Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зориулж Засгийн газраас 4.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэнэ
2015/12/15
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна.
Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.
Өвөлжилтийн энэхүү хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс 1 аймагт дунджаар 150,0-250,0 сая төгрөг хуваарилахаар боллоо. Малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж байгаа 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ.
Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85,7 хувьтай хангаж, аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 23,044 тн өвс, 3,345 тн тэжээл бэлтгэж, улсын нөөцөд 2015 онд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид болон аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс шаардлагатай өвс, тэжээлийг аймаг, орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах хүсэлтийг ирүүлээд байна.
Мөн зарим аймаг шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашингүй байгаагаас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байна.
Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2015 оны сүүлийн хагас жилд тохиолдсон мал, амьтны гоц халдварт хонины цэцэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардагдах зардал, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан гахайн нөхөн төлбөр, зарим аймгийн хүн эмнэлэг, шуурхай албанд олгосон фургон автомашин, салхи, шуурга, гал түймрийн улмаас орон гэргүй болсон 13 өрхөд гэр олгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, иргэдийн томилолтод 2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэв.
Орон нутагт шуурхай ажлын хэсэг ажиллана
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллахаар орон нутгийг зорих гэж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Эрүүл мэнд, спортын яамны холбогдох албаны хүмүүс багтаж байна.