А.АКЭРКЭ

Хичээл сургууль эхлээд сар орчим хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь, оюутнууд нийтийн тээврээр хэрхэн зорчих асуудал нь шийдэгдэхгүй байсаар өдийг хүрч, маргаан дагуулсан асуудал хэвээр байгаа юм.

Өмнө нь, Боловсролын тухай хуулийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12.2 дахь заалт, 2010 онд гаргасан НИТХ-ын 6/51 дүгээр тогтоолын дагуу БСШУЯ-ны баталсан тоогоор  МОХ нийтийн тээврийн хэрэгслээр ажлын өдрүүдэд цаг чиглэл харгалзахгүйгээр зорчих эрх бүхий смарт картны захиалга түгээлтийн ажлыг их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутны холбоо, зөвлөлөөр дамжуулан зохион байгуулж ирсэн. Оюутнууд тус смарт картыг захиалахдаа нийтийн тээврийн хэрэгслээр хоёроос дээш удаа дамжин суудгаа оршин суугаа газрын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний хуулбараар нотолж, хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлэн үнэ төлбөргүй зорчдог байсан. Гэвч нийтийн тээврийн хэрэгсэлд шинэчлэл хийгдэн, U money буюу цахимаар төлбөрөө хийж иргэд автобусанд зорчих болсон нь оюутнуудад хүндрэл учруулах  болсон. Тодруулбал, дээрх шинэ системийг нэвтрүүлж буй гэх шалтгаанаар нийтийн тээврийн хэрэгслээр смарт картаа үзүүлэн үнэ төлбөргүй зорчих байсан 113 мянган оюутан өөрсдөө төлбөрөө төлөн зорчих болсон.

Түүгээр ч барахгүй хэвлэгдэн бэлэн болсон смарт карт нь хэдхэн хоногийн өмнө тараагдаж эхэлсэн ч ямар ч хэрэгцээгүй болохыг нь нийтийн тээврээр зорчих гэж яваад картаа хураалгасан оюутнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Үүнээс улбаатайгаар бидний асуудлыг хэн шийдвэрлэх вэ, шийдвэрлэх арга замыг хэр удаан судлах вэ гэдэг асуултыг өнгөрсөн хугацаанд оюутнууд холбогдох албан байгууллага бүрт тавьж ирсэн. 

Тэгвэл НИТХ-ын 2010 оны 6/51 дугаар тогтоолыг өөрчилж байгаатай холбогдуулан нийслэл хотод байрлаж буй их, дээд сургуулиудын нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутнуудад цахим төлбөрийн карт олгох бүртгэл, олголтын ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан зохион байгуулахаар болсон байна. Тиймээс их, дээд сургуулиудын захиргаанд энэхүү ажлыг хэрхэн зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хүртэл хүргүүлжээ. 

Энэхүү мэдээллээр бол их, дээд сургууль, коллежуудын нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай өдрөөр суралцаж байгаа оюутнууд хорооны тодорхойлолт, оюутны болон иргэний үнэм­лэх­ний хуулбар, сургуульд элсэн орсон БСШУЯ-наас олгосон томилолт, “Цахим төлбөрийн карт”-ын үнэ болох 3600 төгрөгийг УБСКК-ийн Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкнаас өгсөн дансанд тушааж баримтаа хавсаргах, мэдүүлгийн хуудсыг үнэн зөв бөглөн баталгаажуулаад сургуулийнхаа сургалтын албанд хүлээлгэн өгөх ёстой болж таарч байна. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” захиалах эрхтэй болох юм байх. 

Бүр тодруулбал, тухайн оюутан түр болон үндсэн оршин суугаа хороо, амьдарч буй оюутны байрнаасаа тодорхойлолт авах ёстой болж байна. Харин яамнаас олгосон томилолтын хуулбарыг сургуулийнхаа захиргаанаас авах нь. Мэдүүлгийн хуудсыг өөрийн гараар бичсэн байх ёстой бөгөөд дээрх материалууд дээр нэмээд төлбөр төлсөн баримтаа хавсаргах хэрэгтэй болж буй юм. Гэхдээ бүх оюутны мэдүүлгийг авахгүй юм байна. Учир нь, БСШУЯ-наас олгосон томилолтын хуудасгүй оюутнууд хамрагдахгүй бөгөөд энэ нь бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудад ч хамаатай аж.  

Харин их,  дээд сургуулиудын сургалтын алба тухайн оюутны мэдүүлгийг нь үнэн зөв бөглөснийг нь хянаж үзээд БСШУЯ-наас ирүүлсэн хяналтын тоонд багтаан нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутнуудын мэдүүлэг, судалгааг нэгтгэн ирэх сарын 1-ны дотор нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх үүрэг авчээ. Сургуулиудаас ирүүлсэн материалуудыг нийслэлийн Боловсролын газар хянаж үзээд шаардлага хангасан оюутнуудын “Цахим төлбөрийн карт”-ыг сургуулиудад нь нэгдсэн байдлаар хүргүүлэх гэнэ.
 БСШУЯ их, дээд сургуулийн нийтийн тээврээр зорчих оюутнуудын хяналтын тоог батлахдаа 86 сургуулийг хамруулсан ч, сургууль бүрийн нийтийн тээврээр зорчих хяналтын тоо нь өөр өөр байгаа юм. Тухайлбал, МУИС-ийн 22514 оюутны 10500, нь ШУТИС-ийн 23110 оюутны 14000, МУБИС-ийн 12128 оюутны 5350 оюутан нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчих эрхтэй болох нь. Гэвч зарим сургуулийн оюутнуудын үнэмлэх гараагүй гэх мэтчилэнгээс авахуулаад асуудал мундахгүй байгаа гэнэ. Харин энэ асуудлыг шийдвэрлэхээр оюутнуудаа дагуулж ирээд суулт зарлаад байсан Монголын оюутны холбооных нь таг чиг. Нүдэн балай, чих нь дүлий мэт байсаар л. Ердөө “Оюутан та одоогийн мөрдөгдөж буй хууль, журмын дагуу “Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй”” гэж ирээд Авто тээврийн тухай хуулийн 12,2 дахь заалт, Боловсролын туай хуулийн 43.2.5 дахь заалтыг тус тус сайт дээрээ байршуулснаас өөр онцын ажил хийхгүй байгаад оюутнууд бухимдалтай байна. Ямартай ч асуудал энэ мэтээр шийгдэх нь тодорхой боллоо. Сургуулиудын сургалтын албаныхан нь ямар нэгэн будлиан хутгахгүй л бол шүү дээ. 
Эх сурвалж: www.assa.mn