Афганистанд үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд одон медаль гардууллаа
2015/12/22
Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, болон ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Дэлхийн улс орнууд энх тайвныг бэхжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж, үүгээрээ тодорхой үр дүнд хүрч байгаа ч бүс нутаг, улс орон, овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн, үймээн самуун арилахгүй, терроризмийн аюул занал оршисоор байгаа нь улам бүр даяаршиж байгаа дэлхий ертөнцөд хэн бүхний сэтгэлийг түгшээсэн тулгамдсан асуудал болж байна.
Ийм ээдрээтэй нөхцөл байдалд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 10 гаруй жилийн хугацаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон юм.
Дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн эвслийн Улс оронууд, түүний дотороос ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран тавигдсан үүргээ амжилттай биелүүлсэн нь нэр төрийн хэрэг юм.
Цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 6 сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг хангах техник тоног төхөөрөмж ашиглан тавигдсан үүргээ амжилттай хэрэгжүүлсэн юм.
Дэлхийн Улс оронууд гавьяа байгуулсан цэргийн алба хаагчдаараа бахархаж төрийн ивээл хүртээн шагнаж урамшуулдаг ёс уламжлагдан ирсэн бөгөөд энэ өдөр “Энхийн төлөө ” медалиар 4, “Афганистанд энхийн төлөө I ” хүндэт тэмдэгээр 92, “Афганистанд энхийн төлөө II ” хүндэт тэмдэгээр 22, “Дайчин алдар I ” медалиар 1, “Дайчин алдар II ” медалиар 2, “Дайчин алдар III ” медалиар 2, “Эх орны төлөө I ” хүндэт тэмдэгээр 1, , “Эх орны төлөө II ” хүндэт тэмдэгээр 2, “Эх орны төлөө III ” хүндэт тэмдэгээр 5 цэргийн алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.