Өнөөгийн ертөнцөд ардчилал, нийгмийн дэвшил хөгжлийн нэг гол улс орон болсон АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жилийн настай ч эдүгээ хүртэл мөрдөгдсөөр хүн төрөлхтний эрх зүйн онол сэтгэлгээ, Үндсэн хуульт ёсны нэгэн жишиг, үлгэр дуурайл болж байдаг.

Их Британийн эзэнт гүрнээс бүрмөсөн өрх тусгаарлаж Ерөнхийлөгч Ж.Вашингтоны санаачилгаар 1787 онд нэгдсэн улсын Үндсэн хуулийг баталжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1791 онд холбооны улс, мужуудад Үндсэн хуулийг батлах үедээ амласан ёсоор бие даасан байдлыг нь баталгаажуулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан нь уг Үндсэн хуулийн анхны арван нэмэлт өөрчлөлт болжээ. Дараагийн арван хоёр нэмэлт өөрчлөлтийг 1798-1946 оны хооронд оруулсан байна. Гэхдээ эдгээр өөрчлөлт нь АНУ-ын ардчилсан төр засгийн тогтолцооны үндсийг хөндөөгүй бөгөөд холбооны засаглалын бат бөхийн тулд л хийсэн өөрчлөлт байжээ. АНУ-ын төрийн эрх мэдлийг Конгресс (хууль тогтоох), Ерөнхийлөгч (гүйцэтгэх), дээд шүүх (шүүх)-д хуваарилсан Үндсэн хуулийн хяналтын үр нөлөөтэй тогтолцоо бүрдүүлсэн, хүний эрх, эрх чөлөөний баталгааг бүрдүүлж хуульчилсан зэрэг нь 200 гаруй жилийн турш нэгдсэн улсын төр, засгийн тогтвортой байдал, нийгмийн дэвшил хөгжлийн баталгаа болсоор байна.Франц улсын Үндсэн хуулийн шинэтгэл, ялангуяа 1946, 1958 онд Үндсэн хуулийг өөрчлөн засах механизм онол, арга зүйн хувьд сонирхолтой, сургамжтай юм. 1946 онд Үндсэн хуулийг өөрчлөхдөө: а. Үндэсний Ассамблей (Бүгд найрамдах улсын парламентын бүх нийтийн сонгуулиар байгуулагддаг танхим. Д.Л.) дангаар гишүүдийнхээ үнэмлэхүй олонхын санал тогтоолоор өөрчлөн засах зарчмыг шийдвэрлүүлж дараа нь сайхь тогтоол Улсын зөвлөлөөр (парламентын шууд бус сонгогдох танхим. Д.Л.) мөн адил нөхцөлөөр батлагдах; б. Нэгэнт батлагдах бол төрийн хуультай адил журмаар парламентын хоёр танхим Үндсэн хуулийн шинэтгэлийг боловсруулах; в. Хэрэв энэхүү шинэтгэлийн төсөл ердийн олонхоор батлагдвал бүх нийтийн санал асуулгад оруулах; Энэхүү нарийн түвэгтэй механизм нь Үндсэн хуулийг хэн нэгний дур зоргоор, эсхүл “Гудамжны хэрүүл шуугианаар” бус харин зөвхөн хууль тогтоогчид жинхэнэ ардчиллын арга хэрэгслээр (олонхоор, олон нийтийн оролцоо буюу санал асуулгад тулгуурлах) л өөрчлөх ёстойг харуулсан жишээ юм. Ер нь засаглагчдын эрх мэдэл, түүний хуваарилалтын зохицуулалтыг явцуу ашиг сонирхолдоо нийцүүлэх гэсэн санаархал, оролдлого л Үндсэн хуулийн тогтвортой байдлыг алдагдуулах нэг гол учир шалтгаан болдог байна. Яагаад Үндсэн хууль улсын гол хууль байдаг, яагаад Үндсэн хууль тогтвортой, холч байх ёстой вэ? Үндсэн хуулийн шинэтгэлийн тогтолцоо, механизм ямар байх ёстой? зэрэг нь эдүгээ ардчилсан төрийн тогтолцооны хөгжлийн онол, арга зүйн яахын аргагүй тулгар асуудал юм. Учир нь 1990-ээд оноос дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан либерал ардчилсан үзэл баримтлалын шинэ давалгааны улмаас Үндсэн хуульт уламжлалт ёсны онол, ардчилсан олон орны Үндсэн хуульт төрийн тогтолцоо “баруун”, “зүүний” талынхны шүүмжлэл маргааны нэг сэдэв болж байна. Үндсэн хуулиар ардчилсан төрийн байгууламжийн тогтолцоо, түүний үндсэн зарчмыг баталгаажуулдаг, тийм учраас Үндсэн хуулиараа оролдох нь төр улсын тогтвортой байдалд хортойгоор нөлөөлөх уршигтай гэж үзэж байхад зарим либералууд (тухайлбал бидний танил М.Дюверже нар) Үндсэн хуульт парламентат ёсны үнэт зүйл болох эрх мэдэл хуваарилалтын тэнцвэржүүлэлт болон харилцан хяналтын механизм өнөөдөр олонх орны Үндсэн хуульд зөвхөн “байх ёстой”-н хүрээнд, заримдаа тунхаглалын зүйл төдий байгааг Үндсэн хуулийн шинэтгэлийг нөхцөлдүүлж болох шалтгаан гэж үзэж байх жишээтэй. “Дэлхий дахинд өнөөдөр тогтож буй парламентын дэглэмүүд тэнцвэргүй ажээ. Заримд нь парламент давамгайлж байхад, нөгөөд нь засгийн газар ноёрхдог жишээтэй”. (М.Дюверже. “Улс төрийн байгууламж”.163 дахь талд) Хуулиудыг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах тогтолцооны асуудал ч ихээхэн маргаантай асуудлын нэг хэвээр байна. Гэхдээ л Үндсэн хуулийн тогтвортой байдал нь төр нийгмийн тогтвортой байдлын нэг баталгаа, үндэс гэх үзэл санаа давамгайлах хандлагатайг онцлон тэмдэглэе. Б.Чимид, Ж.Амарсанаа, Н.Жанцан зэрэг Монголын эрдэмтэн, судлаачид Үндсэн хуульд “элдэв шалтаг, шалтгаанаар” гар дүрэхийг ихэд цээрлэн цэрвэсэн үзэл санаатай байдгийг би бээр либерал ардчилсан төрийн тогтолцоог зүгшрүүлэх, зорилгод нийцсэн хандлага хэмээн дэмждэг. Эхний ээлжид Үндсэн хуулийнхаа оршил болоод 70 зүйлийн хэсэг нэг бүр, үг өгүүлбэр болгоныг нэг бүрчлэн утгыг нь нээж ойлгосноор Үндсэн хууль үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг олж мэднэ.

Ингэснээр ямар зүйл, хэсгийг нь өөрчилж шинэчлэх вэ гэдэг хариулт гарах юм. Засаглалын тогтолцоо буюу төрийн удирдлагын хэлбэр зэрэг (Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, эсхүл Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимаа бүрдүүлж, парламентын сонгууль зарладаг парламентын сонгодог засаглал руу шилжье, парламентын гишүүдийн тоог нэмэх замаар хоёр танхимт парламентат ёсыг төлөвшүүлье, яамдын нэр, тоо, сонгуулийн холимог тогтолцоог зааж өгье гэх зэрэг) нэлээн том шинэчлэлийн тухай саналуудыг ярихаасаа өмнө 2000 онд хэл амтай оруулсан долоон өөрчлөлтийг хэрхэх, төрийн эрх мэдэл хуваарилалтын гажуудлыг яаж засах тухай асуудал л тулгамдсан зорилт юм. Үндсэн хуулийн оршилд, Монголын ард түмэн бид .... гэж эхэлдэг нь санамсаргүй зүйл биш. “Монгол Улсын шинэ Үндсэн хууль бол үндэснийхээ оюуны чадавхид түшиглэн, бодит нөхцөлөө харгалзан уламжлал шинэчлэлийн жам ёсыг тусгасан үзэл баримтлал бүхий манай ард түмний өөрсдийнх нь бүтээл туурвил мөн.” (Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал сэдэвт бага хурал”. 2005) Улс орны хөгжлийн явц, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалж Үндсэн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий болдог. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн жаран найм, жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг зохицуулж өгсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хязгаар болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох нөхцөлийг, хууль санаачлагч өөрийн хүслээр хуулийн төслийн бичвэр өргөн барих биш, харин төрийн гол хууль санаачлах өндөр шаардлагыг хангах хэмжээнд асуудлыг нягтлан боловсруулах ёстойг, мөн Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ ердийн хууль хэлэлцдэг дэгийг баримтлахгүй байхыг хуульчилж өгснөөрөө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн онцлог, ач холбогдол оршиж байгаа юм. Үндсэн хуулийн гол архитектор Б.Чимид багшийн “Үндсэн хууль өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад: Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй.

Харин төрийн байгууламжийн тогтолцоо, түүний зарчмын суурь асуудлын хувьд Үндсэн хуулиар оролдох нь төр, улсын амьдралд хор хохирол учруулж болзошгүй байдаг. Учир нь Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш, харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан, зүйл бүр нь авцалдаатай суурь хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулав. Иймд юу юугүй өөрчлөхийн оронд хохирол багатай буюу хор хөнөөлгүй арга замыг олох хэрэгтэй байдаг. Үүний тул түүний үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий ойлгож хэрэгжүүлэх, нарийвчилсан зөв тодорхой, Үндсэн хуульчилсан (органик) хууль, ердийн хууль, дэгээр (стандарт) оролдох нь зөв байдаг. Энэ бол олон улс оронд нотлогдсон зүйл болох нь маргаангүй. Юм л бол Үндсэн хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журамчлага (процедур) шиг ойлгож гоочилдгоо болих цаг болсон”. (Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” УБ. 2006. 112-113 дах тал) гэжээ. Харамсалтай нь Үндсэн хуульд хүрэлгүйгээр Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах, Засгийн газрьн бүтэц, бүрэлдэхүүнийг хэвийн зохистой хэмжээнд байлгах зэрэг эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудлыг органик хуулиар зохицуулах удаа дараагийн оролдлого бодит амьдрал дээр улс төрийн намуудын субьектив хүчин зүйлийн нөлөөгөөр хэрэгжихгүй байгаа юм. 1789 оны Францын “Хүний болон иргэний эрхийн тунхаг”-ийн 16 дугаар зүйлд “Хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй” гэж заасан билээ. Монтеське тэртээ 1748 онд нийтлүүлсэн “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэвэл эрх чөлөөг боомилно, эрх чөлөө байхгүй бол шударга шүүх байхгүй, парламент шүүх хоёр нийлбэл хуулийн дарангуйлал үүснэ. Гүйцэтгэх эрх мэдэл шүүх хоёр нийлбэл бодит дарангуйлал үүсэх бололцоотой” (Шарль Монтеське. “Хуулийн амин сүнс”. 

Орчуулсан Т.Төмөрхөлөг УБ 2008. 179 дэх талд дурьдсаныг утгачлав) хэмээн дүгнэн хэлснийг Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хуваарилахад арга зүйн иш үндэс болгосон байдаг. Үүнээс өөрөөр ”цоо шинэ дугуй бүтээх” гэхийн хэрэггүй л дээ. Гэхдээ бас Монголд төр ёсны баялаг уламжлал, ёс суртахууны зохицуулалтын хүчирхэг механизм дэлхийн, тэр дундаа өрнөдийн ардчилсан орнуудынхаас хамаагүй хүчтэй үйлчилдгийг судалж тооцох шаардлага бий. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ШАЛГУУРЫН ТУХАЙД

Профессор Ч.Энхбаатар, Д.Солонго, судлаач П.Амаржаргал, Ц.Даваадулам, Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург нар “Ардчилсан засаглалын институцийн хөгжил: сургалт шинэчлэлийн санал (2014)” судалгааны бүтээлдээ Үндсэн хууль амжилттай хэрэгжих таван шалгуур буюу удаан үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал бий болгох, улс төрийн зөрчлийг зохицуулах, агентын зардлыг бууруулах, нийтийн барааг үйлдвэрлэх гэсэн шалгууруудыг санал болгожээ. (3-6 дах талд). Үндсэн хууль амьдралын бодит хэрэгцээ шаардлагаас үүдэн гарсан байх, төрийн удирдлагын тогтолцоо олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагыг шингээсэн эхний хоёр шалгуур энгийн ойлгомжтой зүйл гэж ойлгогдож байна. Удаан үйлчлэх чадварын тухайд хугацааны үнэ цэнэ нь жил, сараар бус харин тухайн цаг үед тохиосон, өрнөсөн үйл явдлын ач холбогдол үр дагавраар хэмжигдэнэ гэвэл арай бодитой юм.

Ч.Энхбаатар, Д.Солонго нарын үзэж буйгаар Үндсэн хуулийн улс төрийн зөрчлийг зохицуулах шалгуур нь нийгэмд үүссэн улс төрийн маргааныг илэрхийлэх арга зам шийдвэрлэх механизм байгаа эсэхэд орших ажээ. (4 дэх талд) Сайн (амжилттай) Үндсэн хууль зөрчлийг гудамжны тэмцлээр бус улс төрийн институцийн замаар шийдвэрлэх боломж олгодог байна. Үндсэн хуулийг боловсруулахад улс төрийн хүчнийг өргөн (болж өгвөл бүгдийг) оролцуулах, сонгуулийн ялагдлын улмаас хүлээх хохирлыг багасгах механизм (ялалт байгуулсан этгээдүүдэд хэт их эрх мэдэл өгөхгүй байх нөхцөлийг хангах гэсэн санаагаар), улс төрийн (парламентын) институцийг сайтар тунгаан бодож байгуулах, Үндсэн хуулийн үг хэллэг бүрийг сайтар нягталсан, ойлгомжтой болох зэрэг нь улс төрийн зөрчил, тэмцлээс сэргийлэх чухал нөхцөл болдог байна. Үндсэн хуульт ёсны үндсэн зорилго нь төр засаг өөрөөсөө илүү иргэдийн өмнөөс үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах явдал ажээ. (5 дах тал 21 дүгээр зүйл). Эдийн засагчдын нэрлэдэг агентын зардал (agency costs) олон хэлбэрээр илрэх бөгөөд төрийн албан тушаалтан хувийн эрх ашгийн төлөө ажиллаж эсхүл эрх мэдлээ зузаатгах оролдлого, албан тушаалтан эсхүл нам хууль ёсны бүрэн эрхийн хугацаанаас цааш эрх мэдлээ хадгалахыг санаархах, авлигад өртөх зэрэг хэлбэрээр илэрдэг байна. Эрх мэдлийн хуваарилалт, авлигатай тэмцэх механизм, Засгийн газрын хариуцлагын (солигдох, огцрох) тогтолцоо зэрэг нь төр засгийг хязгаарлах буюу агентын зардлын хэмжүүр болдог байна. Агентын зардлын нөгөө тал нь нийтийн бараа бий болгох буюу Засгийн газраас хэрэгжүүлж чадах зүйл дээр нь хангалттай эрх мэдэл олгох хэрэг ажээ. (24-р зүйл). Үндсэн хуулийн шалгуурын тухай судлаачдын энэхүү үзэл бодлыг үндсэнд нь зөв гэх үндэслэл байгаа ч Үндсэн хуулийн дархлааг болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах механизмыг хуульчлан тогтоосон байдал зэргийг бие даасан шалгуур үзүүлэлт болгон авч үзэхийг бид санал болгож байгаа юм. Үндсэн хуулийн дархлааг аль нэг органик хуулиар бус Үндсэн хуульд өөрт нь шингээсэн байхыг бид илүүтэй хэмээн үзэж байгаа болно.

 

АРДЧИЛЛЫН ХЭЛБЭР БА ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ

Өнөө цагт ардчилал гэдэг амны уншлага шиг өргөн хэрэглээтэй үг болжээ. Ардчиллыг зөв хэрэглэсэн соёлтой ертөнцөд ч ийм байдаггүй юм билээ. Энэ бол тэндхийн иргэд ардчиллыг мэдэхгүй, ойлгохгүйдээ биш, амьдрал, ёс суртахуун, ажил үйлсэд нь ердийн хэм хэмжээ болоод тогтчихсон учраас бидэн шиг ам л ангайвал ардчилал гэж цээжээ дэлдээд байдаггүй болчихсон хэрэг юм. “Ардчилал (1984), “Ардчиллын хэв загвар” (2007онд монгол хэлнээ хөрвүүлсэн) зэрэг бүтээлээрээ олны танил болсон Аренд Лийпхарт “Ардчилал” гэдгийн цаад утгыг “Ард түмний засаглал буюу ард түмний төлөөлөгчдийн засаглал” гэж тайлжээ. (Ардчиллын хэв загвар, 21 дэх талд) Энэ бол А.Лийпхартын дэлхийн ардчилсан гэх тодотголтой 36 орны төр засгийн хэлбэр ба илрэлийг шинжлэн алдарт Абрахам Линколниос аваад У.Черчилл, А.Лоурэнс, У.Уильсон нарын хэлсэн үг хийгээд зохиол бүтээлийг судалсныхаа үрээр хийсэн тодорхойлолт нь юм. Ардчиллын энэ тодорхойлолт цагтаа бидний яс махандаа шингээн утга учрыг нь олох гэж ихэд мэрийж байсан Марксист тодорхойлолтоос юугаараа өөр гэж? “Тэд бас л ардчилал бол ард түмний засаглал” хэмээн тунхагладаг шүү дээ. Үгийн цаана утга, утгын цаана санаа зорилт байдаг. Үгэнд ямар утга санааг яах гэж шингээгээ вэ? гэдэгт хэргийн учир байна аа. Ялгаа нь юу байна вэ гээд бодохоор эрх чөлөөг ойлгоход байх шиг. Социализмын үед эрх чөлөөний хэмжээ хязгаарыг үзэл суртлаар хашиж байсан бол одоо хуулиар хаших гээд ямар ч хашлага, хязгааргүй болгочихсонд л байх шиг санагдана. Би бээр тэртээ 1975 онд оюутан ахуйдаа нэгэн эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ феодализмтай харьцуулахад түүхэн дэвшил болсон хөрөнгөтний ардчилал нь явцуу, хуурамч бөгөөд баячуудын хувьд диваажингийн орон, баячууд өнгөтэй, өөдтэйг цөлмөн луйвардахад л үйлчилдэг... мөлжигдөгч ядуучуудыг хууран мэхлэхээс өөрөөр байж чадахгүй, хөрөнгөтний хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг бол худал хуурамч “хоёр нүүр” гаргах явдал... ард түмнийг согтоох, ард түмний тархийг угаах (онцлов. Д.Л.) хэрэгсэл гээд “авч өгч” байсан нь тун саяхан мэт. Тэр үед Монголд хувийн өмч, өмчлөх эрх нь хувь хүн, иргэний эрх, эрх чөлөөний гол баталгаа, утга учир нь болох юм гэж хэний санаанд орох вэ дээ. Ардчилал, нийгмийн дэвшлийн гол шалгуур нь өмчлөх эрхийн баталгаа болно гэж зүүдлээ ч үгүй байсан гэдгийг түүхийн эргэлтийн гэмээр цаг үед өөрийгөө дөвийлгөх гэж дуу нь чангардаг зарим нэгээс бусад нь зөвшөөрөх биз. Монгол Улс “...хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зорилтыг тунхагласан бүх ард түмний зөвшилцлийн (тодорхой зорилтоор зөвшилцлийн гэдгийг онцлов) баримт бичиг болох үндсэн хуулиа батлан долоон удаагийн сонгуулиар ардчилсан төр засгаа байгуулж даян дэлхийд ардчилсан гэгдэх орны тоонд багтахаар хүчин зүтгэсээр буй үйл явцад түүхийн амьд гэрч, идэвхтэй оролцогчийн нэгэн байсны хувьд дүн шинжилгээ хийх, ардчиллыг жинхэнэ утгаар нь түгээн бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах нь судлаач миний нэгэн үүрэг юм.

 

АРДЧИЛЛЫН ЗАГВАР ХИЙГЭЭД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ТУХАЙД 

1. Ардчиллыг сонгодог утгаар нь “Шууд ардчилал” ба төлөөллийн (зуучлагдсан) ардчилал хэмээн ангилдаг. Эртний Грек, Ромын хотуудын аристократ нарын ардчилсан тогтолцоог “шууд ардчилал” гэдэг байжээ. Тэдгээр хотын бүх чөлөөт иргэд ард түмний Ассамблейгээр дамжуулан хотоо захирдаг байжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү тогтолцоо нь Швейцарийн зарим нэг жижиг кантонуудад л өвлөгдөн үлджээ. Иргэд өөрсдөө Засгийн газрын тэргүүнээ сонгодог улс төрийн дэглэмийг Засгийн газрын тэргүүнийг сонгох хууль эрх зүйн журам нь ямар байхаас үл хамааран “шууд ардчилал” гэдэг ч байна. 2. Сонгодог ойлголтоор бол ард түмэн өөрийн төлөөлөл (иргэдийн төлөөлөгчид, парламентын гишүүд)-өөр (хувь хүн, байгууллага:иргэдийн хурал, парламент г.м.) дамжуулан засаглах эрхээ хэрэгжүүлэхийг төлөөллийн ардчилал хэмээдэг. Үүнээс гадна олонхын засаглал буюу олонх засаглах ёстой (олонхын ардчиллын хэлбэр); “Аль болох олон хүн засаглах ёстой” (Зөвшилцлийн ардчиллын хэлбэр) гэж ангилж үздэг нь парламентат ёс буюу төлөөллийн ардчиллын хэлбэртэй хамаатай асуудал. Эдүгээ өрнөдийн буюу парламентат ёс төлөвшсөн улс орнуудын ардчиллын хямралын шинэ давалгааны үе юм. Үүнийг Морис Дюверже, Андре Ветилле нарын судлаачид ардчиллын хэлбэрийн ялгаатай холбон тайлбарлаж байна. Энэ нь ардчиллын сонгодог болон бусад хэлбэрт нэгэн адил хамаарах асуудал ажээ. (Андре Ветилле. “Ардчилал болон түүний институтүүд” (Англи.) 2012. 1 бүлэгт үзнэ үү) Тэдний үзэж буйгаар санаа бодол болон хүсэл зоригийг бүх нийтийн болон хувь хүмүүсийн төвшинд ч хангаж чадах улс төрийн төлөөлөл л шууд ардчилал ажээ. (М.Дюверже. “Улс төрийн байгууламж Үндсэн хуулийн эрх зүй”. 81-82 дахь талд) Шууд бус буюу төлөөллийн ардчилалд сонгуулийн тогтолцооны төгс бус байдал, хувь хүний саналыг бүрэн тусгах боломжгүй, булхай, луйвар, санал худалдаж авах зэргээс хамаарч ард түмний төлөөлөл бүрэн дүүрэн байж хэзээ ч чаддаггүй байна. Өнөө үед ардчиллын хэлбэрүүдийн ялгаа ихэссээр л байна. Гүйцэтгэх засаглал чухамдаа орчин үеийн төрийн гол хөдөлгөгч хүч, эрх мэдлийн төв болох хандлагатай байна. Хууль тогтоох засаглал нь хянах, хязгаарлах, эсэргүүцэн шаардах үүрэгтэй л болжээ. (М.Дюверже. ...82 дах талд).

 

Тайлбар буюу шигтгээ Нэг. /Вестминстерийн загвар/ 

1. Парламентын олонхын ардчиллын шилдэг жишээ бол “Сонгуульт дарангуйлал”, нам толгойлсон төвлөрсөн ардчилал хэмээгддэг Вестминстерийн буюу Британийн үндсэн хуульт хаант засаг бүхий тогтолцоо байдаг бол зөвшилцлийн ардчиллын жишээ болгон Боннын системийг авч үздэг байна. 1.2. Өнөөгийн Британийн Үндсэн хуульт хаант засгийн байгуулал нь эрин зууныг дамжсан эрх мэдлийн төлөө тэмцлийн үр дүн юм. Английн (Британийн) парламент нь Үндсэн хууль хэмээн тооцогдох гурван зүйл тулгуур актыг батлан гаргасан нь “хүлцэнгүйн акт”, “Эрхийн тунхаг”, “Триеннел акт” болно. Хүлцэнгүйн акт нь аливаа шашин хоорондын хүлцэнгүй байх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой түүхэн дурсгалын нэг хэмээн үздэг. “Эрхийн тунхаг”, “Триеннел акт” хоёр нь төрийн байгууллын талаарх их ач холбогдолтой баримт бичгүүд ажээ. 1.2.1. Эрхийн тунхаг актын гол үзэл санаа: • Парламентын зөвшөөрөлгүйгээр хаан дангаар эрх мэдэл хууль тогтоох, биелүүлэх нь хууль бус; • Парламентын зөвшөөрөлгүйгээр хаан дангаар эрх мэдэл, аливаа хууль, түүний биелэлтийг цуцлан зогсоох нь хууль бус; • Парламентын зөвшөөрөлгүйгээр хаан өөрийн болон бусад хэрэгцээнд мөнгө татварлан авах нь хууль бус; • Энх цагт парламентын зөвшөөрөлгүй ханлигийн дотор цэрэг хурааж хадгалах нь хууль бус хэмээн зааж эдгээр бүх эрх мэдэл парламентад хамаарах болохыг сануулжээ. (Anotete Nazour, John M.Peoples and Theotore K.Rubb People omg Nazours; “A World History”. 1998.334 дах талд байдгийг нь монгол хэлний орчуулгаас дам иш татав). Үргэлжлэл бий