Хуш модны тухай хуулиар самар экспортлохыг хориглосон билээ. Тэгвэл эл тогтоол нь хууль бус самар түүгчдийг бий болгосон бололтой. 

Баримт сөхвөл, 2012 онд улсын хилээр гаргахыг хориглосон хуш модны их хэмжээний самар бэлтгэж хадгалж байсан монгол хятадын хамтарсан сүлжээг илрүүлж байсан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл ойн тухай хуулийг зөрчигчид олширч, хохирол учруулсаар байна. 

Самар түүх хугацаа болоогүй байхад хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч, нөөцөлж байсан “Тэнүүн зоргол” хоршоог Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ.

“Тэнүүн зоргол” компани ХУД-т байрлах “Ви Си” компанийн агуулах хашааг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10х15-ийн хэмжээтэй хоёр агуулахад болон гадаа нь их хэмжээний самар асгаж, хатааж байжээ. Тус компанийнхан 70 орчим тонн самар иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авч, хураасан гэж мэдүүлсэн байна.

 “Ви Си” гэх компанийн ойр хавьд байгаа иргэд, ажилтнууд энэ хашаанд хятадууд ажиллаж, ноос ноолуур, түүнчлэн самар ч худалдаж авдаг ажээ. Мөн Тус компани нь самар бэлтгэж боловруулах үйлдвэртэй юм байна. Уг самрыг үйлдвэр рүүгээ нийлүүлэхээр ийнхүү хураасан байжээ.

Жил бүр БОНХАЖ-ын яамнаас самрын их ургацын жил, дунд ургацын жил болж байгаа эсэхээс хамаарч самар бэлтгэх зөвшөөрөл өгдөг. Иргэнд 25 кг цайруулсан самар түүх зөвшөөрөл өгдөг бол аж ахуйн нэгжид 25 кг-аас дээш хэмжээгээр бэлтгэх зөвшөөрлийг тухайн аж ахуйн нэгжийн чадамжаас хамааран харилцан адилгүй олгодог. Дунд ургацын жилд үйлдвэрийн зориулалтаар самар түүж, бэлтгэхийг хориглодог байна.

Хэрвээ их ургацын жил бол тухайн аймаг сумаас хамаарч үйлдвэрийн зориулалтаар самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Гэхдээ олгосон зөвшөөрлийн дагуу бүрэн боловсруулсан буюу цөмсөн самар бэлтгэсэн тохиолдолд самар экспортлох эрх зүйн орчин нээгддэг юм байна. Харин боловсруулаагүй тохиолдолд буюу цайруулсан самар экспортлохыг хориглодог хуулийн заалт бий. 

Энэ жил Нийслэлийн бүс нутаг самрын дунд ургацын бүсэд хамаарч байгаа учраас аж ахуйн нэгжид самар бэлтгэх зөвшөөрөл өгөхгүй хэмээн мэргэжилтнүүд мэдэгдсэн. 

“Ойн тухай хуулиар хууль бусаар самар бэлтгэсэн тохиолдолд түүнийг хураан улсын орлого болгон иргэнийг 960 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг” гэж торгуулийн хэмжээг тусгасан. Гэхдээ эл торгууль хууль бусаар самар түүгчдэд багадаад байгаа бололтой. Тиймээс торгуулийн хэмжээг өндөрсгөвөл ямар вэ.