Хямралын эсрэг эм: Аархал, бахархал хөгжилд хөтлөхгүй
2015/11/19
-
1
-
Ж.ЦОГЗОЛМАА
Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиосон өнгөрсөн пүрэв гариг бүх нийтийн амралт байв. Дэлхийгээрээ хямраад байхад амралт нь дэндсэн монголчууд дахиад л шүүмжлэлийн бай боллоо. Төрийн ажил амждаггүй, замын осол буурдаггүй, хүнд суртал нимгэрдэггүй хачин тогтолцоотой бидний хурд ч ахисангүй.
Бахархах зүйлтэй байна гэдэг сайн. Сайхан ч хэрэг. Гэхдээ бахархах зүйлээ хоосон бардамнал болгоод орхивол гарз ихтэй ч байж мэдэх. Үүний бодит жишээ бидний дунд элбэг байна. Ядахад төрийн алба назгай, хүнд суртал ихтэй, хувийн бизнес хөгжихөд тал бүрийн саадтай, дэд бүтэц муу, залхуу хойрго, маргааш гэж хойшлуулах дуртай зэргээр жагсаалт мундахгүй нь. Үнэхээр л бахархдаг байсан юм бол тэр бахархлынхаа хүчээр хөгжөөд хөл ихтэй улс, мөнгө ихтэй гүрэн болох хугацаа хэдийнэ ард гээгдчихжээ.
Тэгвэл бахархана гэж чухам юу гэсэн үг юм бэ. Бахархах, аархах гэдэг чинь зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөн биш. Харин бодитой хийж бүтээсэн зүйл, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх эдийг хэлдэг байх.
Хамгийн ойрын жишээ Хятад байна. Бид л муу нэрээр тэднийг цоллоод байдаг болохоос биш хөгжилд хүрсэн түүхийг нь судлаад, дотор нь ороод харвал ямар ч монгол хүн уулга алдана. Алслагдсан хөдөө тосгод нь хүртэл хурдны толь шиг замаар гоёж, аялал жуулчлал гэдгийг мөнгөний уут болгож хувиргасан жишээ олон. Агаарын тээвэр асар өндөрт хөгжиж, хотоос хөдөө орохын тулд ганц онгоцонд суугаад л боллоо. Заавал хэдэн өдрөөр автобусанд “найгах” хэрэг алга. Манай улсад л хүчээ аваад байгаа төрөөс төрсөн тэрбумтнууд тэнд алга. Авлига авсан нэг нь хатуу цээр хүртэж, хулгай хийсэн бусад нь гар хөлнөөсөө сална. Ийм хатуу дүрэмтэй байхад хөгжлийн төлөө хөлсөө гаргахаас яахав.
Ингэж урагш алхаж чадаж байгаагийнх нь шалтгаан юу вэ гээд судлаад үзэхээр эртний суутан Күнзийн сургаалтай салшгүй холбоотой байх юм. Дэлхий дахинд Күнзийн 7000 гаруй сүм байгуулж, түүний онгоныг аялал жуулчлалын бүсээрээ тодруулж, сэтгэлгээний баялгийг бүтээж чаджээ. “Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго.
Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!” гэсэн Күнзийн мэргэн ухааныг наад захын хятад хүн сурчихсан л яваа. Ийм болохоор энэ улс хөгжихгүй гээд ч яахав.
Холын жишээ гэвэл, америк, европууд байна. Есүс Христийнхээ үгийг чандлан сахидаг. Сургаалиас нь гаждаггүй. Өдөр бүр сүмд явж, өргөл өгч, маргаашдаа бэлтгэдэг. Өдөр бүр хөдөлмөрлөхийг, бусдад туслахыг, чин сэтгэлээсээ хичээхийг Христийн сургаалиасаа авч, түүнийгээ хэрэгжүүлдэг.
Харин бид яадаг вэ. Бид эзэн Чингис хааны үр удам гэж цээжээ дэлдэж, аархаж, омогшиж чадна. Олон ч жил энэ ажлаа сайн хийлээ. Гэхдээ хоосон аархал, бахархал хөгжилд хөтөлдөггүй гэдгийг бид бас сайн сурлаа.
Гудамжинд яваа хүүхдээс Чингис хааны сургаалийг мэдэх үү гээд асуувал хариулах нь хэд байгаа бол.
Бид үнэхээр их хаанаараа чин сэтгэлээсээ бахархдаг юм бол түүний сургаалийг амьдралдаа биелүүлж, түүнийгээ хөгжлийн түлхүүр болгох учиртай.
“Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ” гэсэн Чингисийн сургаалийг мэддэг хүн хэд байгаа бол. Бахархсан шиг бахархдаг болохын тулд ядаж маргааш гэж хойшлуулдгаа болих хэрэгтэй биш гэж үү.
Цааз, сургаалиудыг хуульдаа ягштал шингээж чадвал албан байгууллага, пүүс компаниуд тэр хэрээр хөгжих биш үү.