О.Итгэл: Би улсдаа дөрвөн жил ажиллах “өртэй”
2015/10/25
“Хоймор өнжих нар” телевизийн олон ангит уран сайхны кино айл бүрийн хойморт гарч, үзэгчдийг нэг хэсэг дэлгэцийн өмнө “уясан” билээ. Тэгвэл энэ удаагийн “Редакцийн зочин”-ыхоо хойморт тус кинонд Энхжингийн дүрийг бүтээсэн, авьяаслаг залуу жүжигчин О.Итгэлийг урьсан юм.
-Уншигчид маань таныг Энхжин нэрээр тань илүү танина. Та бидэнд О.Итгэлийг танилцуулаач?
-Намайг Оджаргалын Итгэл гэдэг. Одоо 25 настай. Өнгөрсөн жил ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн академи”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Ирээд 2-3 сар болсныхоо дараа “Хоймор өнжих нар” кинонд Энхжингийн дүрийг бүтээсэн.
-Кинонд тоглож байх үеийг эргэн дурсахгүй юу. Таны анхны уран бүтээл үү?
-Энэхүү уран бүтээл маань ямар нэгэн хэтрүүлэг байхгүй, амьдралд байдаг л бодит үнэний тухай өгүүлсэн учраас үзэгчдэд нэлээд хүрсэн байх. Кино зураг авалт эхлээд явж байхад үнэндээ хүмүүст ингэж их хүрнэ гэж би бодоогүй. Гэтэл кино олны хүртээл болсны дараа санаанд оромгүй амжилт гарсан л даа. Энэхүү кино маань миний хувьд Монголдоо ирээд тоглосон анхны уран бүтээл. Өмнө нь ОХУ-д суралцаж байхдаа тус улсын гурван кинонд тоглож байсан.
-“Хоймор өнжих нар” кинонд яагаад тоглох болов. Дүрийн шалгаруулалтад оров уу, эсвэл хэн нэгэн тоглооч гэх урилга хүргүүлсэн үү?
-Тухайн үед телевизээр энэ кинонд проб хийнэ гэх зар явж байсан. Тэр үед хамт сурч байсан найзууд маань Монголд ирчихээд Улаан-Үд яваагүй байсан л даа. Тэгээд “Хэдүүлээ ер нь Монголд проб өгч үзье” гэж ярилцаад өгсөн. Тэр үед киноны найруулагч Л.Ариунжаргал эгч маань намайг Энхжингийн дүрд тохирох юм байна гээд сонгож байсан. За тэгээд би Энхжингийн дүрд сонгогдсон байж байтал миний найз охин болох ёстой Билгэ-Үжингийн маань дүрд таван охин сонгогдчихсон тэдэнтэй пробод орох шаардлагатай болсон л доо. Сүүлдээ текстээ цээжилчихсэн, бараг энэ нь л бусдаасаа илүү юм байна ухааны юм бодох хүртлээ пробод орсон шүү. Гэхдээ мэдээж сонголтыг найруулагч маань хийсэн.
Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. ОХУ гэлтгүйгээр гадаадад суралцаад жүжигчин болоод ирж буй өчнөөн жүжигчин байхад би дөнгөж төгсөж ирэнгүүтээ олон ангит кинонд тоглосон. Энэ бол надад олдсон их том боломж юм. Кинонд тоглож байхдаа бас их олон зүйлийг сурсан. Жүжигчин хүний хувьд олон ангит кинонд тоглоно гэдэг, тэр дундаа дөнгөж жүжигчин гэх алдрыг зүүж ирсэн надад их том зүйл байсан. Мундаг, мундаг жүжигчидтэй хамт тоглож, тэднээс суралцах, үлгэр дуурайлал их авлаа.
-Эмэгтэй дүрд таван хүн шалгарсан байсан гэсэн. Кинонд тоглосон бүсгүй чиний “сонгосон” Билгэ-Үжин байж чадсан уу?
-Мөн байсан. Манай Б.Золжаргал мэргэжлийн бус хүн. Энэ жил ШУТИС-ийн Геологийн ангийн төгссөн. Тэгсэн атлаа жүжиглэлт сайтай, харьцаа сайтай санагдсан. Сүүлд киногоо үзэж байхад надаас л ямартай ч сайн жүжиглэсэн юм шиг санагдсан.
-Энхжин киноны дунд хэсгээс хөлгүй болдог. Тэр жүжиглэлт хэр хүнд байсан бэ?
-Кино эхэлсэн байсан ч тухайн үед зохиол бичигдээд, ажил зэрэг л ундраад байсан үе. Эхний 16 анги хүртэл би эрүүл байдаг. Гэтэл 20 дугаар анги гараад эхэлсний дараа намайг хөлгүй болно гэдгийг хэлсэн. Тухайн үед юу руу орж байгаагаа ч мэдээгүй, ямартай ч дүр маань нэлээд хүнд болох нь гэж бодсон. Хөлөө эвхэж суугаад, боолгоод гурван цаг болоход цус боогдож, толгой эргээд сүүлдээ уур хүрдэг юм билээ. Би бүр боолтоо авч шидэж байсан тохиолдол ч байсан. Хааяа зөвшөөрлөөр 30 орчим минут суллана, тэгээд л хурдлаарай проб эхэллээ гэнгүүт буцаагаад бооно. Үүнээс гадна хүйтэн өдөр гадаа тэргэнцэртэй явна гэдэг их хүнд юм билээ. Дээр нь хөлөө боочихсон байсан болохоор цус боогдоод их даарсан.
-Л.Ариунжаргал найруулагчийн хувьд өмнө нь “Хэцүү анги” телевизийн олон ангит кинонд найруулагчаар ажиллаж байсан туршлагатай. Энэ хүн болоод МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад юу сурав?
-Ариунаа найруулагчийн хувьд хатууд хатуу, зөөлөнд зөөлөн, хүмүүсийн арга эвийг олдог хүн. Манай кинонд их олон хүүхэд тоглосон л доо. Зураг авалтын үеэр хаа сайгүй гүйлдээд л... Хүүхдүүд яаж жүжиглэх вэ гэдгээ ч мэдэхгүй шүү дээ. Гэтэл Ариунаа эгч тэр хүүхдүүдтэй их амархан хэл амаа олчихдог, удирдаад ажиллаад байж чаддаг байсан. Хүүхдүүд хөөцөлдөөд л тоглож байснаа бүгд Ариунаа эгчийг харахаараа номхон суучихна. Хүүхдүүд зарим зураг авалтаа нэг дублиэр дуусгах ч юм уу командад их орно. Найруулагчийнхаа тэр чадварыг хараад өөрийн эрхгүй бахархаж байсан.
Нэг сонирхолтой зүйл ярихад, “Хоймор өнжих нар” кинонд Билгүүдэй гээд нэг хүү тоглосон. Тэр нэг удаа найруулагчгүй сцен ороод их мундаг байсан юм байна л даа. Тэрийг нь манай зураглаач ах урамшуулж “Өнөөдөр та хоёр их мундаг байлаа” гэсэн чинь Билгүүдэй “Тийн ш дээ наад үгээ найруулагчид сайн хэлээрэй” гэж хэлсэн гэдэг.
Миний хувьд ОХУ-д суралцаж байхдаа нуруундаа бэртэл авчихсан юм. Кинонд тоглож байх тэр үед нурууны хагалгаанд ороод гам барих шаардлагатай байсан. Тэрийгээ Ариунаа найруулагчид хэлэхэд ойлгож, зарим тохиолдолд зураг авалтыг хойшлуулах зэргээр надад их тусласан. Бүр надад монгол тайзны яриануудыг зааж өгөх зэргээр их туслалцаа үзүүлсэн дээ.
-Жүжигчдийн хувьд дүрийн судалгаа гэж том ажил бий. Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний дүр бүтээхийн тулд судалгаа хэр хийсэн бэ?
-Мэдээж кинонд тоглохын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй их харилцсан. Яг хөлгүй болж тоглож байх үедээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд орж зураг авахуулах хэрэгтэй болсон юм. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байсан санагдаж байна. Тэгээд нэг арга хэмжээн дээр очсон чинь намайг жүжиглэж байгааг мэдэхгүй зарим сэтгүүлч ярилцлага авах гээд, би тэднээс зугтаад бөөн юм болж билээ. Орой нь зурагтаар миний нөгөө зугтаж байсан хэсэг гарч байсан /инээв/.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд байхдаа тэднийг их ойлгосон гэж хэлж болно. Тэд өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүлэх дургүй. Тэргэнцэртэй л болохоос биш ухаан санаа нь саруул, хийж бүтээх эрмэлзэлтэй, чадвартай мундаг хүмүүс байдаг юм билээ. Мундаг олон ах, эгч нартай болсон. Түүнчлэн миний Монголд бүтээсэн анхны дүр энэ хүмүүстэй ойр байсан учраас байнга туслаж баймаар санагдсан. Шинэ жил гэх мэт баяр ёслолыг нь очоод хөтлөөд өгдөг ч юм уу, заавал нэг талаар тус хүргэнэ гэж бодож байна.
-Энхжингийн дүр бол их сайн ах байдаг. Амьдрал дээр та дүүтэй юу. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Би яг Энхжинтэй адилхан хоёр дүүтэй. Том эмэгтэй дүү маань Тайваньд сурдаг. Бага дүү маань “Тэмүүжин өрлөг”-т суралцдаг. Ам бүл 5-уулаа. Тухайн үед намайг кинонд тоглож байхад хүмүүс “Чи айлын бага байх аа. Их эрх төрхтэй” гэж хэлнэ. Гэтэл тийм биш гэдгийг найруулагч маань зөв олж харсан даа.
Нэг талаараа Энхжингийн амьдрал яг л Итгэл гэдэг хүний амьдрал юм шиг их ойрхон дүр байсан. Ээж маань нэг удаа киног маань үзчихээд “Яг л чи гарч байна ш дээ” гэж хэлж байсан удаатай. Ер нь л би энэ кинонд яг л өөрөөрөө байсан гэж хэлж болно.
-“Хоймор өнжих нар” кинонд тоглосны дараа олон хүн таныг танидаг болсон байх. Ер нь жирийн иргэнээс олны танил хүн болоход хэр санагддаг юм байна?
-Их олон хүн намайг танидаг болсон байх аа. Дөнгөж жүжигчний гараагаа эхэлж байсан шинэхэн жүжигчинд хүмүүсийн тийм хандлага шоконд ортол мэдрэгдэнэ л дээ. Тэр дундаа кино гарч дууссаны дараа хүүхдүүд намайг их танидаг байсан. Энд тэнд таарвал нэг их сонин юм харчихсан юм шиг амаа ангайтлаа гайхаад, гэнэт гацаад зогсчихно. Тэрийг нь хараад би их бантана аа. Хүүхдүүд над дээр ирээд “Та хөлтэй юм уу” гээд бүр хөлөнд минь хүрч үзэж байсан тохиолдол бий. Ийм байдал зөвхөн надад бус залуу жүжигчин бүрт л тохиолддог байх. Зарим хүн дэргэд ирээд гарын үсэг авъя гэдэг. Би гарын үсэг гэхээс илүүтэйгээр хамт зургаа даруулахыг хүсдэг.
-Шинэ уран бүтээлч, залуу хүний хувьд бүсгүйчүүдийн хараанд хэр их өртөж байна?
-Фэйсбүүкт хандалт их ирдэг ч юм уу тийм байдал бол байна. Бусдаар нэг их айхтар охид, бүсгүйчүүдэд хоргоогдоод байгаа зүйл байхгүй ээ.
-ОХУ-д сурч байхдаа 3 уран бүтээлд дүр бүтээсэн-
-ОХУ-д сурч байхдаа кинонд тоглож байсан гэсэн. Ямар ямар дүр бүтээж байв?
-Оросын киноныхон Холливудын стандартаар гэх юм уу, кинондоо нэг хар арьстан, нэг Ази царайтай хүнийг тоглуулах сонирхолтой болсон. Нэг үеэ бодвол кино урлаг харьцангуй чөлөөтэй, нээлттэй болж байна. Ер нь Ази жүжигчид Оросын кинонд их хэрэг болдог. Тэр тусмаа мэргэжлийн жүжигчид хэрэгтэй байдаг юм билээ. Миний эхний дүр Алексей Берманы олон улсын кино наадамд явсан нэг уран бүтээлд нь туслах дүр бүтээсэн, дараа нь III курст байхдаа Оросын “Бандит” гэх сериалд хятад ноёны дүрд тоглож байсан. Энэ кинонуудад дүр бүтээж байхдаа их олон зүйлийг сурсан. Жишээ нь, гэхэд манайд 5 дубль яваад л дуусгачихдаг бол Орос найруулагч 100 дубль авахаас нааш больдоггүй. Өөрт хэрэгтэй дүрсээ автал зогсдоггүй зэргээс нь харахад уран бүтээл хэр чанартай болохыг илэрхийлэх шиг санагдсан.
-Санкт-Петербургт монгол оюутан хэр олон суралцдаг юм бэ?
-Би 2008 онд ахлах сургуулиа төгсөөд хоёр жил СУИС-д сурсан. Тэгээд 2010 онд ОХУ-д жүжигчин сургах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна гэдгийг сонсоод очиж шалгуулж, тэнцээд хойд хөрш рүү явж байлаа. Тухайн үед надаас гадна есөн хүүхэд суралцахаар явсан. Таван эрэгтэй, таван эмэгтэй... Бидний нэг маань сургуулиа төгсөөд Петербургтээ орос эхнэр аваад үлдсэн. Зургаа нь Улаан-Үдийн театрт ажиллаж байгаа бол хоёр нь Монголдоо уран бүтээлээ хийгээд явж байна даа. Хойно суралцаж байхад нэртэй фильмүүд кинонд тоглоочээ гэх урилгыг их ирүүлнэ. Ази царайтай жүжигчид хэрэгтэй байна гээд л дуудна. Тэр бүрт нь бид бас хоорондоо жаахан өрсөлдөнө. Учир нь цалин өндөр байдаг байсан учраас өрсөлдөөн ихтэй гэх үү дээ.
-Монголчуудаас өөр улс орны оюутан хэр олон байдаг байв?
-Манай анги олон улсын анги байсан. Тухайн үед манай ангид Монгол, Солонгос, Беларусь болон ОХУ-ын оюутнууд сурч байсан.
-Гадаадад сурахад хэлний бэрхшээл их байдаг гэдэг. Таны хувьд тийм зүйл тохиолдов уу?
-Оросод суралцаж буй гадаад оюутнуудын хувьд хэл бол мэдээж том асуудал. Зайлшгүй сурах ёстой. Сурч байж бусадтайгаа харьцаж, жүжигт тоглоно, дүрээ амилуулна. Тиймээс хэлэндээ маш их анхаарч, яаралтай сурахыг хичээсэн. Тэгсний хүчинд тэдний хоорондоо хэрэлдэж байгааг хүртэл ойлгодог болсон шүү.
-Сурахын хажуугаар ажилладаг байв уу?
-Ажиллана аа. Мэдээж амьдрахын тулд ажиллах шаардлага гарна. Баарны гадаа барковшик хийнэ. Гоё, гоё машин ирэхэд нь барьж зогсоолд тавьчихаад гарын мөнгө авна, ажиллаж буй баарнаасаа бас мөнгө авна. Ингэж л амьдардаг байлаа даа.
-Хичээл хэр их ордог юм бэ?
-Анх оччихоод нэгдүгээр курст байхдаа хичээлээ дийлэхгүй их хэцүү байсан. Бүр манай ангийн нэг охин ухаан алдсан тохиолдол бий. Тэгээд л сүүлдээ сурчихдаг юм билээ.
-Би жүжигчин гэдэг мэргэжлийн дөнгөж “Ж” үсэгний талыг л мэдэж авч байна-
-О.Итгэл яагаад жүжигчин болов. Урлагт ороход хэн нэгэн нөлөөлөв үү?
-Манай удамд урлагийн нэг ч хүн байхгүй. Эгч маань СТӨ-нд ажилладаг байсан. Багадаа их ч олон жүжиг, хошин шогийг “туулайчилж” үзсэн дээ. Тэгээд 2008 онд физик, математиткийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгссөн. Ер нь манай сургуулийг төгссөн бүх хүүхдүүд эдийн засагч, нягтлан гэх мэт тооны чиглэлийн хүмүүс болдог. Би бараг ганц жүжигчин нь байж магадгүй. Тухайн үед ЭЕШ-ынхаа оноог ээж ааваасаа нуун байж, СУИС-д шалгалт өгч, тэнцсэнийхээ дараа гэрийнхэндээ хэлж байсан. Эцэг, эх маань их эсэргүүцсэн. “Удмынхан чинь насаараа нягтлан хийсэн хүмүүс байхад чи жүжигчин болох гэлээ” гэж их загнуулсан. Бүр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оруулна гээд бөөн юм болж байлаа. Би зөрүүдэлж, уйлаад л...
Тэгээд СУИС-т орсон ч хажуугаар нь “Мандах бүртгэл” дээд сургуульд зэрэг сурч байлаа. За тэгээд хоёр сургуульд зэрэг сурна гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр тусмаа СУИС, “Мандах бүртгэл” хоёрт зэрэг сурна гэж хэзээ ч байхгүй юм билээ. Тэгээд хоёр туулай хөөгөөд хоосон үлдэхийн даваан дээр “ОХУ-д жүжигчнээр сургана” гэдгийг сонссон. Бас л нууцаар шууд очиж шалгалт өгөөд эхний хоёр шалгалтад тэнцчихсэн. Үлдсэн гурван шалгалтыг нь Орост очиж өгөх байсан. Хэдийгээр яг сургуульдаа орох эсэх нь шийдэгдээгүй байхад гэртээ “За би Орос явж сурлаа. Тэнд сурахаар болсон” гээд л орж байлаа. Тэр шалгалтуудад тэнцээд улсынхаа захиалгаар дөрвөн жил суралцах аз тохиосон доо.
Гэхдээ би өөрийгөө ОХУ-д сурч ирчихээд жүжигчин болчихлоо гэж ярьж явах ёсгүй гэж боддог. Би одоо жүжигчин гэдэг үгний ердөө Ж үсэгний тал дээр л явж байна шүү дээ.
-Ээж, аав нь одоо яаж хандаж байна. “Эсэргүүцэж байсан нь буруу байж” гэж хэлж байна уу?
-Тэгж хэлсэн юм байхгүй ээ. “Хоймор өнжих нар” киноны нэг хэсгийг хараад ээж маань уйлж байсан. Тэр нь Энхжингийн амиа хорлох гэж байгаа хэсэг л дээ. Би хүртэл өөрөө хараад их эвгүйцсэн. Тухайн үед тэрийг хараад уйлж байгаа ээжийгээ хараад бас их өрөвдөж, сэтгэл өвддөг л юм билээ.
Хэдийгээр би аав, ээжийнхээ хүслийг биелүүлж, нягтлан болоогүй ч эмэгтэй дүү маань нягтлан мэргэжлээр суралцаж байгаа. Тэр л ээж, аавыг маань их тайвшруулдаг байх.
-Кинонд тоглох санал ирж байна уу?
-Ирж байгаа. Гэхдээ би кинонд урилгаар тоглохоос илүүтэйгээр проб өгөөд шалгарч тоглохыг хүсдэг. Тэр нь надад илүү таалагддаг, шударга санагддаг гэх юм уу даа. Проб өгнө гэдэг жүжигчин мэргэжлийг сонгосон хүмүүст бас нэгэн бахархал байдаг юм болов уу гэж би боддог юм.
-Жүжигчдийн ярианаас сонсож байхад түүхэн кинонд дүр бүтээх сонирхол их байдаг юм билээ. Таны хувьд... ?
-Мэдээж жүжигчин гэх мэргэжлийг сонгосон л юм чинь дүр, дүрд хувирч үзэхийг хүсэлгүй л яахав. Гэхдээ яг одоогоор түүхэн дүр гэхээр буухгүй байна л даа. Гэхдээ түүхэн кинонд надад оноогдсон, ажиллахад амар дүр байвал оролдоод л үзэх байх. Бидний хувьд бол айхтар том жүжигчид биш учраас бүтээнэ гэхгүй, зөвхөн тэр дүр дээр ажиллаж чадна л гэж хэлнэ дээ.
-Таны хувьд хэн том жүжигчин бэ. Мэргэжлийн багш нарынхаа тухай яриач?
-Эхлээд би Сумъяагийн Сугар багшийн ангид байсан. Дараа нь “Театр урлагийн академи”-д очоод Еврей гаралтай Яна Тумина гэх багшийн шавь болсон. Биднийг анх очиход 36-тай залуухан багш байлаа. Үнэндээ ОХУ-д суралцаж байх үед тэр багш надад бүх мэддэг, чаддаг, авьяасаа өвлүүлсэн гэж боддог. Суралцахаар очсон 10 оюутны нэг нь л хэл мэддэг, нөгөө хэд нь огт мэдэхгүй, чих нь онгойгоогүй юугаа ч мэдэхгүй явж байхад бидэнд их тусладаг байсан. Хэл сурч эхэлснийхээ дараа багшийнхаа талаар судлаад эхэлж байгаа юм л даа. Учир нь багш маань дэндүү суут гэж хэлмээр сэтгэдэг хүн байдаг. Хүний санаанд оромгүй зүйлсийг сэтгэж, биднээр тоглуулдаг байсан. Бүр багшийн маань тавилтаар тоглогдсон жүжгийг үзээд шоконд орсон хүмүүсийг ч зөндөө харж байсан. Босч чадахгүй, уйлаад л, уйлаад л... Тиймээс багш минь их агуу. Хэдийгээр энэ ярилцлагыг маань уншихгүй байж магадгүй ч би багшдаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.
-Багшаасаа авч байсан хамгийн том урам юу вэ?
-Оросууд Монгол нэрийг их аялагатай хэлнэ л дээ. Нэг удаа багш маань намайг дипломын жүжигт амжилттай тоглосны дараа “Идгөл” гэж дуудаад эрхий хуруугаа гозойлгож байхад нь би маш их баярлаж байсан. Бүр уйлсан... Манай багш нар загнана уу гэхээс айхтар магтаад байдаггүй юм.
-Ер нь бүтээхийг хүсдэг дүр байв уу?
-Байсан л даа. Гэхдээ цаг хугацааны хэрээр өөрчлөгдөж байна. Жүжигчин болно гэж бодож байхдаа “Би Ромео болно” гэж бодож байсан бол дараа нь дүрийнхээ гүн рүү ороод судлаад ирэхээрээ Чеховын жүжгүүдийн гол дүрийг бүтээмээр санагддаг ч юм уу. Байнга өөрчлөгддөг. Гэхдээ жүжигчин хүн бүх л дүрд тоглож үзэх хэрэгтэй гэж боддог. Биднийг Оросод суралцаж байхад нэгийг нь ялгаж “Чи л Ромео. Ромеогийн дүр чамд л зохино” гэж хэлэхгүй.
Тухайн жүжгийн пробонд эхний өдөр хэн сайн байсан нь Ромео, тэрний дараагийнх нь Дефолт гэх мэтээр оноодог байсан. Ердөө л хүн бүр тэр дүрд тоглох ёстой гэдэг зүйлийг сургалтын программдаа суулгаж өгсөн байдаг. Тэгэхээр их сонирхолтой л доо. Хүн бүр тэр дүрийг өөр өөрийнхөөрөө гаргах гэж хичээнэ гэдэг өөрөө маш том шалгуур болж байдаг. Миний хувьд бол бүх дүр хамгийн чухал.
-Одоо хаана харьяалагдаж байна?
-Намайг төгсөөд ирсний дараа нэг хүн “Чи яг юуны хүн бэ. Хошин урлаг, драм, киноны алинд нь чи байх ёстой гэж бодож байна. Түүнийгээ мэдчихээд ир” гэж хэлж байсан. Гэтэл бидний сургалтын программд байсан зүйл өөр л дөө...
Гэхдээ би сая кинонд явж үзлээ, нэг продакшнд харьяалагдаж, нэг тоглолтод хүртэл орсон. Тэгээд театр, киногоо дагнавал зүгээр юм байна аа гэж бодсон. Магадгүй би үүгээр илүү амжилтад хүрч болох юм. Одоогоор би өөрийгөө олоогүй л явна. Би одоо жүжигчин Д.Бямбацогт ахтай хамт “Нисдэг театр” гэх шинэ ТББ-д харьяалагдаж байгаа.
-О.Итгэлийн амьдралыг кино урлагийн аль нэг дүртэй харьцуулбал...?
-Энхжингийн дүртэй л адилхан юм уу даа.
-Хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?
-Их. Бага байхдаа ч, одоо ч жаахан өрөвдөлтэй кино гарах юм бол уйлаад л байдаг. Өнөөдөр л гэхэд машины маань урд нохой явж чадахгүй байгаад байхаар нь авч машиндаа хийгээд гэртээ аваачиж хооллочихлоо /инээв/.
-Дутагдлаа нэрлээч гэвэл?
-Их зөрүүд. Өөрийнхөө бодлыг тулгачихдаг. Гэхдээ Орост сурч байхад багш маань намайг их өөрчилсөн дөө.
-Бид Орост суралцсан жүжигчдийн гурав дахь үе-
-Таныг “Хайрын далавч” дууны клипэнд тоглож байсныг мэдэх юм байна?
-МҮОНТ-ийн уран бүтээл “Амьдрал чиний төлөө”, “Гурван найз” зэрэг кинонд тоглосон Т.Энэрэлтэй хамт энэ дууны клипэнд тоглож байсан. Бид хоёр өмнө нь Э.Чинбаярын “Хайр амталсан өдрүүд” дууны клипэнд бас тоглож байсан л даа. Т.Энэрэлийн хувьд миний гэргий. Бид хоёр “Хайрын далавч” дууны клипний зохиолыг өөрсдөө гаргасан. Зохиол бичиж байхдаа энийг ингээд биччих үү, ийм зүйл тохиолдоход хоёулаа яадаг билээ гэдэг ч юм уу өөрсдийнхөө туулсан зүйл дээр тулгуурлаж бичсэн гэж хэлж болно. Их хурдан бүтсэн клип.
-Сүүлийн үед жүжигчид их кино, жүжиг найруулдаг болж. Танд ийм бодол бий юу?
-Одоогоор надад бодсон санасан зүйл алга. Ямартай ч эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг хүртэнэ дээ.
-Монголд сүүлийн үед залуу жүжигчид кино хийх нь олон болж. Тэгвэл Орост энэ тал дээр яаж ханддаг вэ?
-Айхтар кастинг хардаггүй. Хүмүүс ашгийн төлөө болсон. Тухайн киног олны танил хүн хийсэн бол түүнийг дагаад үзэгчид их ирдэг гэх бодлогыг баримталдаг.
-Таны хойд хөршид сурсан шиг боломж монгол оюутнуудад жил бүр олддог уу?
-Бараг 10 жилд нэг удаа ингэж сургадаг байх аа. Ийм нөхцөлтэйгөөр сургаж байсан анхны тохиолдол Хасар Жагаа, Г.Уранчимэг, Р.Мөнхсайхан ах нарын үе. Дараагийнх нь Баянзул ахын үеийнхэн байгаа. Гурав дахь үе нь бид. Үүнийг В.Путины систем гэдэг юм билээ. Улс цаанаас нь төлбөрийг нь даадаг. Ганцхан монгол гэлтгүй бусад орноос 10 оюутан шалгаруулж авчраад л бэлтгээд буцаадаг. Нэг үгээр хэлбэл, олон жилийн дараа дахин цус сэлбэдэг гэх юм уу даа.
-Тэгэхээр та нар улсад “өртэй” байх нь ээ?
-Бид гэрээтэй явсан. Ирээд Монголдоо 4 жил ажиллах ёстой. Тэгээд сургуулиа төгсчихөөд Монголдоо ирсэн чинь биднийг ажилд аваагүй. Ажлын байр, төсөв төлөвлөгөөнд нь ороогүй болохоор тэр байх л даа. Бас хэцүү л дээ. Биднийг ирэнгүүт зүв зүгээр ажлаа хийж яваа хүмүүсийг хална гэдэг бол байж болохгүй л асуудал. Ямартай ч бид улсдаа дөрвөн жил ажиллах “өртэй”.
-Ярилцсанд баярлалаа.
www.MNB.mn
bb · 2015/10/25
ikh ukhaalag hersuu awyastai saikhan huu bna.bidnii ireedui iimgegeeleg zov bodoltoi baigaa mni bakharkhuushtai bna.unuudriin hamgiin taalagdsan test bailaa
Зочин · 2015/10/25
Sain togolson shuu.Duud ni togolson ter huu bol bas mundag jujiglesen