Урлаг гэж юу вэ? Монголчууд эртнээс “уран сайхан“ хэмээн хэлэлцсээр ирсэн нь урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээх, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утгатай. Харин орчин үед үүнийг бид урлаг хэмээн нэрлэдэг. Урлаг гэдэг нь угтаа монгол хэлний “ур“ хэмээх язгуурт “-лиг“ дагаврыг залгаж үүсгэсэн ур төгс гэсэн утга бүхий “урлиг“ гэсэн үг болой. Яг л тэнгэрлиг, сүрлиг гэдэгтэй агаар нэг. 

   Урлаг судлаачид өдгөөг хүртэл урлаг гэж чухам юу вэ гэдэг дээр маргаж, мэтгэлцсээр байгаа юм. Анхны кубист, импрессионист уран зураг, кино, гэрэл зураг гээд тухайн үедээ шинэлэг урлагийн үзэгдлүүдийг урлаг биш хэмээн үзэж байв. Урлагт гарч ирсэн шинэ үзэгдлүүд нь ихэвчлэн “Урлаг мөн биш тухай“ хурц маргааныг эхлүүлдэг бөгөөд улмаар урлагийн тухай тодорхойлолтыг улам өргөн хүрээтэй болгож байдаг. Ийм ч учраас урлаг судлаачид өнөөг хүртэл Контемпорари буюу нэн орчин үеийн урлагийг эцэслэн томъёолж чадаагүй байгаа, ямар шинэ хэлбэр үзэгдэл шинээр гарч ирэхийг таах аргагүй гэж үздэг. 

   Урлаг гэж “Тодорхой ур чадварыг ашиглан мэдлэг мэдээллээ буулгах явц буюу бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байдаг бол Британника толь бичигт “бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар, төсөөллөө ашиглан бүтээх” гэж тодорхойлсон байдаг. Гэсэн хэдий ч урлагийг эцэслэн томъёолох нь зөрчилтэй, бүр хэн урлагийн талаар тодорхойлолт гаргах эрхтэй нь ч тодорхойгүй, уран бүтээлч, сэтгэгч, хүн судлаач, сэтгэл зүйч нар бүгд л өөрсдийн салбартаа тохирсон урлагийн тухай тодорхойлолтыг ашиглаж байдаг. 

   Процедуралистууд урлаг бол аливаа бүтээлийг хийх туурвих ба үзэж сонирхох тухайн үйл явц нь урлаг болохоос биш тухай эд материалын онцлог, үзэгчид хэрхэн хүлээж авч буй нь хамаагүй гэж үздэг бол функционалистууд тухайн бүтээл ямар үүрэг агуулгаар ашиглагдаж байгаагаас урлаг мөн эсэх нь тодорхойлогдоно, тухайлбал эртний грекийн ваарыг дарс хадгалах сав болгож ашиглавал тэр урлагийн бүтээл бус, харин үзмэр, судалгааны материал болгон ашиглах, ур хийцийг нь бахдан харвал сая хүний гоо сайхныг илтгэсэн уран сайхан хийц бүхий бүтээл болон хувирна гэж тооцдог. Мөн уран бүтээлч хийсэн зүйлээ урлан бүтээл, урлаг гэж үзсэн л бол бусад нь юу гэх нь хамаагүй тэр бол урлаг мөн гэж үзэх нь байдаг бол алдарт зохиолч Лев Толстой эсрэгээр нь уран бүтээлч юу гэж бодох нь хамаагүй нийгэмд үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа нь урлагийг тодорхойлно хэмээн үзэж байлаа.

   Өдөр тутмын амьдралын алхам тутмыг бид урлаггүйгээр төсөөлж болшгүй боловч анзаарах ч үгүйгээр өнгөрч байдаг. Бидний өмсөх хувцас, өрөө тасалгаа, тавилга, эдлэл хэрэгсэл, сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, унаа хэрэгсэл ер юуг ч хэн нэгэн хүний бүтээл байдаг. Харин энд урлагийн бүтээлийг туурвих ур чадвар, ялгааны тухай хөндөж ярих хэрэгтэй болно. 

   Дундад зууны өрнө дахинд “Урлаг” нь тусгай боловсролоор олж авдаг боловсролын чанартай долоон зүйл буюу “дүрэм, уран илтгэл, диалектик сэтгэлгээ, тооны ухаан, геометр, одон орон болон хөгжим” зэрэг байсан гэдэг. Улмаар хүмүүс шинжлэх ухааныг урлагаас ялган салгаж, сэлэм урлах, зураг зурах, ханын чимэглэл хийх гээд бүхий л бүтээл туурвилыг ‘Arts’ (Урлаг) хэмээн нэрлэж байсан ч 16-р зуунд Сэргэн мандалтын үе эхэлснээр уран зураг, уран барилга, баримлыг илүү өндөр түвшний туурвил хэмээн үзэх болж, бусад урлагийг ‘Craft’ (eng: Урлал, мэргэшил) гэсэн утгаар нэрлэх болов. 18-р зууны дунд үе гэхэд уран зураг, баримал, уран барилга, гоёл чимэглэлийн урлагийг дуу хөгжим, бүжиг, яруу найраг, утга зохиолтой хамтатган ‘Fine arts’ буюу “Гоё урлаг” хэмээн нэрийдэх болсон нь эдгээр урлагийн төрлүүдийг “гоо сайхан, утга уянга төгөлдөр” байх ёстой хэмээн үзэх болсонтой холбоотой. Энэ үед гүн ухааны хүрээнд “гоо зүй” хэмээх ойлголт гарч ирсэнээр “Урлаг гэж чухам юу вэ?” гэсэн асуулт хурцаар тавигдах болсон билээ. 

   Эдүгээ олон улсын түвшинд өндөр ур чадвар шаардсан “бүтээлч”, уран бүтээлчийг бүтээлч сэтгэлгээ, үзэгчийн гоо зүйн мэдрэмжийг төрүүлдэг төрлүүдийг “Урлаг” хэмээн, харин арай доогуур түвшний ур чадвар шаардах төрлийг ‘Craft’ (Урлал), харин үйлдвэрлэлийн буюу арилжааны зорилготой бол Design (Зохион бүтээх) хэмээн ерөнхийчлөн хуваах ба “урлал” ба “зохион бүтээх”-ийг “хэрэглээний урлаг” хэмээн нэрлэх нь ч бий. 
Хүн бүрт урлагийг үзэх, урлагийн төрөл чиглэлүүдэд хандах, таашаах өөрийн гэсэн үзэл бодол, сэрэл мэдрэмж бийв Ийм ч учраас өдгөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй, ямагт зөрчилдөж, маргалдаж, мэтгэлцэж байгаа хэрэг. Товчхондоо “Урлаг бол уран туурвил” юм, харин урлаг мөн үү, биш үү гэдэгт үзэгч таны үзэл бодол, өөрийн сонголт, гоо зүйн таашаал хариулна. 

   Урлагийг бүтцээр нь товчхондоо хэлбэр, агуулга юм гэж тодорхойлж болно. 
Хэлбэр гэдэг нь (1) элемент, (2) туурвих зарчим ба (3) бүтээлд ашигласан материал багтах ба харьцангуй эдлэг ойлголт юм. Энэ утгаараа хэлбэр нь тухайн урлагийн төрөл, урсгал чиглэлээс үл хамааран хялбархан тодорхойлогдох ба тухайн бүтээлийг туурвилын өнгө, үнэт зүйл, орон зай, зураас, хөдөлгөөн, авиа дуу дүрсийг дурдан тэнцвэр, эрс тэс байдал, хамрах хүрээ, харьцаа, ашигласан материал зэргийг задлан тайлбарлаж болно.
Харин хэлбэрийн ард нуугдаж буй агуулгыг ойлгоход хэл, хилийн хязгаар гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл тухайн бүтээлийг хүлээж авах үзэгчид өөрсдийн мэдрэмж, төсөөллөөр тухайн урлагийн бүтээлийн агуулгыг ойлгож чадах юм.

   Агуулга гэдэгт (1) уран бүтээлчийн хэлэх гэсэн санаа, (2) уран бүтээлчийн дүрслэл ба (3) үзэгч хэрхэн хандаж байгаа зэрэг багтах хийсвэр ойлголт юм. Иймд агуулга хэмээх ойлголтод улмаар шашин, улс төр, нийгэм зэрэг бусад хийсвэр агуулгын нөлөө, тэр бүү хэл уран бүтээлчийн бүтээл туурвих үеийн хөөрөл, онгод сэрэл, мансуурал ч хамаарч байдаг. 

   Аливаа уран бүтээлд аливаа нэг үйл явдлын тухай дүрсэлсэн байлаа гэхэд энэ нь түүхэн үйл явдал, тухайн үеийн улс төр нийгмийн байдал, хүмүүсийн итгэл бишрэл, уран бүтээлчийн энэ талаарх үзэл баримтлалыг харуулж, үзэгчид тухайн бүтээлээс хөөр бахдал, харуусал эмгэнэл, эсхүл уур хилэн, ухаарал, дургүйцэл зэргийг мэдэрч байвал энэ нь товчхондоо тухайн бүтээлийн агуулга болно гэсэн үг. 

Энэ удаад бид орчин үеийн Дүрслэх урлагийн талаар уншигчдадаа сонирхуулж байна.

   Дүрслэх урлаг нь бүхэлдээ хүний дүрслэн бүтээсэн урлагийг хэлэх бөгөөд үүнд эн түрүүнд зураг, уран зураг, баримал, уран барилга, гэрэл зураг, кино, барлал зэрэг ордог. Харин керамик, интерьер дизайн, гоёл чимэглэл, төмөр болон модон урлал нь чимэглэлийн төрөлд багтах ба нийтэд нь “Visual” буюу Үзэх урлаг хэмээн ангилсан байдаг. 20-р зуунд ‘Fine Arts’ буюу “Гоё урлаг” нь ‘Visual’- Үзэсгэл урлаг (уран зураг, баримал г.м.), ‘Auditory’ - Танхимын урлаг (дуу хөгжим, жүжиг, уран уншлага г.м.) ба ‘Performance’ -Үзүүлбэр урлаг (Үзэсгэл-танхимын урлагийн нийлбэр) болж задрав. Гэсэн хэдий ч эдгээр бүх ангилал нь мөнөөх л санал зөрөлдөөнийг төрүүлсэн хэвээр байгаа юм. Учир нь эдгээр ангилал бол өрнөдэхний хөгжлийн явцад бий болсон урлагийн төрөл, урсгал чиглэл бөгөөд орчин үед дижитал (угтаа бол “Дан тоо, нэгж тооны” буюу тоон гэсэн утгатай) урлаг, видео, медиа арт, вэб арт (Интермедиа формат) гээд мэдээлэл технологийн хөгжлөөс үүдсэн олон шинэ чиглэлүүд нэмэгдсээр байгаа. Харин дорно дахины хөгжлийг урлагийн тодорхойлолтод төдийлөн нягталж оруулаагүй, тооцдоггүй тухай, мөн ур чадвар тааруухан хэмээх ангилалд багтдаг “гар урлал”-ын гайхамшигтай бүтээлүүдийг өмгөөлдөг талаар шүүмжилдэг урлаг судлаачид олон бий. (Гэтэл уран зураг, баримал нь ур чадвараас үл хамааран шууд автоматаар “Гоё урлаг”-т тооцогддог.) Мөн зарим “Гоё урлаг”-ийн бүтээлээс илүү чадварлаг хийгдсэн арилжааны урлагийн тухай, алдар нэртэй уран бүтээлчдийн хийсэн бүхэн “Гоё” уран бүтээл мөн үү, ерөөс өнөө үед “Гоё урлаг” гэдэг нэр томъёо хэрэггүй гээд эцэс төгсгөлгүй маргаан хөвөрнө. Тэгэхээр олныг үл нуршин Дүрслэх урлагийн тухай яриандаа буцаад оръё. 

Дүрслэх урлагийн элемент гэж юу вэ?

   Дүрслэх урлагийн элемент буюу бүрдэл хэсэгт зураас, дүрс, хэлбэр, орон зай, бичилт, үнэт зүйл болон өнгө зэргийг ерөнхийд нь хамруулан ойлгож болно. Уран бүтээлч нь эдгээрийг бүтээх зарчимтай хослуулан урлагийн бүтээлийг туурвидаг. Бүтээлд бүх бүрдэл хэсэг орохгүй байж болно, гэхдээ доод тал нь заавал хоёр бүрдэл хэсэг байдаг. Баримал гэхэд гурван хэмжээстэй учраас хэлбэр, орон зайг заавал агуулах бол эдгээрийг хоёр хэмжээст орон зайд алслалт, сүүдрийг ашиглан дүрсэлж болно. Зураас буюу “хөдөлгөөнт цэг” нь аливаа дүрс, билэгдэл, эд юмсыг дүрслэхэд хэрэглэгддэг чухал элемент бол бичилт нь хурууны өндгөнд тэмтрэгдэхүйц хэлбэр, орон зай шиг бодитойгоор шууд буюу үнэмшилтэйгээр дүрслэгддэг бүрдэл хэсэг юм. Үүний жишээнд хивсний нэхээс, өнгөлөөгүй баримлын гадаргуу, зотон дээрх зузаан тосон будгийн давхарга, эсхүл жигтэй амьд харагдуулах зургийн сүүдэр зэргийг дурдаж болно. Харин өнгө гэдэг бол хүний нүдэнд өртөх гэрлийн гайхамшигт хугарлын ид шид л гэсэн үг. Зөвхөн ногоон өнгө л гэхэд багаар бодоход 84,000 янз байж болно гэж үзэхэд өнгөөр илэрхийлж болох бүтээл туурвил нь хязгааргүй юм. Үүнийг харин уран бүтээлчийн авьяас мэдрэмж, ур чадвар, онгод мэдэх хэрэг. Мөн үзэгчийн мэдрэмж чухал...

Хэв маяг, Дэг сургууль, Хөдөлгөөн 

   Өрнөдэхний түүхэнд маш олон урлагийн стиль (хэв маяг), школ буюу дэг сургууль, хөдөлгөөн буюу үзэгдэл гарч ирсэн байдаг. Эдгээр нь юугаараа ялгаатай юм бэ? Хэдийгээр урлаг судлаачид эдгээрийг өөр өөрөөр тодорхойлж, эдгээр нэр томъёог хооронд нь хольж солин хэрэглэж байдаг ч тодорхой хэдэн ялгаа бий:

Хэв маяг

   Хэв маяг гэдэг нь урлагийн бусад төрлүүдэд ч хэрэглэгдэж байдаг түгээмэл нэр томъёо бөгөөд тухайн уран бүтээлийг хийхэд ашигласан техник буюу арга барилыг ихэвчлэн нэрлэх ба үүний жишээнд “Поинтиллизм” (утгачилбал “цэгчлэл” гэж болох) өнгө өнгийн жижиг цэгээр зураг бүтээх урсгалыг хэлж болно. Мөн Хэв маяг нь тухайн уран бүтээлийн цаад агуулга (“Урлагийг хүмүүст”, “Байгаль орчин” г.м.) буюу тухайн уран бүтээлчийн бүтээлээ туурвих өвөрмөц илэрхийлэл, уран бүтээлийн өнгө төрх зэргийг илтгэж болно. Тухайлбал Метафизик уран зурагт сонгодог уран барилгыг гажсан алслалт, хүнгүй хоосон байдал, замбараагүй байрлуулсан эд зүйлс зэргийг дүрсэлсэн байдгаараа онцлог байдаг.

Дэг сургууль

   Аливаа нэг дэг сургуулийг ижил хэв маягийг баримтлагч, нэг багштай буюу нэг зорилготой бүлэг уран бүтээлчид үүсгэдэг ба эдгээр хүмүүс нэг газарт харьяалагддаг онцлогтой. Дундад зууны үед европын дэг сургуулиуд аль нэг газар орон буюу хотын нэрээр нэрлэгддэг байв. (Манайд Занабазарын дэг сургууль гэж байдагчлан) тэд багшаас шавьд баримталдаг хэв маяг, дэг сургуулиа өвлүүлэн уламжлуулдаг байв. 

Хөдөлгөөн

   Нийтлэг хэв маяг, үзэл баримтлалыг уран бүтээлдээ тусгадаг уран бүтээлчдийг хөдөлгөөн хэмээн нэрлэх ба дэг сургуулиас ялгаатай нь тэд заавал нэг газарт харьяалагдах буюу хоорондоо харилцаа холбоотой байх албагүй байдаг. Мөн дэг сургууль нь улмаар цаашид олон уран бүтээлчдэд нөлөөлдөг бол хөдөлгөөн нь тодорхой хугацаанд үргэлжлээд тухайн уран бүтээлчдийн уран бүтээлээр дуусгавар болох хандлагатай байдаг. Энэ утгаар нь хөдөлгөөнийг “үзэгдэл” хэмээн нэрлэх нь илүү оновчтой мэт.

ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ

Модернизм

   Модерн урлаг нь Импрессионистуудын хүч түрэн орж ирсэн эрч хүч буурах үед буюу 1880-аад оноос эхлэн 100 шахам жил үргэлжилжээ. Судлаачдын хувьд 1800 оны эхээр буюу Романтизмаар эхэлсэн, 1830-аад оны Реализм, 1839 оны Гэрэл зургийн нээлт% зохиолч Бодлерын 1846 онд уран бүтээлчдийг “цаг үеэрээ бай” гэсэн уриалга, 1874 оны анхны импрессионист шоу гэхчлэн чиглэл чиглэлээрээ Модерн урлагийн анх эхэлсэн хугацааг тооцож, санал зөрөлдөж байдаг. 1880-аад оны тонализм, симболизм, пост-импрессионизм, нео-импрессионизм зэрэг олон измүүдийн аль нь Модерн урлагийг эхлүүлэв гэдгийг эцэслээгүй ч алийг нь ч үгүйсгэж буруу гэж үздэггүй ба эхэлсэн оноос үл хамааран Модерн урлаг нь өөрийн хэд хэдэн онцлог чанартай. Үүнд уран бүтээлч дотоод зөн совин, үзэл баримтлалдаа итгэх, үүнийгээ уран бүтээлдээ тусган илэрхийлэх, бодит амьдрал, нийгмийн асуудал, орчин үеийн амьдралын дүр төрхийг сэдвээр сонгох, аль болох байнга турших, шинийг эрэлхийлэх зэргийг судлаачид багтааж авч үзсэн байдаг. 

   Модерн урлаг нь тэр үеийн дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиол, уран барилга болон хэрэглээний урлаг зэрэгт илүү тод илэрсэн байх ба шинжлэх ухаан, технологи, амьдралын дадлага туршлагаар дамжуулан хүний бүтээх, засан сайжруулах, орчноо бүтээн бий болгох хүч чадлыг эрхэмлэсэн соёлын хөдөлгөөн байсан гэж үздэг. Хуучны уламжлалт сэтгэхүйг халж, өөрчлөлт, “одоо” үеэрээ амьдрах шинэ үзэл баримтлалыг зоримгоор уриалан, худалдаа арилжаанаас гүн ухаан хүртэлх оршихуйн бүхий л талуудын тухай тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэхэд дуудсан Модерн урлаг нь уламжлалт урлаг, уран барилга, утга зохиол, шашин, сүсэг бишрэл, нийгмийн зохион байгуулалт, өдөр тутмын амьдралын хэв маяг нь үеэ өнгөрөөсөн гэж үзэж, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхэлдээ аж үйлдвэржсэн нийгэмтэй золгосон билээ. 

   19-р зуунд Европ хэд хэдэн дайн, хувьсгалыг туулж, Гегелийн диалектик үзэл, Ф.Ницшегийн экзистенциализмийн онол, Шопенхауерын “гутранги” онол, биологийн салбар дахь Ч.Дарвины хувьслын онол ба улс төрийн тухай Карл Марксын онол баримтлал зэрэг нь нийгэмд шашны эзлэх байр суурь, олон нийтийн итгэл бишрэл, сэтгэлгээнд эрс өөрчлөлт оруулж, улмаар Модерн урлаг үүсэх нөхцлийг алгуур бүрдүүлж байв. У.Эверделл Иммануэл Кантыг “анхны жинхэнэ модернист” хэмээн нэрлээд Францад утга зохиолын модернизм Бодлероор, дүрслэх урлагт Мане нараар эхэлсэн гэж үзсэнээ ч тэмдэглэсэн байх ба удалгүй хөгжим, уран барилгад Модерн урлаг нэвтэрчээ. Анх модернизмийг "avant-garde" (франц: тэргүүлэх эгнээ) хэмээн нэрлэж байсан ба энэ нь улмаар уламжлалыг халах, шинийг нээх, өөрчлөлт хийх эрс хөдөлгөөнийг нэрлэх нэр томъёо болон хэвшсэн байна. Францад анх үүссэн урланд бус en plein air (франц: задгай агаар) буюу гадаа зурахад чиглэж байсан ба хүмүүс эд зүйлсийг бус гэрлийг хардаг гэсэн баримтлалтай импрессионизм болон симболизм нь Модернизм үүсэхэд нэн чухал нөлөөг үзүүлсэн билээ. 

1890-1910 - Эхлэл

   Физикийн “Харьцангуйн онол”, дотоод шаталтат хөдөлгүүр ба аж үйлдвэржилт, нийгмийн шинжлэх ухаан зэрэг дэвшлүүд урлаг, утга зохиолын зүтгэлтнүүд, сэтгэгчид, уран бүтээлчдийн дунд хуучин уламжлалыг халах хөдөлгөөнийг эрс идэвхитэй өрнүүлэхэд хүргэж, Зигмунд Фрейдийн сэтгэлзүйн онол, үзэл баримтлал, Эрнст Махын позитивизм буюу “эерэг онол”, Ф.Ницше нарын “гутранги” үзэл зэрэг нь нийгмийн тогтсон сэтгэлгээг сандчаан, улмаар анхны “модернист” уран бүтээлчид хуучны хөрөнгөтний “элч”-ийн үүргээс татгалзав. Арнольд Шөньбергийн 1908 онд бичсэн анхны хөг үгүйсгэсэн чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан хөгжмийн зохиол, 1903 оны Василий Кандинскийн экспрессионист зургууд, 1911 онд түүний Мюнхенд байгуулсан ‘Der Blaue Reiter’ (герман: Хөх морьтон) бүлэг, П.Пикассо, Ж.Брак нарын 1908 онд үндэслэсэн кубизм зэрэг нь хуучин ертөнцтэй салах ёс хийх “модернист” аяны эхлэлүүд байв. Энэхүү анхдагч модерн хөдөлгөөн 20-р зууны эхэнд замхарсан ч дараа нь янз бүрийн радикал урлагийн хэлбэрүүд гарч ирэхээр оролдож байв. Эдгээрийн тоонд хөгжим модернизмийг авчирсан Стравинский, Шөньберг нарын хөгжмийн зохиолчид, Г.Климт, Матисс, Мондриан нарын зураачид, Les Fauves (франц: араатнууд буюу фовистууд), кубизм, сюрреализм зэрэг дүрслэх урлагийн хөдөлгөөн, хэв маягууд орохын зэрэгцээ Ле Кобусье, У.Гропи, М.в.д.Рое зэрэг уран барилгач, дизайнерууд өдөр тутмын суурин амьдралд орчин үеийн модернист өнгө төрхийг авчирч, утга зохиолчид ч өөрсдийн урсгал хөдөлгөөнүүдийг үүсгэн нийтэд хүргэж байв. 

   Импрессионистууд өөрсдийн урлагийг хүлээн зөвшөөрүүлсэнээр асар их өөрчлөлтийг эхлүүлсэн юм. Тэд өөрсдөө ч чөлөөтэй зоригтойгоор туурвих, турших болж, улмаар тоо томшгүй олон хэв маяг, дэг сургууль, хөдөлгөөнийг байгуулагдахад нөлөөлсөн ба эдгээр нь алга болж, нэмэн үүсч, нэгдэн нийлж байсны хамгийн шилдэг жишээ нь Пост-импрессионизм юм. Энэ нь 1885-1920 оны үед идэвхитэй өрнөсөн гэж хэлж болох ба угтаа бол хөдөлгөөн бус харин П.Сезанн, В.В.Хох, П.Гоген нарын зэрэг уран бүтээлчдийн Ипрессионизмийг өнгөрөөж дараагийн үе рүү дэвшин орсон салангид явц байсан билээ. Тэд Импрессионизмийн гэрэл, өнгийг хадгалж үлдсэн ч хэлбэр, зураас зэрэг бусад бүрдлүүдийг дүрслэх урлагт буцаан авчирсан юм. Харин 1890-1939 оны орчим хүртэл үргэлжилсэн фовист буюу “адгууслаг” хөдөлгөөний төлөөлөгч болох Матисс зэрэг уран бүтээлчид хурц өнгө, хүн ба эд юмсын анхдагч тойм дүрслэлээрээ экспрессионизмийг үндэслэсэн нь Герман зэрэг орнуудад дэлгэрэв.

1910–1930 - Тэсрэлт

   Дэлхий 1-р дайны эхлэл өрний нийгэмд тайван бус байдлыг бий болгосноор уран бүтээлчид соёл урлагийн гоо зүйн таашаал өгөх үүргээс улам татгалзаж, бүр соён гэгээрүүлэх үүрэг нь хувьсгалч шинжтэй болов. 1913 онд л гэхэд Э.Хассерлийн “Санаа бодол”, Эзра Паундын “Имажизм”, Зэр Зэвсгийн шоу, Игорь Стравинскийн “Хаврын ёслол” мэднэлсэний зэрэгцээ П.Пикассо, Хенри Матисс нар уламжлалт алслалтын аргыг хэрэглэхээс татгалзсан нь урлагийн тухай нийгмийн ойлголтыг цочролд оруулж, урлаг, утга зохиол дахь энгийн реализм (бодичлол)-аас хальж, хөгжмийн бүтээлийн эгшиг өнгө, нийцэл зохирлыг ч үгүйсгэн баяжуулж байв.

   Г.Климт, П.Сезанн нарын зураачид, Малер, Р.Штраусс нар “аймшигтай модернист”-уудад тооцогдож, футуризм, примитивизм, пессимизм нь модернизмийн шинэчлэлийн хэсэг нь болж байсан ч нийгэмд модернизм бүхэлдээ шинэчлэх хөдөлгөөний нэг хэсэгт тооцогдсон хэвээр байсан юм. Гэвч Дэлхийн 1-р дайн, хэдэн сая хүний үхэл, зэр зэвсэг зэрэг нь нийгэмд эсрэг тэсрэг үзэл бодлыг авчрахын сацуу техникийн дэвшлийг эрс хурдасган хүмүүсийн мэдэх уламжлалт амьдралын хэв маягийг өөрчилж реализмийг үгүйсгэхэд хүргэв. Дайны өмнө нийгмийн бага хүрээг хамарч байсан модернизм 1920-иод онд “Дадаист” хөдөлгөөн, улмаар Сюрреализм, Кубизм, Bauhaus (герман: барилгын газар), Ленинизм зэрэг хөдөлгөөнүүд гарч харь улсад ч түгэн дэлгэрч эхлэв. Авто тэрэг, агаарын тээвэр, харилцуур утас болон бусад тухайн үеийн технологийн дэвшлүүд хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж , модернизмийг хүлээн авч эхэлсэн ба сонирхолтой нь энэ үед 1918 оноос өмнөх модернизмийг үгүйсгэх нийтлэг хандлага өрнөж байлаа. Зарим уран бүтээлчид тухайн үеийн “шинэ” модернизмийг “солиорол, сүнс сүлдгүй, механик” хэмээн шүүмжилж байсан ч модернистууд үзэгч олон, урлаг ба үзэгчдийн холбоо, нийгэм дэх урлагийн үүрэг зэрэг асуудлыг дэвшүүлэн ярилцаж, шинжлэх ухааны ололт, материаллаг үзэл ба хүний амьтанлаг шинж, сэтгэл хөдлөл гэсэн хоёр туйлт нийгэмд ирээдүйн амьдралын өнцөг бүрийг хамран өөрчлөх бүхэллэг “ертөнцийг үзэх үзэл”-ээ бүрэлдүүлж байв. 

   Уламжлалт реалист арга барилаас зайлсхийн шинийг эрэлхийлэх ба шинэ реалист хандлагыг баримтлах үндсэн хоёр зарчимд хуваагдсан модернистууд ХХ зууны ололт болох олон ургальч үзлээр амьсгалж, маш олон урсгал, чиглэлүүд үүсгэж байсан нь нэг нь нөгөөгөөсөө урган гарах бус харин эсрэг тавигдан гарч ирж байснаараа онцлог төдийгүй нэг уран бүтээлчийн туурвилд янз бүрийн урсгал, арга барил ажиглагдах нь ердийн үзэгдэл болж байлаа. Энэ үеийн томоохон үзэгдэл нь 1905-1939 оны орчим өрнөсөн Кубизм, Футуризм бөгөөд П.Пикассо, Брак нар геометрийн дүрсийн цувраа маягаар амьд биетийг дүрсэлж эхэлсэнээр үүсгэв. Харин энэ нь улмаар анхны модерн абстрак (орчин үеийн хийсвэр) баримлыг бүтээсэн Байхаус хөдөлгөөний эх сурвалж, уран бүтээлийн салшгүй бүрдэл хэсгийг бий болгожээ. Харин энэ үед Италид Футуризм үүссэн нь тухайн үед ихээхэн эрчимтэй хөгжсөн машин техник болон аж үйлдвэржилтийг урлагийн хэв маяг болгож байв. Мөн 1922-1939 оны үеийн Сюрреализм нь зүүд, зөн билгийн цаад утгыг тайлан гаргах, далд ухамсрыг илэрхийлэх тухай бөгөөд З.Фрейд алдарт сэтгэлзүйн судалгааны номоо хэвлүүлсэний дараа энэ урсгал гарч ирсэн нь санамсаргүй зүйл биш гэж судлаачид үздэг ажээ. 

1930–1945 – Хоёр дахь үе

   1930-аад он гэхэд модернизм олон нийтийн соёл, хэрэглээний урлаг ба олноор үйлдвэрлэх арилжааны салбарт ч нэвтрэв. “Нью Йоркер” сэтгүүл залуу модернист зохиолчдын шинэ бүтээлийг нийтэлж, 1919 онд Э.Жонстон анхны модерн хйисвэр лого тэмдгийг бүтээснийг Лондон Андеграунд ашигласан нь хялбар цээжлэгдэх лого тэмдэг бүтээж ашиглах эхлэлийг тавив. Энэ үеийн нийгэм улс төрийн хувьд хоёр хэсэгт хуваагдсан нь Октябрийн хувьсгалаас эхтэй бөгөөд улс төрийн шийдэл, утопианизм хоёрыг нэгтгэх томоохон түлхэц болсон юм. Дэлхийн 1-р дайнаас өмнөх модернизмийн примитивист, иррациональ үзэл баримтлал, 1920-иод оны Т.С.Эллиот, И.Стравинский нарын төлөөлөгч бүхий неоклассицизм зэрэг нь улс төрийн тодорхой шийдэлд хүрэх боолмжоор хязгаарлагдмал байсан бол Марксизм, Фашизм, их хямрал, дайн зэрэг нь нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж, Б.Брехт, У.Х.Оден, А.Бретон нарын алдартнууд модернист марксистуудыг, харин У.Левайс, Т.С.Эллиот, Эзра Паунд нар модернист баруунтнуудыг төлөөлж байв. 

Дэлхийн 2-р дайны дараа

   Дайны дараа Европын соёлын төв, урлагийн ертөнцийн нийслэл болж байсан Парис хот эзгүйрч, модернист уран бүтээлчид, уран зураг сонирхогчид, яруу найрагч, зохиолчдын ихэнх нь Хойд Америк руу дүрвэж, үлдсэн нь бараг бүгд амь үрэгдсэн байсан ба тэднээс онцолбол П.Боннард нарын цөөн хэдэн уран бүтээлчид л амьд үлдсэн гэдэг. Ийнхүү 1940-өөд оны Америкт П.Пикассо, Х.Матисс, Сюрреализм, Кубизм, Фовизм, анхдагч модернизм зэргийн нөлөө, сургууль ба америк багш нарын сургалтыг хослуулсан модернист хөдөлгөөн өрнөсөн нь абстракт модернизм байсны дээр П.Мондриан, М.Эрнст, А.Бретоны бүлэг, П.Матиссын галерей, П.Гуггенхаймын галерей болон бусад хүчин зүйл ч нөлөөлж байв.

1945-1958 Ж.Поллок ба абстракт нөлөө

   1940-өөд оны эцэс-1950-иад оны, үүнээс хойших үеийн урлагт хамгийн их нөлөө үзүүлсэн уран бүтээлч бол Жексон Поллок юм. Түүний бүтээл туурвих шинэчлэл нь контемпорари урлагийн чадамжид эрс хувьсгал хийсэн бөгөөд урлагийг бүтээх нь урлагтайгаа адил чухал гэдгийг мэдрүүлэн ‘Abstract Expressionism’ (Хийсвэр илэрхийлэл) хэмээх хэв маягийг үндэслэсэн юм. Тэрээр шалан дээрх зотон дээр 4 талаас нь тойрч, багсаар будгаа асгаж, дусааж, толботуулж, дүрст болон дүрс үгүй бүтээлийг туурвиж байсан нь уран бүтээлчдэд бүтээл туурвих шинэ арга техникийг таниулан хил хязгаарыг арилгасан ба түүний араас үй олон абстракт экспрессионист уран бүтээлчид төрж, уран бүтээл туурвих арга барил, урлагийн цар хүрээг өргөжүүлэн нээж, “өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө тэр чигээр нь царцаан буулгахаас бусад танигдах хэлбэр дүрс, ер бүх зүйлийг үгүйсгэдэг” энэ хэв маяг эдүгээг хүртэл баяжин хөгжсөөр байна. 

1960-аад он

   1950-1960-аад оны хийсвэр уран зурагт абстракт экспрессионизмийн нөлөөгөөр Hard-edge painting (Өнцөглиг зураг), Geometric abstraction (Геометр хийсвэрлэл)-ийн бусад хэлбэр, улмаар Color field painting (Цулгай будган зураг), Lyrical Abstraction (Уянгын хийсвэрлэл) зэрэг шинэ чиглэлүүд үүсэв. 1960-аад оны сүүлээр Postminimalism, Process Art, (утгачилбал: Өрнөл урлаг) Arte Povera зэрэг уран зураг, баримлыг агуулсан хөдөлгөөнүүд үүсэн, анхдагч Conceptual Art (Агуулгат урлаг) эх үндсээ тавив. Ж.Поллокийн үндэслэсэн Өрнөл урлаг хэв маяг, агуулга, материал, зохиомж, цаг хугацаа, хиймэл болон бодит орон зай зэрэг бүхий л элементүүдийг ашигласан маш олон төрлүүдийг араасаа дагуулав. 

   1960-аад оны эхээр үүссэн Минимализм нь Геометр хийсвэрлэлээс үүдэлтэй сэдэвчилсэн бүтээл, “шавааралдсан” хийсвэр илэрхийлэл, сэтгэл хөдлөл зэргээс татгалзсан хэв маяг бөгөөд хамгийн энгийнээр ч урлагийн илэрхийллийг харуулж, агуулж болно гэж үздэг. Харин 1960-аад оны сүүлээр үүссэн Постминимализм хөдөлгөөн нь минимализмын татгалзсан хэлбэр агуулга бүхий минималист урлагийг бүтээх зорилготой байв. Энэ үед гарч ирсэн “Хийсвэр илэрхийлэл”-ийн шинэлэг сонирхолтой хэлбэр нь Коллаж (Зулмал урлаг), Ассембляж (Угсармал урлаг), Инстолляци (Өрөг урлаг) зэрэг байв. Анх 1950-иад онд Р.Раушенберг Поп (Нийтлэг) урлаг, инстолляци (Өрөг)-ийн урлагийг хослуулан чихмэл амьтан шувууд, арилжааны гэрэл зураг бүхий ассембляж хийсэн нь элдэв материалыг нийлүүлэн өөр утга санааг илэрхийлж болохыг харуулсан шинэ маягийн урлан бүтээх арга барилыг танилцуулсан, эдгээр төрлийн бүтээлийн эхлэлийг тавьсан алхам байв. Мөн 1960-аад онд үүсэн эдүгээг хүртэл оршиж буй нэг чиглэл нь Поп болон Оп Арт бөгөөд энэ нь хийсвэр илэрхийллийн хариу үйлдэл болж гарч ирсэн гэдэг. Поп арт (Нийтлэг урлаг) нь нийтийн соёлоос сэдэвлэсэн, материаллаг хэрэглээний өдөр тутмын амьдрал, зар сурталчилгааг дүрсэлдэг “марзан” урлаг гэж болох ба харин Op-Art (Хараа зүйн урлаг) нь 1960-д оны нэгэн ‘happening’ (Өрнөл урлаг)-ийн үзүүлбэрийн үеэр анх гарч ирсэн гэдэг. 

Үзүүлбэр урлаг ба Тохиол урлаг 
(Performance & happenings)

   1950-1960-аад онд уран бүтээлчид Performance буюу үзүүлбэрт суурилсан бүтээлүүдийг анх хийж эхэлжээ. Энэ нь уран бүтээлч, барималчид үзэгчидтэй шууд харьцах, бусад бүжиг, дуу хөгжмийн чиглэлийн уран бүтээлчидтэй хамтран үзэгчдийн оролцоотойгоор үзүүлбэр тоглолт зохиох, үүндээ авад зохиомж буюу импрувизаци хийх зэргээр Хийсвэр илэрхийллийн шинэ уран бүтээлийг туурвих шинэлэг арга зам байв. Харин 1950-иад оны дунд үеэс 10 орчим жил идэвхитэй өрнөж байсан Happening буюу Тохиол урлагийг ихэвчлэн авангард уран бүтээлчид төлөвлөөгүй цугларалт маягаар зохион байгуулдаг, хамтрагч уран бүтээлчид, найз нөхөд, гэр бүл, ойрын хүрээнийхэн нэг газар цугларах ба нууцлаг, хийсвэр шинжтэй, тусгайлан хийсэн хувцас өмсдөг, гэнэт нүцгэлэх буюу хоорондоо авцалдаагүй үйлдэл хийх зэргээрээ Үзүүлбэрээс ялгардаг байна.

НЭН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ

   Дүрслэх урлагийн түүхэнд 19-р зууны сүүл үеэр бий болсон нэгэн шинэ үечлэл нь Модерн арт буюу Орчин үеийн урлаг билээ. Орчин үеийн урлагийн хөгжлийн энэ үед, ялангуяа ХХ зууны эхний хагаст модернизмийн хүрээнд маш олон урсгал, чиглэл vvсч хөгжсөн ч урлагийн vндсэн төрлvvд өөрсдийн vндсэн шинж чанар, уламжлалт арга барилаа хадгалж байсан онцлогтой бөгөөд чухам үүнээс Контемпорари арт буюу Нэн орчин үеийн урлаг төрсөн гэж үзэж болно. Contemporary гэдэг үг маань угтаа бол “Бидний амьдарч буй цаг үед бүтээгдэж буй урлаг” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бидний хувьд “одоо цаг” дээр байх цаг үеэ нарийн мэдэрсэн, хамгийн шинэлэг өнөө үеийн бүхий л урлагийг ерөнхийд нь илэрхийлдэг. 

   Нэн орчин үеийн урлагт Дэлхийн 2-р дайнаас хойш бүтээгдсэн бүхий л урлагийн бүтээлүүдийг хамруулан үздэг ба Нэн орчин үеийн урлагийн галерей, музейнууд, бусад утга зохиол, уран барилга, дуу хөгжим зэрэг чиглэлийн урлагийн байгууллагууд судалгаа, цуглуулгаа чухам 1950-иад оноос хойших бүтээлүүдээс бүрдүүлдэг. Гэвч цаг тооллын хувьд болон дүрслэх урлагийн хөгжилд гарч ирсэн үзэгдлүүдээс шалтгаалан 1970-аад оноос яг одоог хүртэлх хугацаанд бүтээгдэж буй бүхий л урлагийн бүтээлийг тооцох нь бий. Учир нь 1970 онд үндсэндээ Модернизмын үе дуусч Постмодернизм эхлэн, (зарим урлаг судлаачид Модернизм, Постмодернизм хоёрыг тус тусдаа хөдөлгөөн гэж үздэг бол мөн зарим нь нэг урсгалын хоёр тал гэж үзэх нь ч бий) амар хялбар ангилагдахуйц салангид урлагийн хөдөлгөөнүүд эцэс болж, илүү нийлэг холилдсон бүтэцтэй урлагийн үзэгдлүүд гарч ирсэн үе гэж үздэг байна. Урлагийн төрөл, чиглэлүүд нийлэгжин холилдож, арга барил, бүрдэл элемент, зохиомж илэрхийллийн хэлбэрүүдээ дижитал уран зураг, эсгий баримал гэх мэтчилэн чөлөөтэй солилцох болсноос нэр төрөл олширч, хоорондын зааг ялгааг тодорхойлоход улам хэцүү, бараг боломжгүй болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд дvрслэх урлагийн шинэ төрлvvд олноор гарч ирснийг тай холбон тайлбарлах нь зvйд нийцнэ. 

   Ерөөс ХХ зуунд хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их үйл явдал, хамгийн аймшигтай дайн тулаан өрнөж, нийгмийн бүхий л салбар эрс хурдацтай хөгжсөн бөгөөд үүнийхээ хэрээр хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, урлаг соёл нь улам олон талтай болов. Сүүлийн 40-өөд жилд нийгэм, улс төрийн амьдрал, шинжлэх ухаан, техник технологи, мэдээллийн өндөр хөгжилтэй уялдан урлаг гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Урлаг ийнхүү өөрчлөгдөхдөө, уран бүтээлчид ийнхүү өөрчлөхдөө өмнө үүссэн хэв маяг, дэг сургууль, хөдөлгөөнүүдийг, шинэ агуулга, эсрэг болон эерэг шинэлэг байр сууринаас хандан үргэлжлүүлсээр байхын сацуу цоо шинэ хэлбэр, агуулга, чиглэлээр баяжуулан, салбарлаж, басхүү холилдож нийлэгжин хөгжих нь дамжиггүй. Хvн төрөлхтөний эдлэг болон оюун санааны ертөнцийн бvхий л шинж байдлыг уран сайхнаар илэрхийлэхийг эрмэлздэгээрээ аль ч үеийн бүхий л урлаг адил билээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...