Өршөөл үзүүлэх тухай хуулийн ажлын хэсгийн комиссоос өчигдөр мэдээлэл хийлээ. Хуулийг аравдугаар сарын 29-нд баталснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ажлын хэсгийн мэдээлснээр ял эдэлж буй иргэдийг өчигдрөөс албан ёсоор суллаж эхэлсэн байна. Тухайлбал, өршөөвөл зохих ялтнуудын судалгааг ШШГЕГ- аас гаргаж прокурорын байгууллагад шилжүүлж, прокурор судлаад шүүхэд өршөөвөл зохих ялтнуудын нэрсийг шилжүүлсний дагуу суллаж эхэлжээ. Ялтнуудыг суллах ажиллагаа гурав хоног үргэлжлэх аж. Одоогоор ял эдэлж байгаа 6000 гаруй ялтнаас 3000- д нь Өршөөлийн хууль үйлчилж буйг онцолсон юм. Өршөөлөөр суллаж буй хүн тус бүрт шүүх хурал болж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа тул нэг өдрийн дотор суллах боломжгүйг хэлсэн. Өршөөл үзүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх ажилд Монгол Улсын прокурорын байгууллагын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих бүх прокурор оролцож байна. Мөн 25 шүүх оролцож байгаа аж. Ингээд өнөөдөр /өчигдөр/- өөс эхлэн гурав хоног шүүх хурал болж ял эдэлж буй ялтнуудыг хорих ангиас суллаж дуусна. Урьдчилсан байдлаар нийт өршөөл үзүүлбэл зохих 3000 ялтнаас 2000-ыг нь суллахаар байгаа аж. Шүүхээр ялтнуудыг лхагва, пүрэв, баасан гаригт суллаж дуусна. Өршөөлийн хуульд хамруулж буй иргэдийн 1200-г нь Улаанбаатарт авчирна. Мөн 800 орчим ял эдэлж байгаад гарсан иргэнийг орон нутгийн хорих ангиас ар гэрт нь гаргахаар болсон байна. Харин нийслэлд авчрах 1200 иргэний 800 нь Улаанбаатарын харьяат байна. Үлдсэн 500-600 иргэнийг Улаанбаатараас орон нутаг руу буюу ар гэрт нь хүргэхээр зохицуулжээ. Энэ үйл ажиллагааг ирэх баасан гаригт Зайсан дахь 401 дүгээр хорих ангиас зохион байгуулахаар болсон байна.

 

Г.Туулхүү: Өршөөлөөр ялаас чөлөөлсөн иргэдийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн ажлын хэсгийн комиссийн гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс дараах мэдээллийг тодрууллаа.

 

-Өршөөлд хамруулж буй нийт иргэдийн хэд нь эрүүгийн, хэд нь захиргааны хэргээр ял эдэлж байна вэ?

 

-Өршөөл үзүүлэх хуульд хамруулж буй 3000 иргэн бол эрүүгийн журмаар ял шийтгэл эдэлж байгаа хүмүүс. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 1400 гаруй ялтан байна. Захиргааны журмаар баривчилсан хүмүүсийн асуудал цагдаагийн байгууллагад байж байгаад долдугаар сарын 2-ноос өмнө шийдвэрлэж дууссан.

 

-Өршөөлийн хуулиар хоёр жилийн ял хасуулж байгаа хэдэн хүн байна вэ?

 

-Хоригдож байгаа нийт 1500 ялтнаас хоёр жилийн ялыг хасч байгаа. Хоёр жилийн ял хассанаар 500 гаруй иргэнийг хорих ялаас чөлөөлж байна.

 

-Хорихоос суллаж буй иргэдэд хуулийн байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

 

-Хотоос орон нутаг руу суллаж байгаа иргэдээ орон нутгийн цагдаагийн газарт, нийслэлд сул чөлөөтэй болж буй иргэдээ Улаанбаатарын цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө. Тухайн дүүргийнх нь цагдаа нарт хүлээлгэж өгөх болно.

 

-Эдгээр хүнийг ажлын байраар хангах тал дээр ямар төлөвлөгөө гаргасан бэ?

 

-Өршөөл үзүүлэх тухай комиссоос Хөдөлмөрийн яаманд албан бичиг явуулсан. Орон нутгийн хөдөлмөрийн хэлтсийн байцаагч нар тухайн газарт өршөөлийн хуулиар ялаас чөлөөлсөн иргэдтэй нэг бүрчлэн уулзаж мэргэжил, чадварыг харгалзаад ажлын байраар хангахаар ярилцаж тохирсон. Мөн орон нутаг, нийслэлд болж буй сургалтад хамруулахаар болж байна. Тэгэхээр орон нутгийн цагдаагийн байгууллага дээрх хүмүүсээ хүлээж авсны дараа хөдөлмөрийн байцаагчтай шууд уулзуулахаар шийдвэрлэсэн.

 

-Хорихоос суллаж буй иргэдэд улсаас нэг сая төгрөг өгдөг гэсэн мэдээлэл байна. Үүнийг ямар хэлбэрээр олгодог вэ?

 

-Хорих ангиас суллаж буй иргэдэд улсаас нэг сая төгрөг олгодог гэж би л сонсоогүй юм байна. Тийм зүйл байхгүй. Гэхдээ хорих байгууллага ялтнуудад нэрийн данс нээж өгдөг. Тэд ажил хийгээд түүнийхээ тодорхой хувийг өөрийн нэрийн дансандаа хийнэ. Тэр мөнгөө банкнаас аваад явдаг уламжлал бий. Нэрийн дансаараа ар гэрийн хүмүүсээ тэжээдэг хоригдол ч бий.

 

-Нийт тухайн ял эдлээд гарч ирж буй иргэнийг орон гэрт нь хүргэхэд улсаас хэдэн төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн бэ?

 

- Улсаас нийт 130 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Тухайлбал, Хэнтий аймагт ял эдэлж байгаа иргэн Дорнод, Сүхбаатар аймагт гэртэй байж болно. Тэгэхээр бид тэднийг Улаанбаатарт авчрах шаардлагагүй. Хэнтий аймгаас нь ажлын хэсэг тусгай автобус захиалаад Дорнод аймагт хүргэх, Хэнтийгээс Сүхбаатар хүргэх зардал гарч байгаа юм. Мөн тэд хүн хүйтэн сэрүүний улиралд гарч байна. Цөөн тооны хоригдол дулаан хувцасгүй байгаа учраас энэ асуудлыг шийдсэн. Мөн Хэнтий аймагт хоригдож байгаа ялтан Увсад гэртэй байж болно. Тэднийг Хэнтийгээс Улаанбаатарт авчраад эндээс Увс руу хүргэж өгнө.

 

-Хорихоос гараад очих орон гэргүй хэдэн хүн байна вэ?

 

-ШШГЕГ оны эхэнд бүх хорих ангиудад тухайн хоригдлыг ар гэрийнхэн нь эргэж ирж байгаа эсэх, холбоотой байгаа, хорихоос гарахад орон гэр байгаа талаар судалгаа хийдэг. Үнэхээр орон гэргүй ийм хүмүүс байвал гэр олгодог. Энэ удаагийн Өршөөлийн хуулиар суллаж байгаа иргэдээс тэд нь гэр оронгүй гэсэн тоо байхгүй байна.

 

-Захиргааны зөрчлийг бас өршөөхөөр болсон. Тухайлбал, жолоодох эрхээ хасуулсан иргэд эрхээ сэргээлгэж байгаа. Тэгэхээр долдугаар сарын 2-ноос өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулсан иргэдийг өршөөх үү?

 

-Цагдаагийн байгууллага долдугаар сарын 2-ноос өмнө зөрчил гаргаж торгуулийн хуудас авсан иргэдийг өршөөлд хамруулсан байгаа. Тэгэхээр торгуультай жолооч нар Торгууль. мн сайт руу ороод үзэх боломжтой. Торгуулиа төлөөгүй байсан бол өршөөгдсөн гэж ойлгож болно.

 

-Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа иргэдийг хэзээнээс Өршөөлийн хуульд хамруулах вэ?

 

-Нийт 1400 гаруй хүн байна. Мөн тэднийг шүүхээр оруулж шийдвэрлэх учраас эхний ээлжинд хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүсээ суллаад ирэх долоо хоногоос хорихоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдээ хуульд хамруулж өршөөх үйл ажиллагаа явуулна.

 

Б.Цэцэгдэлгэр