Сүүлийн 10 жилийн наадмын түрүүг өөр өөр бөх авсантай адил тохиолдол 1928-1940 онуудад гарч байжээ
2015/12/05
1921 оноос эхэлсэн улсын наадмын 95 түрүү байрын 67 түрүүг нь 21 аварга хүртэж байжээ. Данигай заан, хурандаа Бэх-Очир арслан,”молиго бүргэд" Бат-Очир арслан гурвыг эс тооцвол улсын цолгүй байхдаа төрийн наадамд түрүүлсэн дөрвөн бөх (Түвдэндорж, Батсуурь аваргууд болон Оргодол, Бүрэнтөгс арслангууд) байна.
Улсын начин цолтойдоо наадмын манлай болсон 8 бөх, заан цолтой түрүүлсэн 23 бөх, арслан цолтой түрүүлсэн 6 бөх, гарди байхдаа түрүүлсэн 1 бөх (Сумьяабазар), харцага байхдаа түрүүлсэн 3 бөх (С.Мөнхбат, Батсуурь, Оюунболд) байна. Харин улсын наадамд аварга цолтой болсон хойноо анх түрүүлсэн ганцхан бөх буй нь Баянмөнх ажээ.
МҮБХ-ны шинэ дүрмээр 10 давсан бөхөд аварга цол олгодог. 95 удаа улсын наадам болоход нэг удаа 96, нэг удаа 256 бөх зодоглож бусдад нь 512, 704, 920, 960,1024 гэхчлэн бөх барилджээ.
Наадмын түрүү бөхчүүдээс Сэлэнгийн Данигай (Дамдин) заан 96 бөхөөс 7 давж түрүүлсэн бол Г.Дэмүүл, С.Оргодол нар 8 даван түрүүлж байв. Харин Г.Вандан, Г.Самдан, Н.Жамьян, Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумьяабазар, С.Мөнхбат нарын аваргууд болон Д.Далантай, босоо С.Шагдар, мээтэн Аюур, цэргийн С.Шагж, Б.Банзар, хурандаа Бэх-Очир, молиго бүргэд Бат-Очир, урт гарт М.Лхагва, улаан хүзүү Х.Дэлэг, Мөнгөнморьтын Чимзд, хумбан хар Балсан, баргын Гэлэг, Б.Төрбат нарын арслангууд 10 даван улсын наадмын манлай
болсон байна. Нийт 95 наадмын 23 нь 10 даваагаар түрүү хүчтэнээ дуурьсгаснаас буур Н.Жамьян аварга ганцаараа хоёр удаа 10 даван түрүүлсэн байгаа юм.
Хоёр зуун дамнасан 95 наадмаас Монголын 21 аварга тодроход Б.Бат-Эрдэнэ 11, Х.Баянмөнх 10, Б.Түвдэндорж 7, Ж.Мөнхбат 6, Д.Дамдин 5, Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр нар тус бүр 4, А.Сүхбат 3, Н.Жамьян, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Д.Хадбаатар нар тус бүр 2, Г.Вандан, М.Самдан, Ч.Бээжин, С.Цэрэн, Ж.Цэвээнравдан, О.Балжинням, Д.Сумьябазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар нэжгээд түрүүлсэн нь нийт 67 түрүү болжээ. Харин төрийн их баяр наадмын 95 үзүүр бөхийн байг 56 бөх авсан байдаг.
Улсын наадамд хамгийн олон буюу 5 удаа үзүүрлэсэн хүчтэнүүд нь дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, арслан Д.Мөнх-Эрдэнэ, 4 үзүүрлэсэн нь дархан аварга Ж.Мөнхбат, аварга Д.Сумьяабазар агаад 3 үзүүрлэгсэд нь дархан аварга Ш.Батсуурь, Х.Баянмөнх, аварга Д.Хадбаатар, арслан
П.Дагвасүрэн, гарди Б.Гантогтох, хошоод үзүүрлэсэн бөхчүүд нь дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир, аварга О.Балжинням, Г.Самдан, арслан С.Шагж, М.Лхагва, Г.Цоодол, М.Чимэд, М.Мөнгөн, Ж.Чойжилсүрэн нар ажээ. Улсын цолгүй байхдаа үзүүр түрүү булаалдсан бөхчүүд нь (одоогоос 60 жилийн өмнөх буюу 1955 оны улсын наадмаас эхлэн үзвэл) Б.Бадам заан, Ж.Чойжилсүрэн арслан хоёр байгаа юм.
Түвдэндорж аварга улсын наадамд хоёр түрүүлээд аварга
цолтой болсон хойноо анх үзүүрлэсэн бол Мөнхбат аварга таван жил завсаргүй түрүүлэн нийт 11 удаа наадамд зодоглосон хойно л анхлан үзү^рлэсэн байдаг бол Сумьяабазар аварга түрүүлж үзэхээсээ өмнө 4 удаа үзүүрлэсэн байлаа. Нийт 95 түрүүг авсан 49 хүчтэний 21 нь аварга, 27 нь арслан, 1 нь л заан цолтой аваас үзүүрлэсэн 56 бөхийн дунд 18 аварга, 25 арслан, 7 гарди, 5 заан, 1 начин байгаа юм.
Лу гүний Вандан, босоо Самдан хоёрт 1994 онд Балжиннямтай хамт аварга цол олгосныг (нэхэн) эстооцвол 1927 онд буур Жамьян, 1941 онд Түвдэндорж, 1946 онд Чимэд-Очир, 1948 онд Батсуурь, 1951 онд Цэвээнравдан, 1958 онд Дамдин, 1961 онд Цэрэн, 1965 онд Ж.Мөнхбат, 1967 онд Баянмөнх, 1970онд Бээжин, 1980 онд Цэрэнтогтох, 1986 онд Хадбаатар, 1989онд Бат-Эрдэнэ, 1994 онд Балжинням, 2001 онд А.Сүхбат, 2006 онд Сумьяабазар, 2011 онд С.Мөнхбат, 2013 онд Эрхэмбаяр нар “Аварга” цол хүртэж байжээ.
2000-2005 оны зургаан наадамд Сүхбат, Өсөхбаяр хоёр хувааж гурав гурав түрүүлснээс хойших 10 наадамд жил бүр онд ондоо бөх манлайлжээ. Ер нь монгол наадмын түүхэнд өмнө нь 10 жилийн хугацаанд өөр өөр бөхчүүд түрүүлсэн ганц тохиолдол бий. Тэр нь 1926, 1927 онд “буур” Жамьян аварга хоёр жил дараалан түрүүлснээс хойших 1928-1940 он хүртэлх наадмуудад 13 бөх магнайлсан байдаг. Харин 1939 онд анх түрүулсэн Түвдэндорж 1941 онд хоёр дахиа түрүүлснээс хойш дахин ийм завсар гарахгүй байсаар 2006 - 2015 оны хоорондох 10 наадамд тийм тохиолдол гараад байгаа билээ.
Энэ хугацаанд Сумьяабазар, Мөнхбаатар Ганхуяг, Өсөхбаяр, Ганбат С.Мөнхбат, Бүрэнтөгс, Эрхэмбаяр Батсуурь, Оюунболд нар манлайллаа. Насны нь байдлаал таамаглавал С.Мөнхбат П.Бүрэнтөгс, Н.Батсуурь Э.Оюунболд дөрөвт ахиад түрүүлэх магадлал бий. Ная гаруй жилийн өмнө 13 жилийн хугацаанд өөр өөр бөх түрүүлж байгаад Б.Түвдэндорж аварга 1939-1954 оны хооронд 7 удаа түрүүлсэн шиг явдал давтагдана гэж үзвэл 2018 оноос Бүрэнтөгс, Оюунболд, Батсуурь нар юм уу эсвэл ондоо нэг үл мэдэгдэх бөхөд тэр ерөөл оршиж магадгүй санагдана. Эсхүл айсуй онд 1024 бөх зодоглох тул шинэ аварга тодрох магадлал тохиож болно.
Ямартаа ч 10 жил тасралтгүй онд ондоо бөх улсын баяр наадамд манлайлсан “харанхуй цаг”-т төгсгөл ирж магадгүй. Ялангуяа Хэнтийн Э.Оюунболд, Увсын П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гурвын хэн нэг нь юм уу гурвууланд нь ахин түрүүлээд аварга цолонд хүрэх магадлал буй гэж бодогдоно, тэр тусмаа сүүлийн үед улам сайхан өнгөлж яваа Бүрэнтөгсөд 22 дахь аваргын титэм урьтаж ирж болзошгүй.
Чухам ирэх жил 1024 хүчтэн зодоглох төрийн их наадмаар хэн гэдэг аавын ямар хийморьтой хөвгүүнд аваргын алдар оногдох нь сонирхол татаж байна. Арслангууд эс түрүүллээ, үзүүрлэлээ гэхэд өөр тэнгэртэй хэн нэгэнд аваргын цол ирэх нь л дамжиггүй авай. Харин хэн бол!...
М.Амгалан
Эх сурвалж: "Далд амьдрал" сонин
Зочин · 2016/01/05
ГАНТОГТОХТ ЯГААД АРСАЛАН ӨГӨХГҮЙ БАЙНА
Зочин · 2016/01/05
АВАРГЫН БИЭТЭЙ БӨХ БҮРЭНТӨГЦ
Зочин · 2015/12/06
GANTOGTOH 3 VZVVRLESEEN
Зочин · 2015/12/05
cool