Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн бүртгэл энэ сарын 30-нд 12 цагт дууссан. Энэ удаад 140 мянган иргэн газар өмчлөх хүсэлт явуулжээ. Харин эдгээр иргэдээс цахим системээр, санамсаргүй түүврийн аргаар 8088 иргэнийг сонгож авсан юм. Сонгогдсон иргэдэд гар утас, и-мэйл хаягаар нь мэдээлэл очих юм. Ийн сонгогдож, газартай болсон иргэд даваа гаригаас эхлэн бүртгэлээ баталгаажуулах ёстой. Ингэхийн тулд хоёр долоо хоногийн дотор харьяа дүүргийнхээ ЗДТГ-ын байранд очих ёстой. Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргийн харъяат боловч нийслэлд оршин суугаа иргэдийн хувьд Хан Уул дүүргийн ЗДТГ-ын байранд, харин бусад төвийн дүүргийн иргэд харьяа Тамгын газартаа очих юм.