Бид хэнийг өршөөгөөд байна вэ? Хэмээн хууль хяналтын байгууллагаас асуумаар байна. Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүү өчигдөр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдлаа.

Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3 –д зааснаар таван жилийн ял оноосон юм. Эдгээр зүйл ангиуд Өршөөлийн хуульд хамрагдан ял эдлэхгүй байх боломжийг олгов. Г.Алтанхүүгийн гарт амиа алдсан тэр бүсгүйн ар гэрийнхэн таван жил ч гэсэн гэмээ ухаарч шоронгоос гарч ирнэ хэмээн бодсон бодол нь талаар болов.

Уг заалтуудыг харахад гэр бүлийн хүчирхийлэл хийсэн нөхдүүд ямар нэгэн ял шийтгэл амсалгүй, мултрах боломжтойг харж болно.

Жишээлбэл, 98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Уг заалтыг харахад эхнэрээ удаан хугацаагаар зодсон ч ял шийтгэл эдлэхгүй байх нь ээ. Мөн байнга зодох буюу тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн бол хуулиндаа хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм. Гэтэл өөрийгөө хамгаалж чадахгүй эмэгтэй хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шүүхэд хандлаа ч нэмрийг эс олох нь. Ингэж бодохоор Өршөөлийн хууль хэнд үйлчлээд байгаа нь сонин санагдаж байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 1486 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг.

Т.Буянаа