Баянзүрх дүүргийнхны балаг дуусахгүй нь. Засаг дарга Д.Пүрэвдаваа нь дүүргийнхээ татварын хэлтсийн ажилчдыг нийт 1 тэрбум 300 гаруй сая төгрөгөөр шагнасан талаарх баримт саяхан ил болж олон нийтийн дунд багагүй дуулиан тарьсан. Татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө шагнаж тэрбум, тэрбумаар нь хуваагаад авчихдаг баримт ил болоод удаагүй байтал тус дүүргийнхнийг улсын төсвийн мөнгийг хэмнэдэггүйг батлах дахин нэг мэдээлэл дэлгэгдлээ. Баянзүрх дүүргийн удирдлагууд 50 жилийн ойн баяртаа зориулан ном болон медаль хэвлүүлэх зардалд нийт 140 гаруй сая төгрөгийг зарцуулсан байх юм.

 

Үүнийг уншиж буй хүмүүс “Хотын нэг дүүрэг ойн баяртаа зориулж яагаад ном, медаль хэвлүүлж болдоггүй юм. Сүртэй гэдэг нь” гэж бодож магадгүй юм.

Гэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг ухамсарлах цаг, үе ирсэн гэдгийг бас санах хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засаг хүндхэн байдалд орж, элгээрээ мөлхөөд байна. Эхний найман сарын байдлаар улсын төсөв -769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар ҮСХ-оос зарласан. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш  2001 төгрөгийг сэтлээд байна. Энэ бол эдийн засаг улам хүндэрсний илрэл. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буурсан ч манайд  төсвийн алдагдал нэг их наядад хүрэх гэж байгаа учраас шатахууны үнийг нэмэх санал гаргаж байна. Бүгдийн суурь зардал болсон шатахууны үнийг нэмчихвэл иддэг талх,  уух ундаанаас эхлээд юу байдаг бүгдийн үнэ нэмэгдэж таарна. Цаашлаад тэтгэврийн насыг нэмэх сураг дуулдлаа. Энэ нь нийгмийн даатгалын сан мөнгөгүй болсны шинж. Бид ийм л байдалд амьдарч байна.

 

Энэ үед төрийн байгууллагуудаасаа эхлээд иргэд нь хүртэл бүсээ чангалж хэрэглээгээ багасгах нь хамгийн үр дүнтэй механик арга. Ард иргэд бол аль хэдийн бүсээ чангалж, хэрэглээнээсээ танаад эхэлчихсэн. Бүр хоногийн хоолоо хүртэл хэмнэж амьдарч буй айл өрхүүд их бий. Бүр зарим нь идэх хоолгүй, түлэх түлшгүй амьдарч байна.Гудамжинд гарч гуйлга гуйх иргэдийн тоо өдрөөс, өдөрт нэмэгдсээр. Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо гуйлга гуйх хүмүүс дунд дөнгөж төрсөн хүүхдээ тэврээд суух бүсгүй ч байна. Эдийн засгийн хүндрэл иргэдэд энгийнээрээ ингэж тусч буй. Албан байгууллага, хувийн хэвшлүүдийн хувьд татварын дарамтанд орж, түүнээсээ гарч чадахгүй эхнээсээ дампуурлаа зарлаад явж байх жишээтэй.

 

 

Харин улс төрчид болоод төрийн байгууллагууд л хэрэглээгээ танаж, наад захын хэмнэлтийг хийхгүй байсаар. Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгч бүр урамшуулал нэрээр улирал тутам 27 сая төгрөг халаасалж сууна цаана чинь. Энэ чинь тэгээд хэмнэлт болж байна уу?. Тэд бусдын адил цалингаа аваад яагаад амьдарч болдоггүй юм.Эдийн засаг хүндэрч ард түмэн ядарч явахад ИТХ-ын тэргүүлэгч тэргүүтэй төрийн албан хаагчид л задарч байна. Уг нь тэдний авч буй мөнгө татвар төлөгч биднийх. Төрийн албан хаагчид улсын төсвийн мөнгөөр Дубай, АНУ-д очиж амарч байна. Мөн Бразил явж хөлбөмбөгийн тэмцээн үзлээ. Шатахуун их зарцуулдаг том жийп машин хөлөглөж байгаа. Үр дүнгийн гэрээ нэрээр өөрсдийгөө тэрбумаар нь шагнаж байна. Төрийн дарга нар ингэж л амьдарч байна. Харин иргэд улам л зүдэрсээр.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Сангийн сайд Б.Болортой уулзаж улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцав. Тэрбээр энэ үеэр “Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, улстөрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа” хэлсэн юм. Мөн Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаана, хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж санууллаа.

 

Бүсээ чангалах талаар хэлсэн Ерөнхий сайдын сануулга анхны удаа биш. Тэрбээр өмнө нь ч эд хогшил худалдаж авах чухал бус элдэв зардалд мөнгө зарцуулахгүй байхыг сануулж байсан.Гэтэл улсын байгууллагууд гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийхээ анхааруулгыг үл тоосоор өнөөдрийг хүрлээ.

 

Баянзүрх дүүргийн хувьд төрийн байгууллагуудын тансаглалын ганцхан жишээ. Ном, медалийг 140 гаруй сая төгрөг гарлагадаж хэвлэхийн өөр нийгэмд тустай зүйл зарцуулж болох л байсан шүү дээ. Энэ бол тэвчиж болох л зардал. Үүнээс л татгалзахыг бүсээ чангалах гээд байгаа юм.

 

Ой тэмдэглэх нэрээр их мөнгө зарцуулахын хажуугаар ном, медаль зэрэгт зуу, зуун саяар нь мөнгө зарцуулаад байвал энэ улсын төсөв чинь зарлагыг чинь дийлэхээ болиод сөгдөх нь. Ном, медаль хэвлүүлэх мөнгөөр үр дүнтэй ямар ажлууд хийж болохыг мөн бодох хэрэгтэй. 2013 он улсын төсөвт 100 гаруй хүүхэд хүмүүжих  нэг цэцэрлэг барихад 280 сая төгрөг төсөвлөсөн гэж тооцоолбол 160 сая төгрөг нь  талаас илүү хөрөнгө нь болох нь. Уг мөнгөөр эмнэлэгт ч, боловсролд ч хөрөнгө оруулж болно. Ядарсан тэтгэврийн хөгшчүүлдээ хороогоор нь дамжуулж нүүрс тараах ажлыг ч мөн хийж болох юм. Ямартай ч хэрэгтэй үедээ хэрэгтэй л мөнгө.

 

Үргүй зардалд улсын мөнгийг хий дэмий үрж байхаар ядаж хэрэгтэй зүйлд нь зарцуулж баймаар. Дахин хэлэхэд, эдийн засаг хүндэрч нийт ард иргэдээрээ хямраад байна. Энэ үед л та нар минь /төрийн албанд ажиллах дарга нар/ тансаглалаа танаж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод баймааргүй байх юм.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn