АЛБАН ЁСООР ХУУРАХ ЭРХ

Бид хууртаж ханахгүй юм. Хорин хэдэн жил хууртаж ирсэн, өнөө ч хууртаж байгаагаа мэддэг мөртөө “тэд хуурах ёстой, бид ч хууртаж байх ёстой” гэж үздэг ард түмэн дэлхийд өөр байдаг эсэхийг мэдэхгүй. Хааяа зарим нэг нь мэдээллийн хэрэгслүүдээр “Одоо л ёстой хууртахгүй юм шүү, ард түмээн” хэмээн уриалах боловч түүнийг тоож байгаа нь нэгээхэн ч үгүй.

Сая “нийслэлийн өдөр” хэмээн биднийг хуурах арга хэмжээ дахиад л явлаа. Бид ч түүнийг талархан хүлээж авлаа. Ялангуяа Сонсголонгийн шинэ зам хотын дарга нарын зүгээс бидний хулхин дээр ургуулсан хамгийн том, анхилам үнэртэй цэцэг болон дэлгэрч, түүнийг тойроод бусад зам, талбай, барилга болон бусад цэцгүүд мандал болон намилзав. “Хөөрхий, хотынхон ч бас ч гэж их юм хийж байгаа шүү” гэсэн үг энэ өдөр хүн бүрийн амнаас гарав.

Бид хууртаж үнэхээр ханахгүй юм. Нийслэлийн өдрөөр хотынхны хамгийн том амлалт болох “ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ЗАМААР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ БУУРУУЛНА” гэсэн амлалтыг хэн ч нэхэж шаардсангүй. Уянга ч дуугарсангүй. Ерөөс тийм амлалт өгөөд гарч ирснийг нь бид бараг мартах дөхжээ. Жишээлэхэд миний бие компьютерийн том үйлдвэр байгуулахаар төсөл гаргаж, төр засгаар дэмжүүлж, зээл авч, хүн бүрийн сэтгэлд Монголд бүх эд ангийг нь үйлдвэрлэсэн компьютер гарах нь гэсэн хүлээлт үүсгэлээ гэж бодъё. Үйлдвэр ашиглалтад орох хугацаа болоод дарга нар, зээлдэгч банкныхан хүрээд ирсэн чинь баахан хүүхэн суулгачихсан, оймс нэхдэг үйлдвэр байгуулчихаж. Намайг өршөөнө гэж бодно уу? “Хөөрхий бас ч гэж өгсөн мөнгийг таг залгичихаагүй, юм хийсэн байна аа” гэж хэн нэгэн хэлнэ гэж санана уу? Май л байна, ёстой ил гал өрдөж байгаад намайг давс ч үрэлгүй шарж орхино. Гэтэл хотын дарга нар бүгд л өршөөлд хамрагдах нь.

Энд нэг сонин юм харагдаад байгаа юм. Амласан үйлдвэрээсээ шал өөрийг байгуулсан намайг хэн ч өршөөхгүй, харин хотын дарга нарыг бол өршөөдөг байх нь. Албан тушаал нь том болох тусам амлалтаа биелүүлээгүй ч байсан өршөөлд хамрагдах магадлал өндөрсөөд ирнэ. Уг нь бол эсрэгээрээ байх ёстой юм. Компьютерийн үйлдвэр байгуулахаар зээлсэн мөнгөнийхөө талыг би авах ёстой зөвшөөрлөө авахын тулд албан тушаалтнуудад, эрх мэдэлтнүүдэд хахууль болгоод өгчихснөөс болоод мөнгө хүрэлцэхээ больсон байж болох, гэх мэт, олон шалтгаан байж мэднэ. Тэгвэл дарга нарт ямар шалтгаан байна? Тэд хэнийг ч хахуульдах хэрэггүй, мөнгө нь гарын дор, бүх судалгаа шинжилгээг хийлгэх боломж, эрх мэдэл, бүх юм байна. Тиймээс тэднийг амласнаа биелүүлсэнгүй гэж өршөөж уучлах үндэслэл нь төлөвлөснөө хийж чадалгүй “шатчихсан” жирийн нэг бизнесменийхээс хамаагүй бага. Бат-Үүлийн багийнхан гарч ирэхдээ рейлбус авна, өчнөөн тэрбумаар цэцэг тарина, дугуй түгжинэ гэж дуугараагүй. Тэд УТААГ АРИЛГАНА л гэсэн. Харин сая тэр талаар огт дуугарсангүй, бид ч нэхсэнгүй.

Эндээс хэдэн зүйл харагдана. Нэгд, бид эрх баригчдын салхинд хийсгэж байгаа мөнгө, хөрөнгийн төлөө нэг их сүйд болохоо больж. Ямар миний хармаанаас гарч байгаа биш, “төсөв” гэдэг ёроолгүй савнаас гарч байгаа юм чинь, өөрийнхөө хоногийн хоолны мөнгийг яаж олъё гэж байж, бусдын идчихсэн, хийсгэчихсэн мөнгийг тоолж суухтай манатай.

Хоёрт, дарга л бол идэх ёстой гэсэн бодол бидний толгойд бүүр тухалчихаж. “Ямар бүгдийг нь идчихсэн биш, бага хагасаар нь ч гэсэн зам барьж, цэцэг тарьж байгаа нь их юм” гэсэн бидний бодлын цаана дарга нар гартаа орсон мөнгийг юу ч үлдээлгүй, хувьдаа хуу хамах эрхийг нь хүлээн зөвшөөрөөд ч байгаа юм шиг.

Гуравт, би ямар ганцаараа хууртаж байгаа биш, манай хамар хашааны Дорж ч бас адилхан хууртсан мөртөө дуугүй л байна шүү дээ, тэхээр би заавал түрүүлж дуугараад яах юм гэсэн бодлоор өөрийгөө чөдөрлөдөг болж.

Хамгийн гол нь бид энэ байдлаас гарах ямар ч гарцыг олж харахгүй болоод уджээ. Нэгийг хуурлаа гээд нөгөөд нь саналаа өгнө, тэр нь бас л хуурна, тэгсээр байгаад бид хууртаж амьдрах хувь тавилантайгаа бүрэн эвлэрснийг нийслэлийн өдрийн арга хэмжээ харуулж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл дарга нарын албан ёсоор ард түмнээ хуурах эрхийг нь бид бүрнээ хүлээн зөвшөөрчээ. Тиймээс бид өөрсдийгөө сүнсгүй хуурч орхисон хотын дарга нараа баяр талархлын үгээр харамгүй буллаа. Тэд, бидний нийтлэг ойлголтоор бушуухан хуваагаад залгичих ёстой байсан, бараг тэгэх байх ч гэж хүлээж байсан төсвийн мөнгийг арай ч бүгдийг нь жальчихалгүй, багаахан хэсгээр нь цэцэг тарьж, зам тавьж, рейлбус авсан нь биднийг үнэхээр уяраасан аж. Үүний төлөө дахиад нэг байтугай нэлээд хэдэн өвөлдөө утаагаар амьсгалсан ч яахав болж.

Харин үүнийг нөгөө талаас нь өнгийвөл ирээдүйдээ итгэх итгэл гэдэг юмыг бид тэр чигээр нь тавиад туучихсан байгааг харж болох юм. Ойрын ирээдүйд бид яаж өөрчлөгдөх вэ, улс орон маань яаж хөгжиж, жилийн дараа, гурав, тав, арван жилийн дараа аль түвшинд хүрсэн байх вэ гэх мэтийн хөгийн асуудлууд бидний санааг зовоохыг больж, өнөөдөр болж байна, тэгээд л болоо, монголчууд тэнгэрлэг учраас тэнгэр биднийг хаяхгүй нь баараагүй, нэг л нартай сайхан өдөр Чингис хаан дахин төрж, бид дэлхийн тавцан дээр цойлоод л гарна гэсэн бодлоор сэтгэлээ тэжээхээс цаашихыг бодохыг ч хүсэхгүй, даяаршил, түүнтэй шууд холбоотойгоор улам газар авч байгаа терроризм, хар тамхины хэрэглээ, хорт хавдарын тархалт зэрэг асуудалд улам орооцолдон ээдэрсээр байгаа дэлхийн бөмбөрцгийн улс орон, хүн амын дунд энэ талаар сэтгэлээ хамгийн бага чилээж байгаа нь бид гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй, асуудлыг шийдэх эрхийг бусад ард түмэнд даатгачихаад урсгал даган, аль ч эрэг рүү хаягдсан яах вэ гэсэн бодолтой хөвж байгаа, нэг бодлын хамгийн жаргалтай ард түмэн юм даа, бид. Тиймээс сонгууль дөхөхөөр намуудын өгдөг “бид гараад ирвэл дөрвөн жилийн дотор Монгол улсыг тэгж, ингэж хөгжүүлнэ, та нарын амьдралыг тийм, ийм болгоно” гэсэн амлалт бидний сонирхлыг татахгүй, “Хотын утааг багасгана гэсэн, яасан бэ?” гэж, хөмсөгөө зангидаж ирээд л нэхэл хатуутай асуух нь зөвхөн өөрсдөө дараа нь хотын эрх барихыг хүсч байгаа өрсөлдөгчийнх нь л хийх ёстой ажил. Хажуудхан юм шиг харагдах мөртөө хаа хол тэнгэрт байгаа бурхад шиг алсад орших улс төрчдийн хоорондын эвдрэлцэл, эвлэрлийн аль аль нь бидэндээ бол Өмнөд тивийн хэдэн оцон шувуу энэ жил наранд цохиулж, мажийгаач болов гэсэн асуудалтай л адил хэмжээнд хамаатай.

Сонин юм шүү, хориодхон жилийн өмнө бид бүгд Ардчиллаар гулгиж, хүний эрх, иргэний эрхээрээ бамбай хийж, санаандаа орсон бүхнээ нэхэж, шаардаж, төрийн албаныхныг бэмбэгэнүүлж, хайлсан тугалга шиг л бөмбөрүүлдэг байв шүү дээ. Өнөөдөр бид тэр үедээ хэтэрхий их эдэлсэн Ардчилалдаа пологтоод, төрийн үйл ажиллагаанд оролцох иргэний үүргээсээ эмийн чөлөө аван бултаж, сонгуулийн өдөр л нэг муу юм, яраглаж, энээ тэрээ болж байж саналаа чүүтэй чаатай өгдөг болоо шив. Бид төр, засгийн, бүр өөрсдөдөө шууд хамаатайгаар гаргаж байгаа асуудалд хүртэл оролцохоос илэрхий цааргалан, “надаар дутав л гэж, хариуцсан улс байдаг биз дээ, тэдний л шийдэх асуудал” хэмээн ухалзаж, дээр үед “коммунист субботник” нэрийн дор үнэ хөлсгүйгээр газар ухуулах гэж хүрзний иш хүчээр атгуулах гэхэд ханддаг байсан шигээр уцаарлах болж, төрийн тогтолцоо, ардчиллын учир жанцан, улс орны хөгжлийн арга зам, Монгол улсын олон улсын тавцанд эзлэх байр суурийн урагшлалт, ухралт сэлтийг сонирхдог, ажигладаг, шинждэг, сэтгэл хөндүүрлэдэг монгол хүмүүсийн тоо улаан номонд орсон мазаалайн тоо толгойноос ч хурдан цөөрч, доод зах нь хоёр зуун грамм виски татаагүй байхдаа энэ сэдвийг хөндөх нь төв талбайгаар дотоожгүй, хамаг юмаа гаргачихаад явахын адил ичгүүртэй зүйл гэж үздэг болсон байх юм. Нэг үгээр хэлэхэд бид аливаа хариуцлагыг өөр дээрээ авахаас аль болох зайлсхийж, “Яршиг төвөг, бужигнуулчихвал бүр дордох ч магад, энэ дайны байгаа нь их юм, ямар Африкийн орнуудын хэмжээнд хүрчихсэн биш, болж л байна” хэмээн өөрийгөө өегшүүлж сурчээ. Тэрнээсээ болоод хэн нэгэн хагас ухаанцар царайтын улаан цагаан худлаа ш... чихсан үгийг абсолют үнэний хэмжээнд хүлээн авч, тэр нь сүүлдээ шал худлаа гэдэг нь илэрсэн ч унахааргүй, нийгмийн сэтгэлгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн болж өргөмжлөгдөх нь энүүхэнд ажээ.

Үүнээсээ болоод бид жинхэнэ эх оронч, шударга хүмүүс байдагт итгэхээ болив. “Энэ нэг юм шударга царайлчихаад худлаа даа, цаана нь нэг бодол байж л таарна” хэмээн ухаж төнхөж, юм олдохгүй бол бүр ч зэвүүцэн, ийм сайн нуугаад байгааг бодоход энэ баагийгийн хууралт илүү зэвүүн, хорлонтой байж таарна гэж шууд дүгнэнэ. Энэ утгаараа албан тушаал, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөөд байгаа нь илт хүмүүс бидний нүдэнд үнэхээр Монголын төлөө, монголчуудын төлөө санаа зовж байгаа хүмүүсээс илүү дотно бөгөөд ойлгомжтой, эевэргүү харагдах ажээ.

Үүгээр монголчууд бидний боловсролын түвшин наранд тавьсан дотуур цамцны чийг шиг хурдан ууршиж байгааг харж болно. Аливаа юманд оюун дүгнэлт хийх чадвараа улам алдаж, үнэгний сүүлнээс ч өчүүхэн юманд нийтээрээ хууртах нь сонгуулиас сонгуульд нэмэгдэх болов. Үүнийг ашиглан, чадахгүйгээ чаддаг, мэдэхгүйгээ мэддэг дүр эсгэн, бидний тархийг угаах сонирхол тээгчдийн бүхэл бүтэн давхрага үүсэв. Би энд ганц намууд, улс төрчдийг ч хэлээд байгаа юм биш. Түүхийн судалгааны аргачлалын талаар “түй” гэх хэмжээний ч мэдлэггүй холбооны инженер “түүхч, судлаач” гэж өөрийгөө цоллон, Соёлын гавъяатын тэмдгээр мялаалгасан жишээ бэлхэнээ байж л байгаа хойно, сонгуульд ялсан улс төрчдийн тухай ярих нь илүүц биз. Тэдэнд гомдох нь бүр ч илүүц, юу ч хэлсэн итгээд байдаг хүмүүсийг хуурахгүй байх нь зөвхөн тэр улс төрчийн илжиг шиг тэнэг гэдгийг л харуулахаас цаашгүй. Гашуун ч гэсэн үнэн энэ юм.

Хорин хэдэн жилийн өмнө бидний хэдэн залуус Ардчилсан хөдөлгөөнийг анх эхэлж байхдаа Ардчилсан тогтолцоо гэдгийг огт өөрөөр харж байсан билээ. Хүн бүр нийгэмд өрнөж байгаа үйл явдлын төлөө бусдынхаа өмнө хариуцлага хүлээдэг нийгмийг бий болгохыг үнэнээсээ хичээн мачийж, тийм болно гэдэгт итгэж явсан цаг саяхан. Бид хэт хийсвэр мөрөөдөлдөө автаад, эхэлсэн зүйлийг маань шал өөр тийш нь хөтлөөд явчихаж байгааг харсаар байж, зогсоож чадаагүй юм. Уг нь оролдсон л доо, Ардчилсан хөдөлгөөн ид өрнөж байсан 90-ээд оны үед миний зүгээс Зориг, Элбэгдорж, энэ хэдтэйгээ байнга үгийн сэлэм зөрүүлж байсны учир энэ. Гэхдээ би эцэст нь хүргэж чадаагүй орхисоон, үнэн.

Хамгийн гол нь бид “нуухыг нь авах гээд...” гэдэгчлэн, өмнөхөөсөө хамаагүй дордуулсан байх юм. Өмнөх нийгмийн үед ядаж сэхээтэн нь сэхээтэн шиг, улс төрч нь улс төрч шиг, үгүйдээ л ажилчин нь ажилчин шиг, үнэхээр нэр хүндтэй, чадвартай, мэдлэгтэй, тэр утгаараа нийтийн хүндэтгэлийг хүлээж чадсан хүмүүс байж. Өнөөдөр бүгд шүлэг бичдэг мөртөө тэр гээд нэрлэчих зохиолчгүй, бүгд цол зэрэгтэй мөртөө энэ нь арай дөмөг гээд нэрлэчих эрдэмтэнгүй, бүгд сонгуульд ордог мөртөө энэ л нэг улсыг аваад явчих хүн мөн дөө гээд шууд заачих улс төрч олдохгүй, гудамжинд гараад хаашаа ч нулимсан нэг гавъяатыг оночих гээд, хэцүү болж.

Тэгвэл үүнийг одоо зөвтгөн засах арга байгаа эсэхийг ярих цаг болсон мэт. Эрх мэдэлтэй нэгэнд нь дарлуулж дасаад, илт хуурч хулхидсанд нь баярлаж талархсанаа илэрхийлэн, сүүлээ шарвагануулах хүртлээ доошоо орсноос болж бид ерөөсөө улс орон маань хаашаа яваад байгааг харах чадвар муудаж байна. Энэ бол Та бидний өнөөгийн өдөр, оройн хоолны асуудал биш, ирээдүйн асуудал, энэ асуудалд өөрийгөө хариуцлагаас чөлөөлөх эрх хүмүүн хэмээх бодгаальд байдаггүй юм. Бид хууртаж болно, энэ бол шинэ юм биш, биднийг хэнд ч битгий хууртаж байгаарай гэсэн бурхны зарлиг хаана ч байхгүй. Хууртахгүй хууртахгүй, хаширлаа л гэж байна, 2016 оны сонгуульд, цааш цаашдаа ч гэсэн олон удаа хууртана. Бид ч ганцаараа хууртдаг юм биш, жишээ нь, 70-аад оны үед Энэтхэгийн Дели хотын сонгуульд баахан амлалт өгч ялалт байгуулсан нэг нам амласнаа хийж чадахгүй болохоороо гудамжинд баахан усан оргилуур барих болж, хүмүүс сүүлдээ тэр намын албан ёсны нэрийг хүртэл мартаад “Фонтан” буюу усан оргилуурын нам гэж нэрлэдэг болсон хөөрхөн жишээ буй. Гэхдээ хууртаж сурна, хууртаж амьдрахаа амьдралын хэвшил болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол шал өөр асуудал. Жижиг сажиг юман дээр гэнэдэж хууртах нэг өөр, улс орны ирээдүйн асуудал дээр мэдсээр, харсаар байгаад хууртана гэдэг огт өмнөө асуудал. Эрх баригчид биднийгээ хуурч сурсан биш, бүр байчихаад, өөрсдөө гадныхан, барууныханд чөлөөтэй хууртаж, Монголынхоо хувь заяа, ирээдүйг тэднээр мэдүүлэх тийшээ илэрхий, ичгүүргүйгээр зүтгэж эхэлсэн нь санаа зовох асуудал мөн. Улаанбаатарын гудамжинд олон цэцэг тарьснаар, Сонсголонгийн замыг ашиглалтад оруулснаар, АСЕМ-ийн уулзалтыг Монголд хийснээр бидний ирээдүй, Монголын хувь заяа баталгаатай болчихно гэж бодож байвал тэрүүн шиг тэнэг юм байхгүй.

Өнөөгийн парламентын засаглал манайд утга учраа бүрэн алдаж, хөгжлийн зам, хөгжлийн арга технологийн талаар анхны мэдэгдэхүүнгүй нам, нам ч гэж дээ, нарийн дээрээ бол намын даргыг тойрон бүжсэн хэдхэн хүн биднийгээ ангайтал хуурч байгаад сонгуульд ялмагцаа өөрсдийгөө их юманд бодож, гадныханд дуртайяа, бүр гуйж түүж байгаад хууртах замыг сонгоход түлхэц үзүүлдэг арга хэрэгсэл төдий болж хувирчээ. Үүнээс болоод бид өөрсдөө ч мэдэлгүй өчнөөн өрөнд баригдаж, газар нутгаа, байгалийн баялгаа барьцаалж байгааг харсаар байж дуугүй суухаас, дасан зохицохоос өөр аргагүй болж байгаа нь эмгэнэл. “Нийслэлийн өдөр” гэсэн эмгэнэлт-инээдмийн жүжигт хандаж байгаа бидний хандлага бол ямар ч хэмжээнд хууртахад сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэгдсэнийг маань харуулсан тод, гэхдээ цорын ганц биш, жишээ.

Хэрэв бид монголынхоо ирээдүйг бодох юм бол сонгуулиар гарах болгонд төрийн дээр сандайлаад суучихдаг элбэг арвин бөгстэй намуудын үйл ажиллагааг шууд саармагжуулах, үнэхээр эх оронч гэдгээ харуулсан, өндөр боловсролтой, чадвартай нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлж чадах Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр лүү шууд орох нь зөв. Цорын ганц биш байж болно, гэхдээ хамгийн дөт зам нь энэ гэж харагдаж байна. Энэ тухайд цаашид дахин өгүүлэх болно.

 

Чимидийн ЭНХЭЭ