Төсвийн тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
2015/09/12
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 8 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 84.4 хувийн, нийт зарлага 78.0 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 565.1 тэрбум төгрөгөөр бага байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2015 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,576.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 15.6 хувиар буюу 660.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар буюу 221.3 тэрбум төгрөгөөр бага байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 оны 8 дугаар сарын байдлаар 5,571.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4,345.9 тэрбум төгрөгийн буюу 78.0 хувийн, улсын төсвийн зарлага 3,967.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,013.0 тэрбум төгрөгийн буюу 75.9 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 71.3 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3 тэрбум, Засгийн газрын богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 941.9 тэрбум, урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 392.3 тэрбум төгрөгийг тус тус төлж, 87.5 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, Засгийн газрын 1,023.8 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод, 375.6 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 314.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 769.2 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 714.0 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарлаа.
Жилийн эцэс гэхэд энэ тоо нэг их наядад хүрэхээр төлөвтэй байна. Тэгэхээр бид сүүлийн 2-3 жилийн түүхийг давтаж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж он дамнуулан өрийн сүлжээнд баригдах төлөвтэй байна.