“Оросын иргэн Балдоржийн Ариунаагийн нэхэмжлэлтэй хэргийг Монгол улсын нэгэн дүүргийн шүүхэд жил хагасын өмнөөс эхлэн хэлэлцэж байна” гэсэн мэдээлэл Оросын мэдээлийн сайтын өнөөдрийн онцлох нүүрэнд гарчээ.

Учир нь нэрт сэтгүүлч агсан Ц.Балдоржийн анхны эхнэрээс нь гарсан том охин нь түүний хөрөнгөөс өв залгамжлах ёстой хэмээн Монголын шүүхэд гомдол гаргасан юм байна. Талийгаачийн үлдээсэн, амьд сэрүүндээ бие болгосон, бүтээсэн хөрөнгө гэвэл хотын төвийн Улаанбаатар зочид буудал, Тэрэлжийн амралтын газар байрлах тансаг зэрэглэлийн “Улаанбаатар 2” ресторан, Элит зэрэглэлийн гольфийн талбай, Монгол Ньюс зэрэг байгууллагууд байдаг ажээ.

Түүний том охин Ариунаа уг сайтад мэдээлэл өгөхдөө “Аавын хоёр дахь эхнэр Намсрайн Шүр нь аавтай гэрлэхдээ өмнөх нөхрийнхөө хоёр хүүхэдтэй ирсэн байдаг. Харин аавтай суугаад хоёр охин төрүүлсэн.Үлдээсэн өв хөрөнгийг нь Н.Шүр хүүхдүүдтэйгээ хувааж авсан байгаа. Аав мин гэнэт нас барсан учир гэрээслэл үлдээж чадаагүй юм” гэжээ.

Нэрт сэтгүүлч агсан Ц.Балдорж Эрхүү хотын их сургуулийн сэтгүүлзүйн ангид суралцаж байхдаа ангийн охин болох Орос бүсгүйтэй танилцаж, хайр дурлалтай болж гэрлэсэн юм байна. Ингээд тэр хоёрын дундаас 1974 онд охин төржээ. Тэд охиндоо Б.Ариунаа гэх нэр хайласан аж. Ц.Балдорж эхнэрийнхээ хамт сургуулиа төгсөөд, улмаар хүүхдээ 3 настай байхад Улаанбаатарт ирж амьдарсан бөгөөд охин нь 14 нас хүртлээ 23 дугаар тусгай дунд сургуульд суралцсан ажээ. Харин түүний анхны эхнэрийг Ольга гэдэг бөгөөд тэрбээр МОНЦАМЭ агентлагийн харьяа “Новости Монголии” сонинд 1977 оноос 1988 он хуртэл соёл урлагийн хэлтэс хариуцан ажиллаж байсан нэртэй сэтгүүлч юм байна.

Аав ээжийгээ салсанаас хойш Ариунаа аавтайгаа үргэлж уулздаг байсан бөгөөд аав нь гурван охиноо ойр өсгөхийн ихэд хүсдэг байсан гэнэ. Мөн Ариунааг гэр бүлээрээ Монголд ирж амьдар, аав нь охиноо газардуулахгүй гэж хэлдэг байсан тухай Б.Ариунаа нэгэн ярилцлагадаа дурсжээ. Б.Ариунаа өмнө нь Балдоржийн Ариунаа гэж ааваараа овоглодог байсан бөгөөд нөхөрт гарснаасаа хойш Буриадын ёсоор “Ариунаа Галданова” буюу нөхрөөрөө овоглох болжээ.

Н.Ганаа

Балдоржийн охин Ариунаа

Ц.Балдорж охин Ариунаа

Ц.Балдорж анхны эхнэр Ольга