Олон жил алдагдалтай ажилласан гэж үзээд Хадгаламж банкыг Төрийн банктай нэгтгэх шийдвэрийг Монголбанк гаргасан билээ. Энэхүү мэдээллийг сонссон иргэд “Хадгаламж банк дампуурсан” гэж сандрах тохиолдол гарч бай­на. Мөн “Жаст” группийн захирал Ш.Батхүү гадаадын банкнаас зээл авч, Хадгаламж банкыг дампууруулсан гэх мэдээлэл гарч буй.

Тэгвэл энэхүү ойлголтыг үгүйсгэхээр “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би одоо болж буй үйл явцад маш тайван, хүлээцтэй хандаж байгаа. Гэхдээ Ш.Батхүү гэж нөхөр Хадгаламж банкийг аваад дампууруулсан гэх мэдээлэл гадуур их байна. Тийм учраас би энд мэдээлэл хийхийг хүслээ” хэмээсэн юм. Түүний хэлж буйгаар Хадгаламж болон Төрийн банкны балансыг уржигдар нэгтгэж дууссан учраас тус банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашигт хүндрэл гарахааргүй болсон байна.

Хадгаламж банк хамгийн сүүлд хувьчлагдсан төрийн банк аж. Тухайн үед Хадгаламж банкны ажилчид 14 тэрбум төгрөгийг хул­гайлсан хэрэг гарч байв. Үүнээс болоод хувьчлалыг хариуцсан Төрийн өмчийн  хороо, хувьчилж авсан ОХУ-ын байгууллагын хооронд маргаан дэгдэж, бүр үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн байна. Энэ байдал хоёр жил үргэлжлээд 2008 оны сүүлчээр Хадгаламж банкыг авах санал “Жаст” группт иржээ. Тухайн үед Хадгаламж банк нь нийт 80 тэрбум төгрөгийн активтай, 40 салбар 200 ажилчинтай банк байсан байжээ. “Жаст” групп тус банкыг 2009 оны гуравдугаар сарын 31-ний өдөр авсан бөгөөд дараа сард нь Монголбанкнаас шалгалт хийсэн байна. Тухайн үеийн Хадгаламж банкыг одоогийнхтой харьцуулаад ч хэрэггүй гэдгийг Ш.Батхүү онцолсон юм. Байрны нэгд давхрын өрөөнд үйл ажиллагаа явуулдаг, ердөө л орон сууцны төлбөрөө тушаадаг касс л байсан талаар Ш.Батхүү дуулгасан. Тэрбээр “Бид маш хүнд байдалтай байсан банкийг авч 2010 оны эцэс гэхэд дүрмийн санд нь “Жаст” группээс 33 тэрбум төгрөг хийж, 209 тэрбум төгрөгийн активтай, 134 тэрбум төгрөгийн олгосон зээлтэй болгосон. Тухайн үед мөн өөртөө “Монгол шуудан” банкийг нэгтгэсэн. “Монгол шуудан” банк 185 тэрбум төгрөгийн активтай, түүнийх нь 70 тэрбум нь чанаргүй буюу эргэн төлөгдөх найдваргүй зээл болсон, ийм л байдалтай байсан. Бид 2010 оноос эхлээд энэхүү хоёр банкийг нэгтгэж шинэ Хадгаламж банкийг байгуулж ажилласан. Нийт актив хөрөнгө 360 тэрбум орчим, үүнийх нь 170 тэрбум нь чанаргүй буюу эргэн төлөгдөх найдваргүй зээл. Хэрэв бид энэ хоёр банкийг өөртөө нэгтгэж аваагүй бол 360 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн зээл, тэр их хөрөнгө мөнгө ямар ч баталгаагүй хоцорч, энэ ачаалал нь улсын нуруун дээр ирэх байсан. Бид цаашлаад Хадгаламж банкийг хөл дээр нь босгох, эрүүлжүүлэхийн тулд дүрмийн санд нэмж мөнгө байршуулсан. Манай банк шиг дүрмийн сандаа 84 тэрбум төгрөгтэй банк байхгүй. Бид Хадгаламж банкийг авах үеэс л алдагдалтай ажилласан. Бид банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэх ажлыг байгуулсан цагаасаа хойш буюу 2010 оноос хойш хийсээр ирсэн. Түүнээс биш гэнэт 2011 оноос банк алдагдалтай ажиллаад  эхэлсэн юм биш” гэв. Мөн “Төрийн банкинд хүлээлгэж өгсөн Хадгаламж банкны өнөөгийн байдлын хувьд 2009-2013 онд активын хэмжээ 12 дахин өсөж, нэг их наяд 30 тэрбумд хүрсэн. Зээлийн хэмжээ 11.7 дахин өсч 553 тэрбум төгрөгт хүрсэн. Банк маань 502 салбар нэгжтэй, 3316 ажилчинтай, 171 АТМ ажиллаж, харилцагчдын тоо 1.7 сая болсон. Манай банк бусад банкнаас илүү гардаггүй юмаа гэхэд дутахааргүй үйл ажиллагаатай томоохон банкуудын нэг болж чадсан” гэсэн юм.

“Жаст” компанийн үйл ажиллагаа өргөжихтэй зэрэгцээд дүрмийн сангийн хөрөнгийг өсгөх хэрэгтэй болсон байна. Ш.Батхүүгийн зүгээс дахин мөнгө гаргаж чадахгүйд хүрсэн тул Монголбанкинд нөхцөл байдлыг мэдэгджээ. Ингээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай тохиролцож, Монголбанкинд очсон ч төв банкны стандартыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан аж. Ингээд өнөөдрийн байдалд хүрч Төрийн банк өөрөөсөө гурав дахин том банкийг хүлээж авсан. Гэхдээ Хадгаламж банк төлбөрийн чадвартай хэвээр байгаа. Харин хүндрэлтэй асуудал юу байна вэ гэхээр өөрийн хөрөнгийн чадамж юм. Ихээхэн хүндрэлтэй байсан банкийг өөртөө нэгтгэсэн, дээр нь хувьчлахаас өмнө Хадгаламж банк өөрөө хүнд байдалтай байсан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү тодотгов. Тэрбээр эцэст нь онцлохдоо “Зарим хүний яриад байгаа шиг яахаа алдчихсан банкийг Монголбанк аргагүй эрхэнд татан буулгаж байгаа зүйл биш. Бүх зүйл нь хэвийн ажиллаж байсан, төлбөрийн бүрэн чадвартай банкийг л Төрийн банкинд нэгтгэлээ. Өнөөдрийг хүртэл надтай хамтарч, энэ хоёр банкийг өөд нь татаж, сэргээхийн төлөө хамтран ажилласан хүмүүстээ баярлалаа” гэв.

Тэрбээр Хадгаламж банкыг Төрийн банкны мэдэлд шилжүүлэхээс гадна “Жаст Ойл” компа­ниа “Магнай трейд” компанид банкны зээлийг төлүүлэх нөхцөлтэйгээр өгсөн байна. Мөн “Жаст Агро” компаниа татан буулгаж, 11 үйлдвэрийг Хадгаламж банкны  гүйцэтгэл хангуулах үүрэгт тус тус өгчээ. Түүнчлэн Улаан-Үүд компаниа хамтрагч байсан н.Алтан захиралтай компанид 100 хувь шилжүүлжээ.

 

Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-”Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан гэсэн. Тэрхүү зээлийг хэрхэн авсан бэ?

-Би 1997 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллаж ирсэн.. Би Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гар­гуулсан нь үнэн. Гэхдээ зөвхөн эхний шатны 20 сая ам.долларын зээлийг л авсан. Тэрхүү зээлээ би төлөөд дуусчихсан.

-Зээлийн баталгаа гаргуулахдаа Төрийн өм­чийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдэгдсэн гэсэн?

-Би 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авсан нь үнэн. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар хуулийн дагуу үзээд боломжтой бол баталгаа гарга гэдэг цохолт хийж өгсөн.

-Стандарт банкнаас зээлсэн мөнгөө барагдуулаагүй хэмээн мэдээлж байгаа. Яг төлж барагдуулсан уу?

-Бид Стандарт банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Тэрхүү зээлийг бид буруу зүйлд ашигласан тал бий. Яах аргагүй Хадгаламж банк хэцүү бай­далд байсан тул тийшээ хөрөнгө оруулж зориулалтын бусаар ашигласан. Үүнд бид буруутай. Тэрхүү зээлийн хугацаа одоо хүртэл дуусаагүй явж байна. “Жаст” групп зээлээ төлөх болно.

-Стандарт банкны өрийг хэрхэн барагдуулах вэ. Улсаас төлж магадгүй гэсэн яриа гарсан байна?

-Хэзээ ч улс төлөхгүй. Амьд хүн аргатай гэдэг дээ. Ямар ч байсан зээлээ барагдуулна. Миний зээлийг улсаас барагдуулах үндэслэлгүй учраас улсын мөнгөөр зээлээ төлүүлэх нь гэж санаа зовж  байгаа хүмүүс тайван байж болно. Гэхдээ Засгийн газрын гишүүд цуглахаар Хадгаламж бан­кыг хувьчлаад миний өрнөөс хасах хүсэлт тавих бодолтой байна.

-Та аль намын гишүүн бэ. Дээрээс ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Би  аль ч намын гишүүн биш. Нэгэнт бизнес хийж байгаа хүн улс төрөөс хол байх ёстой. Тиймээс надад ямар нэгэн дарамт ирээгүй.

-Ерөнхий сайд байсан С.Баярыг тантай холбоотой гэх юм билээ?

-Бид хоёр 40 мянгатын нэг байранд хамт байдаг байсан. Миний хувьд хүндэлж явдаг ах маань байгаа юм. Ер нь намайг бизнес хийхэд дэмждэг байсан хүн бол УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир. Тэр хүн намайг улс төр, намд битий ор гэж хэлсэн. Орост С.Баяр даргыг Элчин сайд байх үед намайг танилцуулж байсан.

-Олон овоотын нөөцийг Монгол газар компанийн Ц.Мянганбаяр хуурамчаар тог­тоосон гэсэн?

-Олон овоотын төслийн удирдагч нь Ц.Мян­ганбаяр захиралтай “Монгол газар” компани байсан юм. “Монгол газар” компанитай бид нэлээд олон жил түншилж ажилласан. Тэд уул уурхай эрхэлдэг, бид шатахуун нийлүүлдэг. Өнгөрсөн 2006 оны аравдугаар сард “Монгол газар”, “Жаст” групп хоёр Олон овоотын төсөлд хамтарч ажиллахаар тохирсон юм. Ц.Мянганбаяр алтны нөөцийг 25 тонн гэж надад хэлсэн. Гэтэл судалгаа хийсний дүнд 8.4 тонн л алт байгаа гэсэн. Үүнийг хууль хяналтынхан шалгах байх. Ер нь миний хийсэн хамгийн том алдаа бол “Монгол газар” компанитай холбогдсон явдал.

 

Ж.Баттуул