“Тэнгэрийн модун” ТББ-аас санаачлан Оросын киноны зах зээлийг  монголдоо оруулж ирж “Рекитер-2” УСК-ны нээлтийг амжилттай хийснийг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Тэгвэл бид энэ удаагийн ярилцллагын буланд “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүүтэй ярилцснаа хүргэж байна.

- Та бүхний зохион байгуулсан “Рекетэр-2” УСК монголд амжилттай нээлтээ хийлээ. Тэгвэл дараа дараагийн хийгдэх ажлууд юу байна вэ?

- Бид монголын кино урлагаа дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц “Hollywood”-ын хэмжээнд уран сайхны киног бүтээхийг зорин ажиллаж байна. Энэхүү зарчмын хүрээндээ хамгийн сайн чанартай кино уран бүтээлийг гаргахыг зорьж байгаа юм. “Тэнгэрийн модун” ТББ, “Монгол кино фонд” ХХК нар “Сата филм”- тэй хамтран дараагийн нээлтээ хийх киноны ажилдаа ороод байна.

- Тус киноны хувьд хийгдэх ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?

- Энэхүү уран бүтээл маань зохиолын шатандаа явж байгаа бөгөөд Монголдоо зураг авалтыг нь хийхээр төлөвлөж байна. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар уг кино төсөлд бидэнтэй хамтран ажиллаж байна. Мөн Украйн улсад 10 гаруй мянган доллараар дублешийг нь хийлгэсэн кино уран бүтээлээ бид тун удахгүй Улаан-Үүд хотын бүх кино театруудаар нээх гэж байна. Киноны нэрийг одоогоор бид нууцлаад байгаа юм. Тус киноны нээлтийг хийхээс гадна бид Буриадын Замалев продюсертэй хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна. Энэхүү гэрээгээ бид “Буриадын соёлын яам”-ны хүрээнд хамтарч ажиллахаар зорьж байна. Ерөнхийдөө кино маань 10 дугаар сарын сүүлээр Улаан-үүд хотын дөрвөн кино театруудаар нээлтээ хийнэ.

- Кино уран бүтээлийн дууг бүтээж амьдруулах нь хамгийн чухал ажлуудын нэг байдаг. Энэхүү киноны хувьд ?

- Тус киноны sound track-ыг “Хатхур” хамтлагийн реппер Дзе орос хэлээр дуулж амьдруулсан байгаа. Москва, Эрхүү зэрэг бүх хотуудаар дуугаа хүргэх үүднээс киноныхоо дууг Орос хэл дээр дуулуулсан байгаа.

- Таны хувьд монголын кино урлагийн хөгжил хэр байна гэж дүгнэж байна ?

- Урлаг урлагийн дээд кино урлаг гэж ярьдаг. Энэ ч утгаараа би Монголын кино урлагийг муу гэж хэлэхгүй. Манай зах зээл жижиг учраас дэлхийн хэмжээнд “Hollywood”-ын хэмжээнд биш юм аа гэхэд хөрш Орос орны хэмжээнд киногоо хийдэг болоосой гэдэг үүднээс энэхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэлэлцээрүүдийг хийгээд явж байна даа.

- Өмнө нь “Хас медиа” энтертайменттай хамтран ажиллаж монголын кино сонирхогчдод  “Рекитер-2” УСК-ны нээлтийг эх орондоо амжилттай хийсэн. Тэгвэл энэ удаагийн кино ажилдаа ямар студи уран бүтээчидтэй хамтран ажиллаж байна вэ?

- Энэ удаагийн уран бүтээлдээ ч бид мөн адил “Хас медиа” энтертаймэнттай хамтран ажиллахыг зорьж байна. Тэд хамгийн сүүлийн үеийн “freedom epic” гэх Hollywood-ын камерыг захиалж оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл бид Hollywood-ын түвшинд кино хийх боломжтой болж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа