“Ард” санхүүгийн нэгдэл группын гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. Банк санхүүгийн салбарт хэдийнэ танигдсан тэрээр хөрөнгийн зах зээлд “Ард” санхүүгийн нэгдлийг толгойлон гурав дахь жилдээ ажиллаж байгаа аж. 

-Ирэх сарын 1-нээс хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авч эхэлнэ. Та энэ хуулийг судалж үзсэн үү?

-Яг, үнэндээ энэ хуулийг судалж үзээгүй. Гэхдээ Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд зөв шийдвэр гаргах ёстой гэдэг үүднээс л авч буй арга хэмжээ. Монгол Улс 1990-ээд оны дундуур хадгаламжийн хүүнээс татвар авдаг байсан ч, 1997 оны үед Азийн эдийн засгийн хямралаас дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилсан учраас Засгийн газраас түр зогсоох арга хэмжээ авсан. Энэ хугацаанд арилжааны банкууд иргэдээс хадгаламжийг нь татсанаар өнөөгийн бат байр сууриа олж авсан. Харин өнөөдөр төсвийн орлого тасалдалтай, алдагдал нь ойрын хэдэн жилд байгаагүй өндөр төвшинд хүрсэн, бодлогын алдаатай шийдвэрүүдээс болж эдийн засгийн өсөлт  удааширсан энэ үед орлого бүрдүүлэх үүднээс хадгаламжийн хүүнээс татвар авах нь Засгийн газрын байж болох л алхам шүү дээ. Анзаарсан бол үнэт цаасны зах зээлээс олсон ашгаас татвар авахгүй гэж байсан. Гол нь, эдийн засгийн хүндрэлээ даван туулахыг гол зорилгоо болгох бус цаана нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэсэн хүсэл ч агуулагджээ гэж харж байна. Монголын эдийн засаг  нэг хөл дөөрөө догонцох бус хоёр хөл дээрээ бат зогсох ёстой.

-Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлаас харахад Засгийн газар 731 тэрбумд хүрсэн төсвийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаас руу гараа дүрлээ. Энэ бол арчаагүй арга барсан үйлдэл гэж иргэд шүүмжлээд байгаа шүү дээ?

-Хувь хүн цалингаасаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг шиг өөр бусад олж буй орлогоосоо шимтгэл, татвар төлөх нь зүй ёсны хэрэг. Авч байгаагүй юмыг авах гээд байгаа юм биш. Энэ бол аль ч улсад авдаг татвар.

-Манай банкны систем хадгаламжинд суурилсан. Иргэд мөнгөө татвал банкны систем доголдож эхлэхгүй юу?

-Санхүүгийн салбарт арилжааны банкнаас гадна олон тоглогч бий. Тэднийг зах зээлд оролцох боломжийг нь олгох ёстой. Эцсийн дүндээ хэрэглэгчдийг мөнгө өсгөх олон сонголттой болгох нь эдийн засгийг тэнцвэртэй болгох нэг хөшүүрэг. Хөгжлөөс хоцроод байгаа салбараа дэмжих үүднээс ийм алхам Засгийн газар хийсэн байх аа гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, хадгаламжийн хүүнээс татвар авах нь гээд хүмүүс мөнгөө татна гэдэгт би итгэхгүй байна. Нэгэнт өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэн банкууд үүсч болзошгүй эрсдэлээ тооцож, үйлчилгээндээ анхаарах цаг болсон. Олон жил банкууд тал талаасаа хайрлуулан,хамгаалуулж явлаа шүү дээ.

-Тийм шүү. Банкуудын хувьд хүнд сорилт бас шалгарал болж магадгүй гэж хараад байна?

-Эдийн засаг хүнд байгааг хүн бүхэн мэднэ. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өсч байгааг ч өнгөрсөн долоо хоногт хийсэн Үндэсий статистикийн хорооны мэдээлэл харуулж байна. Эдийн засаг хямарсанаас хүмүүсийн гар дээр мөнгө байхгүй, байшин барилга, машин ч зарагдахгүй байна. Тэр байшингаа зарах гэж байгаа хүн банкнаас зээлтэй байж таараа. Тэгэхээр банкууд  эрсдэлээ тооцон шинэ зээл олгохдоо шалгуураа өндөрсгөх, зээл олгохоо болих, багасгах гэх мэт дор бүрнээ арга хэмжээ авч байгаа болов уу.

-Харилцагч бидний хувьд банкуудын авч буй арга хэмжээ мэдрэгдэж эхэлсэн. Монголын эдийн засагт хэтэрхий ахадсан гэх энэ олон банкны шалгарал одоо л эхэлж байж мэдэх  юм?

-Тийм. Банкуудын хувьд тодорхой хэмжээнд сорилт болох нь гарцаагүй. Урт хугацаанд хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн  сайн удирдлагатай банкууд л үлдэнэ. Зах зээлийн нэг том шалгарал гэдэг нь гарцаагүй үнэн. Монголбанк арилжааны банкуудыг дүрмийн сангаа энэ онд 20 тэрбум, 2016 онд 35 тэрбум, 2017онд 50 тэрбум болгох том даалгавар өгсөн. Энэ нь том банкуудад асуудалгүй мэт болох ч, жижигүүдийн хувьд яахын аргагүй том сорилт. Тэд эрсдэлийн арга хэмжээнийхээ хүрээнд болохгүй байгаа удирдлагаа солих мөн ашигтай ажиллах, зээлийн чанартай багц гаргаж, уйгагүй ажиллаж байж гэмээнэ шалгарч үлдэнэ үү гэхээс хагас дутуу хөнгөн байдлаар  асуудалд хандсан хүмүүс төлөөс төлөх цаг нь ирж гэж харж байна. Өмнө нь, бид олон банк дампуурч байсныг харсан, хариуцлагагүй хандвал ямар үр дүн гарч болохыг ч харлаа шүү дээ.

-Манай хадгаламж эзэмшигчдийн 5 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшдэг гэж сонсч байсан. Энэ үнэн үү?

-Би мэдэхгүй. 10 гаруй банкинд олон сая хүний хадгаламж байгаа шүү дээ. Тэр дунд зарим нэг нь хэд, хэдэн данстай хүмүүс байдаг л байх. Гэхдээ энэ хуулийн гол зарчим нь их, бага ч ялгаагүй хадгаламжийнхаа хүүнээс татвар төлнө. Энэ бол шударга ёс. Хадгаламжаа татах эсэх нь тухайн хүний л сонголт. Нэг тэрбумын хадгаламж нээлгээд 60,70 саяыг олдог байгаад тэндээс 10 хувийн хувийг улсдаа өгөх нь тийм айхтар муу зүйл биш.

-Та бид хоёрын харж байгаачлан төрөөс хөрөнгийн зах зээлийг хөл дээрээ босох боломж олгож байгаа ч, хууль эрх зүйн орчин их дутмаг гэж салбарынх нь ярих юм билээ?

-Нэг үеэ бодвол байдал өөрчлөгдсөн шүү дээ. Хөрөнгийн зах зээлд гарсан ахиц гэвэл Засгийн газрын үнэт цаасыг биржээр дамжуулан арилжаалсан. Энэ бол  шинэ үзэгдэл. Энэ онд түүхэндээ анх удаа хөрөнгийн бирж ашигтай ажилласан. Цаашдаа хүмүүс итгэж болох, мөнгөө өгөх боломжтой ийм шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага байгаа. Мэдээжийн хэрэг, төр засгаас хүлээх биш, хувийн хэвшлүүд санаачилга гарган манлайлах ёстой.  

-Арилжааны банкнаас жилийн 15 хувийн хүү горьдож суухаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулъя гэж төлөвлөсөн хүмүүст та зөвлөгөө өгч. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй энэ салбарыг сонирхсон хүн мөнгөө оруулахаасаа өмнө юуг анхаарах ёстой вэ?

-Банкинд мөнгөө хадгалуулж байгаа хүний эцсийн зорилго нь мөнгөө өсгөх. Тэгвэл банкинд жилийн 15 хувийн хүүтэй өгсөх үү эсвэл хөрөнгийн зах зээлд жилийн 30 хувиар буюу 2 дахин өсгөх үү гэдэг сонголтоо л хийх ёстой. Тэгэхдээ ямар компани миний мөнгийг 30 хувийн өсөлттэй  байлгаж чадах уу гэдгийг сайн судлаад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харж болно. Нэг ёсондоо, мөрий тавьж байна гэсэн үг.  Жишээ нь, энэ  оны эхээр манай хуучин Хас банкинд ажилласан байсан нэг захирал манайхаас нийт 12 сая төгрөгийн хувьцаагаа зараад 280 сая төгрөг авсан. Энэ бол хамгийн бага. Тэр хүн жаахан л хүлээсэн бол 560 сая төгрөгөөр зарах боломж байсан юм. Тэгэхээр би ингэж зөвлөнө. Банкинд мөнгөө битгий хадгал. Засгийн газрын үнэт цаасанд бүү хий эсвэл өөрийн бизнесээ эхлүүл. Хэрвээ эдгээрийг чадахгүй бол баталгаатай хүнд мөнгөө өг. Өнөөдөр иргэд эзэн нь тодорхойгүй банкинд мөнгөө хадгалуулдаг. Эзэн нь найдвартай юу, ямар хүмүүс удирдлагын багт нь ажилладаг юм,  ямар санхүүгийн бодлого явуулдаг, тайлан нь ямар гарав, ашигтай эсвэл алдагдалтай ажилласан уу гэдгийг нь харах хэрэгтэй. Яагаад гэвэл, таны мөнгийг жилийн хугацаанд өсгөнө гээд авсан газар шүү дээ. Бид ил тод байдал, сайн засаглал гэж ярьдаг ч, танай банкны эзэн хэн бэ гэж асуудаггүй л байхгүй юу. Сүүлд нь миний мөнгийг хадгална гэж авсан нөхөр шоронд орчихож, одоо яана аа гээд ярьцгаадаг. Тэгж болохгүй.  Дараагийн удаа банкинд очихдоо би хэнд мөнгөө хадгалуулж байгаагаа мэдмээр байна. Танай эзэн чинь хэн гэж хүн байна, хаанахын, хэний хөрөнгө оруулалттай вэ гэж асуу. Тэгээд сонголтоо хий. Бид мөнгөө өсгөх санхүүгийн маш боломжит нөхцөлд амьдарч байна.

-Эдийн засаг хоёр хөлтэй боллоо гэхэд  байдал дээрдэх бол уу. Танд ямар зүйл ажиглагдаж байна?

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Надад бол маш муу дүр төрх харагдаж байна. Хүн болгон  засаглалын тогтолцоо болохгүй байна гэж ярьж байна. Өнөөдөр бодлогын шийдвэр гаргаж байгаа албан тушаалтнууд мэдлэг, чадвар, туршлагаараа бус намын харьяаллаараа төрийн албанд орчихсон. Энэ нь, дараачийн сонгуульд бэлдэх л зорилготой гэж бодохоор сайхан дүр зураг харагдахгүй байгаа юм. Хэчнээн баялгаа ухаж эдийн засгаа төвхнүүлье гэсэн ч зөв шийдвэр гаргахгүй бол энэ улс санхүүгийн хувьд хөл дээрээ босч чадахгүй. Тогтолцооны өөрчлөлт хийгүй бол Монголд бизнес хийх гэж үзсэн Сентарра гоулд компанийн үйл ажиллагааг популист зогсоосноос Ноён уулын эртний булш нинжа нарын хөлд үрэгдэж, сүйдэх нь. Нөгө хамгаалаад байсан хүмүүс хаачсан юм. Энэ чи бид хоёрын ярьж байгаа сэдэвтэй хамаагүй юм шиг байж болно.

-Надад тэгж санагдлаа. Гэхдээ бид  аливаа шийдвэр, бодлого гаргахдаа эрдэмтэн, судлаачдын үгийг дуулж баймаар санагддаг юм. Ярьдаг шигээ хийдэггүй гэх үү дээ?

-Яг зөв. Шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээний институттай хамтарч амьдралд нийцтэй, урт хугацаанд тогтвортой цаг хугацааны шалгарлыг давах шийдвэр гаргах хэрэгтэй байна. Өнөөдөр манайхан цээжний бангаар л гаргачихдаг. Худалч хүнд бараг л за маргааш нартай байх нь браилгын ажлаа эхлэе гэх ч юм уу  ямар ч холбоогүй, үндэслэл байхгүй байдлаар бүх шийдвэрээ  гарч байна. Би дотор нь ажиллаж байсан учраас яаж шийдвэр гарч байгааг мэдэж байна. Сонгууль  дөхөж байгаа учраас таалагдах юм аа хийнэ гэдэг ч  юм уу. Ард иргэдийнхээ нүдийг гурилдаад чихэн дээр нь цэцэг ургуулаад сурчихсан. Шийдвэр  яг тийм байдлаар гардаг. Зөвхөн сонгуульд ялахын төлөө. Тэрнээс энэ улс оронд 5,10 жилийн дараа үр дүн нь хэрэгтэй байдлаар  гардаггүй. Тиймээс ч би монголчууд хөрөнгө оруулагч болох ёстой юм байна, өөрсдөө бий болгосон байгууллагын эзнээр монголчууд байг  гэж бодож төлөвлөн энэ “Ард” санхүүгийн нэгдлийг байгуулсан. Тэр утгаараа манай хувцьааг ав, миний эзэн бол гэж монголчуудыгаа уриалаад байгаа юм.

http://www.newscom.mn