Гуч, дөч, тавин настнуудад зориулсан "гудиггүй танхай аялгуу"
2015/09/17
Бүсгүй хүн гоо сайхнаа хадгална гэдэг том шинжлэх ухаан. Гэвч хичнээн гоо сайхнаа хадгаллаа ч байгалийн жамаар, насны эрхээр ямар ч сайхан хүүхэн гандаж гундах нь тодорхой. Хүний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан. Бие далайн хөөс мэт эмзэг. Ухаандаа,
“Ширгэж үл болох төрөхийн далай
Шаналж үл дуусах өвчний далай
Шамдаж үл дуусах өтлөхийн далай
Шингэрч үл дуусах үхэхийн далай”-гаас ямар ч хүн ангижирч үл чадна. Тиймээс үзэсгэлэн төгс бүсгүй насны эрхээр өтлөхийн зовлонг яруу найрагчид урнаар шүлэглэсэн нь олонтаа. Жишээ нь яруу найрагч Д.Урианхай,
“Хөл чинь тогорууны хөл шиг л чүүцийж дээ,
Хөрслөг гэгээн царай чинь сүүдэр амсаж дээ,
Хөөрхөн бүтсэн яргай мах чинь ч
Зулын тос шиг хорж дээ
Амьдрал ийм л юм даа, хөөрхий минь
Алтан гургалдайн хоолой ч сөөдөг л юм гэсэн дээ
Алив, хөгшин минь, хөлөө нааш нь өг дөө
Аминд минь бурханаас ойр энэ хөл наддаа
Аглаг цэцгийн дэлбээнээс ч энхрийхэн харагддаг шүү!
Гар чинь намрын гоёо шиг л хорчийж дээ
Гаднаа адсага хөм шиг л үнгэлдэж дээ
Жаргалд л элэм сайхан хуруу нь ч
Жалгын сухай шиг салмайж дээ
Амьдрал ийм л юм даа, хөөрхий минь
Арслангийн хумс ч мөлдөг л юм гэсэн дээ,
Алив, хөгшин минь, гараа нааш нь өг дөө,
Алдар, гунигийн шуургыг хясаа шиг хаасан энэ гар наддаа
Ачит Дара-Эхийн мутраас ч ивээлтэй санагддаг шүү!” гэж шүлэгсэн байх аж.
Мөн яруу найрагч Р.Чойном агсан “Өвгөн хүний үг” хэмээх шүлэгтээ,
“Хар Дуламсүрэнг та нар
Хазгар чавганц л гэлцэх юм
Хазгар нь ч үнэн, чавганц нь ч үнэн
Хар царайтай нь ч үнэн л дээ, гэвч
Та нарын насан дээр Дуламсүрэн ийм
Тас хар байгаагүй юм шүү
Дун шиг цагаан царайтай
Дуран шиг хар нүдтэй
Дунд голын ногоо шиг бүсгүй
Дунийж явлаа шүү дээ, базарваань
Дуламсvрэн гэдэг чинь манийг бодвол
Дуутай бурхан, гуутай зураг
Халхын сайхан эрчүүлийн
Хажууд нь өргөсөн зул шиг байлаа
Гэнэ гэнэхэн инээд алдахад нь
Гэр дүүрэн гэгээ татах шиг
Гэрэлт цагаан шүд ярсхийж
Гэсэрийн хатан шиг авхай явлаа
Нуруу гэж нуруу, бие гэж бие
Нуманд татсан сум шиг шулуун
Нууранд хөвсөн хун шиг цэмцгэр
Нутаг цэлмэж, лус баясмаар хүнсэн
Хоёр сайхан хөл гэдэг чинь
Хоолны савх ч түүний дэргэд юу ч биш
Хотос хотос алхах нь бүжиг гэмээр
Хосгүй сайхан амьтан явсандаа Дуламсүрэн
Сайхан хүний сайхын явахыг үзнэ гэдэг
Сав ертөнцөд хүн болсоны гавъяа гэдэг
Ингэхээр би ч үздэгээ үзсэн
Ихээ азтай хүн шүү, хүүхэд минь
Яая гэх вэ цагийн эрх гэдэг
Ямар ч улсын цааз хуулиас хатуу хойно
Ялалтын туг шиг явсан Дуламсүрэн
Ялаа бээрсэн юм шиг болчихжээ
Ийм ч хүн яваагүйсэн дээ, гэвч
Ийм л болчихдог юм байна даа, хөөрхий” хэмээн аливаа хүний өтөлж хөгшрөхийн зовлонг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Зарим хүн дал, наян настай эмгэнийг залуудаа сайхан хүүхэн явсан гэхээр үнэмшдэггүй, яг одоогийн байдлаар нь төсөөлөөд байдаг. Энэ нь байгалийн жам, цагийн эрхийг ухаарч төнхдөггүй хүний л мунхаглал юм. Ямар сайндаа л нэг эрхэмээс сайхан хүүхний тухай асуухад “Одоо ид гялалзаж яваа 18-30 насны сайхан бүсгүйчүүд л сайхан хүүхэнд тооцогдоно. Харин үхэж үрэгдээд, өтөлж хөгширсөн өмнөх үеийн хүүхнүүдийг ярихын ч хэрэггүй” гэж мунхаглаж байх билээ дээ. Энэ мэтээр сайхан хүүхэн гээчийг зөвхөн одоо цагтай уялдуулан туйлширч гэмээнэ бид Алунгоо эх, Өүлэн эх, Мандухай сэцэн, нөгөө алдарт Мэрилэн Монрог ч дурсахын хэрэггүй болж, зөвхөн өдгөө амьд сэрүүн байгаа залуу охидыг л мандан бадруулж, магнайдаа шүтэх “мансуурал” бий болох нь дамжиггүй. “Хүжийн үнэр анхилуун үнэртэвч цөөн мөчийн хугацаа, хүүхэн хүн сайхан төрөвч цөөн жилийн үзэмж” гэдэг үг хэдийгээр үнэн хэдий ч сайхан төрсөн тэрхүү үзэмжийг цөөн бус олон жил өөртөө оршоож яваа эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Харамсалтай нь манай монголчууд тавин нас гаруутаа л өөрсдийгөө хөгширч гүйцлээ гээд юу юугүй өвгөн, эмгэн болгочихдог. Тэгтэл гадаадынхан тавь, жар хүрсэн ч сэтгэл зүрх нь цэл залуугаараа явдаг юм байна шүү. Үүнтэй уялдаад яруу найрагч Хулганайн Тэргэлийн,
“Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр л бичигддэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол...” гэсэн шүлэг санаанд бууж байна. Мөн энэ бүсгүй “Үзэсгэлэн гоо гэдэг нь үүлэн чөлөөний нар биш...” гэсэн өгүүлэл бичсэн байх бөгөөд товчлон сийрүүлвээс: “Биднийг бүр багад л Үүдэн шүд чинь унаад ирэхийн цагт, Үзэж харах хүнгүй болноо ай Сүнжидмаа яа хө.... гэж дуулсаар би ч хувьдаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний нар мэт дайраад өнгөрдөгт итгэсээр ирсэн хүмүүсийн нэг. Гэхдээ яг өөрөө том хүн болж амьдрал туулхуйяа үзэсгэлэн гоо гэдэг үүлэн чөлөөний нар биш гэж бодож эхлэв. Яагаад гэвэл аливаа нас бүхэнд өөрийн үзэсгэлэн гоо оршсоор байдаг агаад хэн өөртөө арчаатай байна тэр хүн үзэсгэлэн гоо төрхөө хадгалсаар л нүд унагам сайхан эмээ, өвөө хүртэл болж болдгийг би бишгүй харав. Тиймээс манай Монголчууд бид ерөнхий нэг том нийтлэг дутагдалтай улс аж. Тэр нь залуугаараа хөгширснөө гайхуулах. Дөч дөнгөж гарч байж л “Өө, одоо ч хөгширч байна ш дээ, 50 дөнгөж гарсан нь одоо удахгүй жар гарлаа ш дээ” ч гэж байх шиг. Эсвэл хөөх яасан залуу сайхан харагдах юм бэ гэж хэлүүлэх гэдэг юм уу, эсвэл энэ сайхан насаа албаар хөгшрүүлэх гэж дурладаг юм уу бүү мэд. Би хувьдаа дөч, тавь, жаран насыг бол маш сайхан нас гэж боддог. Яагаад гэвэл амьдралыг бишгүй таньж эхэлсэн бас ухаарсан нь хорьтой, гучтай хүмүүстэй харьцуулшгүй юм шүү дээ. Тэгээд ч одоо цагт биеийн тамир хөдөлгөөн, эм тариа гээд их олон зүйлийг хэрэглэж ялангуяа энэ Америкт идэр, ахмад насны хүмүүс машин барьж, дэлгүүр хоршооноос хүнсээ цуглуулж, бүхнийг болж өгвөл өөрсдөө хийх гэж оролдох. Бишгүй сайхан биеэ авч яваа нүд унагам эмээ өвөөтэй зөндөө л таарч байлаа. Тэднийг хархад надад үнэхээр сайхан баяр хөөр төрдөг. Яг л залуу сайхан бүсгүйг шохоорхон харах шиг тийм л мэдрэмж нүдээр би тэднийг хардаг. Ингээд юу хэлэх гээд байна вэ гэвэл бүхий л амьдралын туршид минь намайг, чамайг үзэсгэлэн гоо гэгч дагаж явдаг аж. Харин чи өөрөө түүнийг олж харах нь чухал юм. Бүхий л амьдралынхаа туршид гоо үзэсгэлэн гэдгийг дотроо ч гаднаа ч аргамжиж чадсан тийм сайхан хүмүүсээр би бахархнам. Бурхнаас оноосон нас бүр сайхан бөгөөд эзэн нь болсон би та хичээх аваас гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний үзэгдээд өнгөрдөг нар төдий зүйл биш юмаа...”
Хулганайн Тэргэлийн энэхүү өгүүлэмж нэгийг хэлээд байна. Тиймээс би бээр “Тавь гарсан хүүхэн” хэмээх шүлэг тэрлэж фейсбүүх хуудсандаа тавьсан юм. Манай яруу найрагчид ид цэцэглэж яваа 20-30 насны бүсгүйчүүдийг урнаар шүлэглэсэн нь тоймгүй. Харин яруу найрагч Б.Болорцэрэн, Ц.Тэмүгэ, Я.Отгонбаяр нар гуч гарсан бүсгүйн тухай шүлэг бичжээ. Мөн яруу найрагч Р.Эмүжингийн "Дөчин хоёр нас", Ж.Оюунцэцэгийн "Эмэгтэй хүний дөчин нас" гэдэг сайхан шүлэг байдгийг санаж байна. Тэгвэл яагаад “Тавь гарсан хүүхэн” гэдэг шүлэг тэрлэж болохгүй байх билээ. Тэд чинь хүүхний данснаас хасагдаагүй яваа улс. Эмгэн болох яагаа ч үгүй. Эдүгээ гуч, дөчин настай гялалзаж яваа хүүхнүүд арав, хорин жилийн дараа хүссэн хүсээгүй тавь гарна. Тэр үед бас өөрсдийнхөө ямар байж болохыг эдүгээ төсөөлөхөд гэмгүй. Яруу найрагч Д.Урианхай, Р.Чойном нар насны эрхээр өтлөхийн зовлонг шүлэглэсэн бол дээрхи найрагчид гуч, дөч, тавин настнуудад хандаж “Өтөлж хөгшрөх яагаа ч үгүй шүү, та нар сайхнаараа байна” гэж урам хайрласнаараа онцлогтой. Жишээ нь миний “Тавь гарсан хүүхэн” хэмээх шүлэг фейсбүүкт тавигдангуутаа л маш олон лайк авч, маш олноор шейрлэгдэж, бараг л Монголын фейсбүүкт рекорд тогтоохуйц хар мянган сэтгэгдэл цуглуулсан юм. Мөн гадаадын тавь гарсан топ моделиудын зураг хөрөг, тавь гарсан хүүхнүүдийн дунд зохиогдсон миссийн тэмцээний бичлэг зэрэг нь комментонд ирж хуралдан улам сонирхолтой болгосон. Түүнчлэн уг шүлгийн доод талын коментуудад бүсгүй хүний насны онцлогыг илтгэсэн олон арван шүлэг хуралдсан бөгөөд тухайлбал яруу найрагч Ж.Оюунцэцэгийн "Эмэгтэй хүний дөчин нас", Я.Отгонбаярын "Гуч хүрсэн бүсгүй", Ц.Тэмүгэгийн "Гучин хэдтэй бүсгүй", "Гучин тавны хавар", Б.Болорцэрэнгийн "Гучин нас юу юм бэ?", Р.Эмүжингийн "Дөчин хоёр нас", С.Аминагийн "Гучин насны дурлал", Ж.Батсайханы “Жаран насан дээр аархал нэмэх үг”, Оксанагийн жаран настнуудад зориулсан шүлэг, Н.Жаргалын "Дөч хүрсэн бүсгүйчүүд", Ч.Чимэдсүрэнгийн "Жаран туулсан бүсгүйчүүд" гэх мэт. Эдгээрээс заримыг нь товчлон хүргэе.
Яруу найрагч Б.Болорцэрэн “Өөдрөг мөрт” хэмээх шүлэгтээ,
“Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр
Үзээгүй эрчүүд, эдлээгүй жаргалыг
Өөрийн болгож амжаагүй байхад
Үхэх хаа ч байсан юм
Өнөөдрөөс л амьдрал эхэлж байна
Ахиад алдахад нас залуу байна
Амжих дурлахад намба эртдэж байна
Үймүүлж болох гоё цаг ирж байна
Үүсгэж болох гоё боломж олдож байна
Өнгөрүүлсэн амьдралдаа би мөрөөдөж сурсан
Өнөөдрөөс биелнэ ямар ч эрсдэлгүйгээр
Өөрийн ирээдүйг би зохион бүтээсэн
Өнөөдрөөс туршина ямар ч хохиролгүйгээр
Хамгийн өндөрт үйлдсэн нислэг минь амжилттай болж
Харсан эрийнхээ зүрхэн дээр би шүхрээ задлана
Онож буусан газрын зөөлөн хатуу нь хамаагүй ээ
Олон дурлалд өвдөлт төдийхөн юу ч биш
Сэтгэлд минь овор алга би залуу байна
Шинэхэн дурлал сэдэхийг бодоход би ануухан байна
Янаг дэмий гэж үү би эсэргүүцэж байна
Яасан гоё гээч та нар мэдэхгүй л байна
Өр зүрхэнд минь дурлах шалтгаан нэмж
Өнөөдрийн дотор хичнээн хүү төрөө бол
Үүнийх нь тоогоор би улам залуужсаар байхад
Өргөн дэлхийд болзох газар олдохдоо л олдоно
Өөр надад юу хэрэгтэй гэж
Нас бол тоо юм
Өчнөөн жилийн хойно ч би дурлачихсан л явна
Амьдрал болоод үхэл амраг хөвгүүдийнхээ хэнд ч
Авь адилхан хайраа би түгээх л болно хүртээх л болно
Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр...” гэж өгүүлжээ.
Колумбын нэрт зохиолч, елийн шагналтан Габриел Гарсиа Маркес “Бид хөгшрөхөөрөө дурлахаа больдог юм биш, харин дурлахаа больсоноор л амархан хөгширдөг” гэж хэлсэн байх бөгөөд түүний энэхүү гоц санаа алдарт “Зуун жилийн гарцаардал” романд нь тусгалаа олсон байдаг. Үүн лүгээ найрагч бүсгүй Болорцэрэн “Гучин нас юу юм бэ, дахиад дурлана” гэж байна.
Мөн найрагч бүсгүй С.Амина “Гучин таван насны дурлал” хэмээх шүлэгтээ,
“Харин ч би дахин дахин дурлана
Ханахгүй бүр хэдэн ч удаа дурлана
Хаврын яргуй шиг шинэхэн дэлбээлж дурлана
Ханагар цээжинд чинь эрхлэн дурлана
Хайрын үнсэлтэнд шунан дурлана
Ховдолд зүрхээ шаттал дурлана
Хүүхэн биеэ цэнгүүлж дурлана
Арван наймт мэт гэрэвшихгүй
Алиахан аашаар сээтэгнэхгүй
Хаврын тэнгэр мэт хувирахгүй
Хайр нэхсэн байтлаа тунихгүй ээ
Уярч мэлмэрч уйлахгүй
Учрыг нь мэдэхгүй хардахгүй
Хатуу үгэнд гомдохгүй
Холдохын араас харамсахгүй ээ
Далайн давалгаа адил цалгиж дурлана
Долоон бурхан шиг гялалзаж дурлана
Усны урсгалыг мяралзтал дурлана
Үүлтэй тэнгэрийг цэлмэтэл дурлана
Яадаг юм бэ би дурлана
Яршиг удаагүй жаргал үгүйлж байгаа хойно
Цэцэгийн дэлбээ адил өнгө гоёж дурлана
Цэнгэн мансуурч жарган дурлана…” гэх мэтээр тунхаглажээ.
Мөн сүүлийн үед тун сүрхий шүлэглээд буй яруу найрагч Ц.Тэмүгэ “Гучин хэдтэй бүсгүй” хэмээх шүлэгтээ,
“Бүсгүй би гучин хэд хүрлээ
Бүдэгхэн зураас зовхины дор нэг л мэдэхэд гарч дээ
Бүгдэд үл анзаарагдах биз ээ
Намайг шохоорхохгүй өнгөрч чадахгүй ээ гэж
Бардамнах час улаан сарнай шиг насаа сэм үдсэн ч
Нартын тоосонд гундаж амжаагүй яваа эгэлхэн ягаан сарнай шүү би...
Бүсгүй би гучин хэд хүрлээ ч
Бүтээх хүсэл, хонгорхон зан, наалинхай ааш минь яг л хэвээрээ
Омголон цэл залуу насаа гэж танаар би бардамнахгүй ч
Огших халуун зүрх минь цоо шинээр дурлаж хайрламаар байна...
Бүсгүй би гучин хэд хүрлээ ч
Бүжиглэж, дуулж, бүтээж, бүр шинээр амьдармаар байна
Бүүвэйн дуу аялаж намбалагхан бас явмаар байна
Бүрэн уншиж амжаагүй байгаа дэлгээтэй ном шиг нас минь ээ...” гэж өгүүлжээ.
Эмэгтэй хүний гучин хэдэн нас бол үнэхээр л бүрэн уншиж амжаагүй дэлгээтэй ном юм. Харин энэхүү “ном”-ыг хэрхэн гамтай, хэрхэн сонирхож “унших” нь эр хүний хайр халамжаас шалтгаална. Тэр уншиж буй эр хүн нь гуч гарсан “ном”-ыг хэрхэн үнэлж дүгнэдэг тухай яруу найрагч Я.Отгонбаяр шүлэглэхдээ,
“Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг
Гунхаж явахыг нь харахад өөртөө дэндүү итгэлтэй
Сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай
Санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй
Нүүр дүүрэн мишээх нь Монгол бүсгүйн донжтой
Нүд, сормуус хөмсөг нь уран галбирлаг шидтэй
ГҮйцэд болсон жимс шиг амталж үзмээр хүсэлтэй
Гүйцмэл уран тансаг Дарь эхийн бүрэлбаатай
Аливаа юмыг тунгаах нь цэцэн бэрийн шинжтэй
Алхаж гишгэх нь хүртэл зүрх гижигдэх намбатай
Алдаж онохын дэнсэнд аз дагуулах увидастай
Аавын хүүгийн сэтгэлийг дааж чадах итгэлтэй
Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг
Гуниг үгүй харцанд нь хайрын оч бадраастай
Мөнгөн сарны туяанд болзоонд зогсох нь уянгатай
Монгол бүсгүйн үзэсгэлэн дэлхийн энтэй үзэмж ээ...” гэж дээдэлжээ. За тэгэж байтал гучин нас маань урсан одож дөчин насны босгыг алхаад ирмэгцээ эмэгтэй хүн улам төгөлдөржсөн байх жишээтэй.
Энэ тухай яруу найрагч Ж.Оюунцэцэг шүлэглэхдээ,
“Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Эгчдэх ч үгүй, дүүдэх ч үгүй сайхан нас юм
Салаа бүр нь нахиалсан ургаж гүйцсэн хус шиг
Залаа бүхэн нь дүүрэн уурагшиж идээшсэн самар шиг
Өнгө өнгө нь найрссан алтан зул цэцэг шиг
Мэнгэ толбо нь тодорсон арван тавны сар шиг
Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ихдэх ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм
Амт шүүс нь чивчирсэн арван сарын аньс шиг
Арз хорзоос авсан амттаны дээж нэрмэл шиг
Агаар салхи шингэсэн намрын шар айраг шиг
Арзгар хорзгор нь арилсан усны гүний чулуу шиг
Ай даа, энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ахдах ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм
Танихгүй хүнийг ч гэсэн тавхан үгнээс нь таниад
Тааралдсан атаачийн сугсраанд сөхөрч өгдөгөө болиод
Уул талын өндөрийг ч нүдээрээ багцаалаад
Уусан гурван хундагандаа согтож унадагаа татаад
Яая даа гэсэн энэ дөчин нас бүсгүй хүнд
Яг таарсан, хүнддэх ч үгүй, хөнгөдөх ч үгүй нас юм.
Арга билгийн мөрөөдөл үр хүүхэд нь өсөөд
Ар өврийн “хормойгоо” ээлжилж нөхдөгөө болиод
Алт, гууль хоёрынх нь жин тун тэнцээд
Авхаалж хийморь нь жигдрэн ухаан намба болоод
Ай даа, бүсгүй хүний дөчин нас
Найраг шүлгийн утга төгс дөрвөн мөр
Ай даа, бүсгүй хүний дөчин нас
Намар, өвөл, хавар, зунтай дөрвөн цаг” хэмээн үнэнхүү галтай цогтой урсгасан байх аж.
Мөн энэ жил дөчин насны босгыг алхаж буй Хөвсгөл нутгийн найрагч бүсгүй Б.Нямжаргал шүлэглэхдээ,
“...Дөч хүрсэн бүсгүй цоглог болоод өнгөлөг
Дөрвөн улирлын алинд чиг эрхэмсэг бөгөөд ганган
Наргиж цэнгэж суухад сэтгэл татам энхрий
Насны андаа болгоход найрсаг хийгээд түшигтэй
Үгэнд нь ухаарал оршсон
Үйлэнд нь ур шингэсэн
Дөч гарсан бүсгүй өөдрөг хийгээд золбоотой
Дөлгөөн тайван ааль нь дэргэд нь үлдмээр баясалтай
Ялдам хонгор төрх нь бишрэн дурламаар шидтэй
Янаг хайрын сэтгэл нь итгэлээ өгмөөр хүчтэй
Энгэрээс нь намба үнэртсэн
Энэрэлд нь хорвоо зөөлөрсөн
Дөч гарсан бүсгүй ханилан суухад халамжтай
Дөрөө даах насанд чиг нүд унагах үзэсгэлэнтэй
Барьсан цайных нь амтанд уруул хүртэл дурлаастай
Багын хонгор төрх нь цангинах инээдэнд шингээстэй
Дөч хүрсэн бүсгүйчүүд өнгөлөг бөгөөд өөдрөг өө” хэмээн өөртөө улам итгэл, хүч, ид шид хайрласан байх аж.
Харин яруу найрагч Р.Эмүжин “Дөчин хоёр нас” хэмээх шүлэгтээ эргэн дурсах, эргэцүүлэн бодох ухаарлыг шингээжээ.
“Намрын тэнгэрийг ганзагалсаар дөчин хоёр нас минь ирэхэд
Надаас явсан бүхэн хаалга тогших шиг санагдана.
Омог бардам зан минь оддын гэрэлд тэмүүлэх тоолон
Охорхон энэ амьдралыг огшиж туулмаар бодогдоно.
Намрын нарыг зуусаар дөчин хоёр нас минь ирэхэд
Намайг ухаажсан гэдгийг учрал бүхэн сануулна
Гэнэн байхдаа сайхан гэгээн залуу насаа
Гэртээ мартаад гарсан тоглоом мэт үгүйлнэ
Намрын салхийг дагуулсаар дөчин хоёр нас минь ирэхэд
Нарсан төгөлд үлдээсэн гэрэлт дурлалаа санагалзана
Навчсын гандуу өнгө зүрхэн дундуур минь шаргалтахад
Надаас залуухан нэгэнд галтай үгсийг үлдээнэ
Намрын шувуудыг хөллөсөөр дөчин хоёр нас минь ирэхэд
Насан бага үрсээсээ өөрийнхөө араншинг харна
Намхан толгодын дээгүүр дүүрэн саран хөөрөхөд
Найрын дууны нугачаанд элэгдэж суумаар сэмэрнэ.
Намрын хярууг үргээсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Надад байгаа бүхэн аз жаргал болохыг танина.
Агсам морьдоо цулбуурдаж, жолоо татахыг хүсэвч
Алсын өндөр уулсын агаарыг амьсгалахаар шунана.
Намрын гуниг сэвэлзүүлсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Надтай хамт цахилан буй цаг хугацааг илүүтэй ойлгоно.
Өндөр газрын цэцэгсийг аргадан өглөө бүр наран мандахад
Өнө мөнхийн юм гэж хэзээ ч байдаггүйг мэднэ.
Намрын бороонд жиндсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Нартад ганцхан л амьдрахаа гэгэлзэнхэн байж ухаарна.
Ээжтэйгээ адил элгэмсүү, аавтайгаа адил аядуу гэдгээ мэдэрч
Элээгээд дуусах энэхэн амьдралыг эвлүүлж туулахаар яарна...” хэмээн догдолжээ.
Үүний хойноос тавин нас яах аргагүй залгаж таарна. Гэвч ийм насны хүүхнүүдэд зориулсан шүлэг ер байдаггүй юм байна. Харин жар, далан настнуудад бол “Ээжийн бор аяга”, “Настан буурал эмээ”-гээс эхлээд өчнөөн олон шүлэг, дуу зориулагдсан байдаг. Тавь гарсан хүүхнүүд бол хэдийгээр эмээ болсон ч эмгэн болох яагаа ч үгүй, бас ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн ээжийн бор аяга тэврээд суух арай л болоогүй, ухаандаа эмгэн, бүсгүй хоёрын завсрын нас юм байна. Тийм учраас би бээр тавь гарсан цоглог хүүхнүүдийг тандан судалж байгаад ийм нэгэн шүлэг тэрлэсэн билээ.
“Тавь гарсан хүүхэн цаанаа л нэг тааламжтай
Танилцаад хууч хөөрөлдвөөс таван үг нь нийлэмжтэй
Тавилан заяаны эрхээр таалсан эрдээ халамжтай
Танхи ялдам насных нь туулсан амьдрал ханамжтай
Элдэв үүлэн борооны этгээд гаж зуршилгүй
Исэглэн танхай дарсанд эргэж донтох дуршилгүй
Ихэмсэг, бардам, омоглон, эсэн бусын харшилгүй
Эрсхэн тулаад танилцахад иймээ тиймээ оршилгүй
Усанд загас наадуулах унаган тамир нь хэвээрээ
Ужид цэнгэлийн тэчъяадал нь урьдын адил янзаараа
Усгал зөөлөн ааль нь улам дотогш янагаараа
Уяран догдолж талимаарах нь угаас ялдам төрхөөрөө
Халуун залуу насны хайрын шүлгийн бадагтай
Халгилж булгилсан сэтгэлийн хат суусан жудагтай
Хөнгөн хөгжмийн аялгуунд хөл нийлэх нь урамтай
Хөнжил юундаа ороод хүслээ хангах нь журамтай
Оройтож төрөхгүй яав даа гэж он цагийг зүхээгүй
Овор живэр суулаа гэж орчин үедээ туниагүй
Ориг сайхан биен дээрээ элдвийн засал хийлгээ ч үгүй
Ойрын гучин жилдээ эмгэн болох яагаа ч үгүй
Тавь гарсан хүүхэн цаанаа л нэг тааламжтай
Танилцаад хууч хөөрөлдвөөс таван үг нь нийлэмжтэй
Тавилан заяаны эрхээр таалсан эрдээ халамжтай
Танхи ялдам насных нь туулсан амьдрал ханамжтай...”
Нөгөө хар мянган сэтгэгдэл цуглуулсан зартай шүлэг чинь энэ шүү дээ. Энэхүү шүлгийг уншсан ахимаг насны хэд хэдэн эмэгтэй “Жар гарсан хүүхэн” гэдэг шүлэг бичиж өгөөч гэж над руу “чаталсан” боловч хариуд нь би “Жар гарсан хүүхэн гэхээр сэтгэлд арай л буухгүй байна. Ээжийн бор аяга л харагдаад байна” гэж үнэнийг өчсөн. Тэгтэл ч надтай надгүй Чимэдцэрэн хэмээх эмэгтэй “Жаранг туулсан бүсгүйчүүд” хэмээх шүлэг тэрлээд миний нөгөө “Тавь гарсан хүүхэн” шүлгийн комментонд авчраад тавьчихсан байлаа.
“Жаранг туулсан бүсгүйчүүд
Жаахан хөгшрөө л биз яадаг юм
Жаргалыг эдлэх нь багадахгүй ээ
Зовлонг тэд чинь туулсан шүү
Анхны хайрын болзоонд
Ам бардуулж хайранд цэцэглэсэн
Ая засуулж, хөл алдуулсан
Амрагхан жаахан эрвээхий байсан даа
Хайрын хорвоог хослон туулсан
Ханийн сайхан гэргий л байсан даа
Хонгорхон үрдээ бүүвэй аялсан
Хосгүй сайхан ижий л байсан даа
Гэргий нэрээ үнэнчээр хадгалсан
Гэрэлт орчлонгийн чимэг нь л байсан даа
Гэгэлгэн сэтгэл алдуурахад
Гэртээ л үлдсэн хань л байсан даа
Ханиа дээдэлж хажууд нь цайлсан
Хатан ухаант гэргий л байсан даа
Хатуу бүхнийг уяраан зөөллөсөн
Халамжаар дэлгэрсэн бүсгүй л байсан даа
Залуу сайхан нас хагдарсан ч гэлээ
Зааж сургах нь дэндсэн багш болжээ
Зам, жамыг туулсан гэсэндээ
Залуучуудад үлгэртэй эрдэмтэд болж дээ
Ануухан өтөлж яваа тэднийг
Амьдрал нугалж дийлэхээ өнгөрсөөн
Аядуухан сэтгэлийн хойморт
Ач гучтайгаа дэлгэрч суугаа даа
Нарны голтойд амжуулчих гэсэндээ
Намрын хяруутай алдрайхан л шүү дээ
Найраг, дуунд уяран бүжсэн ч гэлээ
Насны намбатай эмээ л шүү дээ
Жаранг туулсан бүсгүйчүүд
Жаахан л хөгшрөө биз яадаг юм
Жаргалыг эдлэх нь багадахгүй ээ
Зовлонг тэд чинь туулсан л шүү дээ...” гэх жишээтэй. Мөн П.Долгормаа хэмээх бүсгүй “Эмэгтэй хүний нас насанд тааруулж шүлэг бичих амар биш ээ. Ингэж нас насанд зориулж шүлэг тэрлэсэн найрагчидддаа баярлалаа. Харин жар, далан насанд таарсан шүлэггүй эмээ болох нь гэж битгий зовцгоо. Жар, дал байтугай насалчихаад жавхаатай сайхан хэвээрээ, тэнгэрийн дээд гэмээр сайхан буурлууд олон байдаг шүү дээ” гэсэн урам хайрлаад яруу найрагч нөхөр Ж.Батсайханыхаа бичсэн “Сайхан хүүхэн хэзээ ч сайхнаараа” гэдэг шүлгийг илгээсэн байв.
“Эрчүүдийг араасаа хуйлруулаад
Эрвэлзэж явснаараа
Эх орныхоо гүүр болоод
Дэрвэлзэж явснаараа
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Эр нөхөртөө эрхлэн ямбалаад
Эхэмсэгхэн явснаараа
Үр хүүхдээ өсгөн намбайгаад
Инээмсэглэж явснаараа
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Будаг шунхаар гоодож
Царайгаа нуулгүй явснаараа
Жудаг намба алдаж
Чанараа гээлгүй байснаараа
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Үйлийн үргүй сайхан хүүхнийг
Үрчлээ торлохгүй тойрдог юмуу?
Үнэн цайлган хөөрхөн түүний
Үс нь ч цайхгүй тормойдог юмуу?
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Алхаа гишгээ нь хөнгөн шингэнээрээ
Арай өөрөөр бурхан хардаг ч юмуу?
Нүгэл шүглээс холуур явахаараа
Нүүрнийх нь буян тогтдог ч юмуу?
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа... сайхнаараа байдаг аа...” гэж өгүүлжээ.
Хорь, гучин насандаа хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн хамаг л сайхан бал бурмыг ханатал амсаж, тэгээд дөч, тавин насандаа төгөлдөржин цэвэршиж, цаашлаад жаран насыг зооглоод, дал, ная, ер, зуу хүртлээ дурсамж дүүрэн амьдрах нигууртай хүмүүний амьдрал агуу юмаа. Тиймээс өдгөө ид цэцэглэн буй залуу сайхан охид, бүсгүйчүүдэд зориулж найрагч Д.Ганзоригийн тэрлэсэн,
“Бүсгүй минь чи бүү гунигла
Булбарай царайгаа бүү гундаа
Хасын царайнд чинь үрчлээ ирээд үүрлэчихнэ
Халуун сэтгэлд чинь жавар хургаад хоргодчихно
Онгон зүрх чинь хайраар бялхахаа болино
Омголон насны гэгээн хайраа мартчихна
Үеийн охидтой цэцэг шиг гунхахаа болино
Үдшийн болзоонд сэтгэл догдлохоо умартчихна
Хархан нүднээс чинь хайр гэрэлтэхээ болино
Харин оронд нь нулимс нэрдэг болчихно...” гэсэн шүлгийг цацал болгох ялдамд найрагч бүсгүй Р.Сайхан-Уулын тэрлэсэн,
“Эгээ л зун шиг
Элдэвтэй инээд шиг
Эрх хонгор шиг
Эрхэмсэх ертөнц шиг
Гоо үзэсгэлэн гунддаггүй бол гоёхоноо
Гуниггүй цэгээн тагтаа мэт шунгасаар дуусдаг бол сайхнаа...” хэмээсэн өөдрөг тэнүүн санаашилаар “ч, дөч, тавин настнуудад зориулсан гудиггүй танхай аялгуу”-гаа өндөрлөе.
Тэмдэглэсэн Б.Ойдов
Зочин · 2016/04/21
Дажгүй нийтлэл байна. Харин бусдын бичсэнийг доромжлон гутаадаг нөгөөө гаж донтнууд харин энд орж ирээгүй бололтой.
Зочин · 2016/04/21
Тун ч их таалагдав
Зочин · 2015/12/04
Сайхан нийтлэл байлаа.