“Аврал”-ын Оюутолгой “нэрмээс” болох нь
2013/07/29
“Оюутолгой” ХХК зэсийн баяжмалаа ямар өртгөөр гаргаж байгааг УУЯ-ныхан хүртэл мэдэхгүй байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Уг нь экспортыг хоёр ч удаа хойшлуулж, борлуулалтын гэрээг ТУЗ-өөр хэлэлцүүлэн, орлогыг Монголд бүртгэлтэй банкаар дамжуулах шаардлагыг тавьж, хоёр тал хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр энэ сарын 9-нд экспортоо эхэлсэн.
Гэвч одоог хүртэл энэ талаархи мэдээлэл хаагдмал байгааг юу ч гэх билээ. “Оюутолгой” ХХК ТУЗ-ийн гишүүдээ сайн “маллаж”, тэд ч ажлаа “сайн” хийж байна гэхээс өөр юу гэхэв. Ямар сайндаа л манай талын ТУЗ-ийн гурван гишүүн баяжмалаа ямар үнээр, хаана, хэнд, хэдэн төгрөгөөр зарахыг мэдэхгүй явсан гэх.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар цаашдаа сайжруулах чиглэлийг Засгийн газар, УИХ-аас өгсөн. Энэ хүрээнд юуны түрүүнд экспорт эхлэхээс өмнө Оюутолгойн үйлдвэрийн хүчин чадлын асуудлыг ТУЗ-ийн хэмжээнд шийдэх ёстой гэж байсан ч бас л ажиллаж чадсангүй бололтой.
Манай үндэсний шинжээчид Оюутолгойн уурхайн ТЭЗҮ-д шүүмж хийж үзэхэд ашиглалтын хоёр хувилбартай байжээ. Нэгдүгээрт, жил болгон 37.8 сая тонн хүдэр олборловол Оюутолгойн уурхай 60, 70 жил байтугай 100 жил ч ашиглах нөөцтэй. Харин нөгөөх хувилбар нь сорчлон ашиглах үндсэн дээр хүчин чадлыг товойлгон, зургаа дахь жилээс 58 сая тоннд хүргэх аж.
Хэрвээ сүүлийн хувилбараар ажиллавал Оюутолгойн уурхайн хүдрийн агууламж 34 дэх жилээсээ эрс буурч, цаашид ажиллах уу, үгүй юу гэх асуудал гарч ирнэ гэдгийг шинжээчдийн баг уулын ажлын горимын шинжилгээгээр гаргаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь хувилбарыг сонговол Оюутолгойн уурхай 34-хөн жил насална гэсэн үг.
Гэтэл “Оюутолгой” ХХК хоёр дахь хувилбарыг сонгочихож. УУЯ-ны энэ сарын “Ил тод уул уурхай” хурлын мэдээлэлд “Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Зургадугаар сарын 20-ноос энэхүү хүчин чадлаараа ажиллаж эхлээд байна.
Ийнхүү тус үйлдвэр нь жилдээ ойролцоогоор 36 сая тонн хүдэр боловсруулж, нэг сая тонн орчим зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй. Цаашид баяжуулах хүдрийн хэмжээг нэмэгдүүлж 2018 он гэхэд жилдээ 54 сая тонн хүдэр боловсруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн байв.
Тэгэхээр Оюутолгой зургаа хүрэхгүй жилийн дараагаас хүчин чадлаа нэмэгдүүлж, 34-хөн жил наслах аюулд орж байна гэж хэлж болох нь. Тиймээс л үүнийг тухайн үедээ шинжээчдийн баг шүүмжилж байсан ч нэгэнт хөрөнгө оруулалтын гэрээг байгуулчихсан учраас энэ асуудал газар аваагүй гэдэг. Гэтэл ТУЗ нь эскпорт эхлэхээс өмнө энэ асуудлыг хэлэлцэж, шийдсэнгүй.
Мэдээж хөрөнгө оруулагчдын зүгээс ашиглалтын хэдэн ч хувилбарыг дэвшүүлж болно. Харин түүнээс хамгийн оновчтойг нь бид л сонгох ёстой. Гэтэл бид сайн ажиллаж чадаагүйгээс болж Монголын эдийн засагт “аврал” болох учиртай Оюутолгой бүр нэрмээс ч болж болохоор байна.
Үргэлжлэлийг энд дар
Д.Хулан
koperk · 2013/08/02
tsoonhuud emuu kopernikuud uuniig shiidej chaddaggui yum bolvuu.