Өчигдрөөс эхлэн Хадгаламж гэдэг банк Монголд байхгүй боллоо. Оронд нь Төрийн банкны үйл ажиллагаа өргөжин тэлнэ. Ийн ээлжит нэг банк Төрийн банканд нэгдэх болсны шалтгаан нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн хууль бус ажиллагаанаас үүдэлтэй аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Олон овоотын ордод хөрөнгө оруулах замаар “Монгол газар” компанийг дампуурлаас аварч, Ц.Мянганбаярт буян болсон. Монгол шуудан банкны хувь эзэмшигчдийн тухайд адилхан. Тухайн үед Ш.Батхүү гэгч бизнес эрхлэгч бүхэлдээ Монголын эрсдэлтэй бизнесийг өөд нь татаж, өмгөөлөлдөө авдаг буянтай нэгэн мэт ойлгогдож байлаа. Энэ талаараа тэрбээр тухайн үед манай сонинд дараах тайлбарыг өгч байсан юм. Тодруулбал, “Өнөөдөр эргээд харахад “Монгол шуудан банк”, “Хадгаламж” банк, “Олон овоот гоулд”-ыг авсан тухайд стратегийн хувьд алдаа гаргаагүй учраас миний бизнес өдий дайтай яваа гэж боддог. 

Манай компанийн удирдлага ч, би ч  улс орныхоо хөгжил, эдийн засгийн өсөлт, монголчууддаа итгэсэн тактикийг баримталж ажилладаг. Яг эдгээр наймааг ажиглахад дандаа л хямралын үед хийсэн байгаа биз. Тухайн үед зарим хүн “Ийм хямралын үед банк авна гэдэг зуднаар хонь авсантай адил” гэж тавлаж байсан ч үе бий. Би бол “Өнөөдөр хүнд байвч маргааш сэхнэ. Эдийн засаг тэлнэ. Хүмүүс мөнгөтэй болно. Банк санхүүгийн бизнес ашигтай” гэж харж байсан. Мэдээж одоо бодоход ингэж хийсэн бол илүү оновчтой байж дээ гэж харах зүйл бишгүй байдаг. Тэгэхээр алдаа байж болно. Гол нь алсыг харах гэдэг талаасаа алдаагүй болохоор стратегийн оноо нь тактикийн алдаагаа нөхөөд явдаг юм болов уу гэж боддог юм. Олон овоот төсөл ч гэсэн алдаа биш. Алтны үнэ бараг хоёр дахин өснө гэдгийг тухайн үед би яаж мэдэх вэ. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнэ ханшийг харахад ойрын хоёр жилдээ гайгүй, цаашид өсөж ч мэднэ гэсэн найдлага төрсөн. Ямар ч байсан энэ бизнест ороод, ачааллыг даавал ирээдүйтэй гэсэн дүр зургийг энэ компанийг толгойлж яваа хүний хувьд олж харсан байх” гэх өгүүлбэрүүд.

Тэгвэл өнөөдөр түүний дээрх үгс үндсээрээ буруу болж Хадгаламж банк Төрийн банкинд шилжин “Жаст” группын үйл ажиллагаа доголдоход хүрэв. Энэ талаар тус банкны удирдлагууд “Банкинд асуудал гараагүй. Хувь эзэмшигчид асуудал үүссэн” хэмээж байна. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 2009 онд 109 сая ам.долларын зээл авсан асуудал сөхөгдөв. Ингэхдээ Ш.Батхүү захирал “Эрдэнэт” үйлдвэрийн бланкийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн бололтой юм. Гэхдээ энэ бол үйл явдлын талаарх урьдчилсан тайлбар. Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзоригийн огт оролцоогүй гэж байгаа. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгахтай зэрэгцээд Хадгаламж банкны хоёр жилийн өмнөөс эхэлсэн дампуурал нь ил болж байгаа нь энэ. Тус банкны дампуурлын тухайд дээр дурдсан Олон овоотын орд дахиад л гол буруутан нь болж буй. Нэгэн цагт Зоос банкийг дампуурах үндсэн шалтгаан болсон уг орд энэ удаад дахин Хадгаламж банкийг асуудалд оруулчихаж.

“Жаст” группын тухайд шинэ оросуудын тусламжтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн гэх яриа байдаг бөгөөд улмаар Ерөнхий сайд С.Баярын дэмжлэгийг авдаг гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн баталдаг. Хэрэв Ш.Батхүү нь “Эрдэнэт”-ийг барьцаалсан зээлээ 2009 оны аравдугаар сараас өмнө авсан бол үүнд нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын оролцоо бий эсэхийг шалгах хэрэгтэй болох биз. Учир нь С.Баяр нь энэ үед “Эрүүл мэндийн” гэх шалтгаанаар ажлаа өгч байсан юм. Ямартай ч асуудлын тайлбар цаашид улам бүр тодорхой болно. Тэр болтол “Эрдэнэт”-ийг хуурамч бичиг баримтаар барьцаалж зээл авсан нь үнэн болдог юм гэхэд “Монголыг маань барьцаалчихаагүй байгаа” хэмээн гайхшрах хүн нэгээр тогтохгүй гарч ирэх нь тодорхой биз ээ. 

 

Г.Отгонжаргал