...Жигжид огцор, Жигжид огцор, Жигжид огцор. Энэ бол идэр ес эхэлсэн өвлийн хахир хүйтэнтэй зэрэгцсэн жагсагчдын дуу хоолой. Тэд Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бус лиценз олголтыг эсэргүүцэж ийнхүү Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улс төрийн суулт зарлаж, төрийн өндөрлөгүүд үгээ сонсгож байгаа нь энэ.

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас зарласан энэхүү суултын үеэр иргэдийн гарын үсгийг цуглуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Батширээт суманд Онон голын сав ойн сан бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг Урт нэртэй хууль зөрчин Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас лиценз олгосонд гол учир байгаа аж. Тиймээс тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар иргэний нийгмийн байгууллагынхан энэ өдрүүдэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлэн байгаль орчноо аврахаар Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж байв. "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан тусгай зөвшөөрлийг цуцлуулах болон Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулах шаардлагаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. Суултын үеэр "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Т.Бээжингээр зарим зүйлийг тодрууллаа.

-Р.Жигжид сайдыг огцрохыг шаардаж, суулт зарлалаа. Тэгэхээр Онон голын сав газарт хэчнээн хэмжээний га талбай бүхий газрыг ашиглуулахаар лиценз олгосон юм бол?

-Бид Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг ашиглуулахаар гадаадын коппанид хууль бусаар лиценз олгосныг эсэргүүцэж байгаа. Мөн Урт нэртэй хуулийг зөрчөөд 2015 оны наймдугаар сард лиценз олгосон. Энэ бүхэн Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулах хангалттай үндэслэл.

-Бурхан Халдун уул ЮНЕСКО-д бүртгэлтэй. Гэтэл эхээс нь урсдаг голын хөвөөнд уул уурхайн компанийг үйл ажиллагаа явуулах эрх өгч байгаа нь хэр оновчтой юм бэ?

-Онон гол цианид натриар хордох юм бол Анар мөрөн ч бохирдно. Мөн Бурхан Халдун уулаа ч сүйтгэнэ. Тэгэхээр ус хордохоор байгаль, ан амьтанд ямар их хэмжээний хохирол учрах нь тодорхой. Тиймээс бид хууль зөрчиж олгосон лицензийг нь цуцлуулахыг зорьж байна. Мөн хууль зөрчиж байгаа, чадамжгүй Уул уурхайн сайд огцрох хэрэгтэй.

Р.Жигжид сайдыг хууль зөрчиж лиценз олгосныг нь хэрхэн батлах вэ?

-Урт нэртэй хууль зөрчсөн гэдгийг хэлсэн. Дээр нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас лавлагаа авсан байгаа. Харин хууль зөрчиж ийм шийдвэр гаргасан нь Р.Жигжид сайд худалдагдсан хэрэг.

-Гадаадын компани гэдгийг тодотгож өгөхгүй юү. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан юм бол?

-Австралийн компани байгаа. Алт олборлохоор тусгай зөвшөөрөл авсан нь Монголын баялгийг үнэгүйдүүлсэн хэрэг. Мөн олборлолт явуулахаар тэсэлгээ хийнэ, цианид натриар хордуулж таарна. Энэ нь байгаль орчин, хүн малыг сүйтгэнэ гэсэн үг.

С.БАЯСГАЛАН

www.Newscom.mn