УИХ-ын 2015 оны 12-р сарын 3 болон 4-ны өдрийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хамтад нь баталсан. Тэгвэл уг хуулийн талаар өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид мэдээлэл хийлээ. Ингээд хэвлэлийн хуралд яригдсан асуудлуудыг бүрэн эхээр нь хүргэе.

Эрүүгийн хууль нийгэмд шударга ёсыг тогтоох, шинэ нийгмийн үнэт зүйлсийг аливаа гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулсан байдаг онцлогтой. Улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг болон хүмүүсийн амжиргаанд гарч буй нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Эрүүгийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиуд маань өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага бодитой бий болсон нь шүүхийн шийдвэрт үндэслэсэн олон удаагийн судалгааны дүн, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэд, улс төрчдийн дүгнэлтээс харагддаг. Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалж чадах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хууль зүйн хариуцлагын тогтолцоог цогц байдлаар буюу Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, тэдгээрийг хэрэгжүүлэх процесс ажиллагааны хуулиудыг хамтад нь шинэчлэн батлах нь чухал гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдсэн байна.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа өмнөх эрх зүй өндөр хөгжсөн улс орнуудын эрдэмтэд хамтран гаргасан “Гэмт хэргийн загвар хууль бусад хууль санаачлах эрх бүхий субьектын боловсруулсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга. нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн өгсөн шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой санал зөвлөмжийг хуулийн төсөлд ашигласан. Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн байна. Эрүүгийн хуулийн холбогдах заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтад нийцүүлжээ.

Тухайлбал, Монгол Улс цаазаар авах ялыг халах Олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан. Авлигын эсрэг НҮБ-ийн конценцэд заасан агуулгаар авилга, албан тушаалтанд холбогдох хэргийг томьёолжээ.

Ял шийтгэлийн хувьд уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг ялыг шинээр нэмснээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан байна.

Шинээр орсон бас нэг чухал зохицуулалт бол гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлж оногдуулах заалтыг хуульчилсан байна. Ингэснээр дийлэнх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна шүүхийн ачааллыг бууруулна.

Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог болсон байна.

Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил үйлдэлд захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн давхардсан стандартууд тогтоосныг үгүй болгож гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон байна

Өмнөх хуульд байсан хөнгөн. хүндэвтэр хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрдсэн байна.

Мөн иргэнд байхгүй эрхийг төр эдлэх ёсгүй гэсэн нийгмийн гэрээний онолын дагуу цаазын ялыг халж, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж /хорихоос өөр төрлийн ялаар сольсон/, “эрүүгийн хариуцлага гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмжээ” хэмээн тусад нь зааж өгсөн байна

Эрүүгийн шинэ хуульд байгаль орчны гэмт хэрэг болон хуулийн этгээдийн хариуцлагыг тусад нь бүлэг болгож хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгт хуулийн этгээд буюу компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байхаар хуульчилжээ.

Торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг "нэгж” гэх илтгэлцүүртэй болгосон байна. Учир нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ ч, Засгийн газар ч тогтоодоггүй. Харин Засгийн газар, ажил олгогч, ҮЭ-ийн гурвалсан хэлэлцээрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орох боломжтойгоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд хуульд заасан итгэлцүүр өөрчлөгдөж, хуулийг зүйл заалт бүрээр өөрчлөлт оруулах шаардлагатай болох учраас тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “нэгж” гэдэг итгэлцүүрийг авсан байна.

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулахаар болжээ.

Одоо хэрэгжиж байгаагаас харьцангуй зөөлөрсөн шинэ Эрүүгийн хууль блтгэл ажил хангахтай холбогдуулан 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон юм.

Бид шинэ Эрүүгийн хуулийн талаар тодруулгыг удахгүй хүргэх болно.

А.Баярмаа