандаж байна. Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч гэсэн байна лээ” хэмээжээ. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг худлаа бололтой. Өөрт нь итгэж захидал хаягласан түүнд нэлээд тоомжиргүй, бүр дургүй нь хүрсэн маягийн хариулт хэлсэн байна. Т.Билэгтэд ч учир бий.

 

 

Б.Оюунгэрэл