Арилжааны банкуудын саналаас Монгол банк юуны учир татгалзав
2013/08/13
Өчигдөр буюу 2013 оны наймдугаар сарын 13-ны өдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа явуулж 16 сая ам. долларыг арилжааны зах зээлд нийлүүллээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх гээд хэд хэдэн зорилготой ч төгрөгийн ханшийг тогтвортой барих нь хамгийн тулгамдсан зорилт гэж хэлж болно. Тийм ч учраас улсын мөнгөний бодлогын чиг баримжааг тодорхойлж байдаг Монголбанкнаас чөлөөт зах зээлд оролцох хэлбэр нь дуудлага худалдаа байдаг. Хэдийгээр долоо хоног бүр дуудлага худалдаа явуулж, валютын хомсдолыг арилгахыг хичээж байгаа ч төгрөгийн ханш суларч валют улам л өндөрт хадаад байгааг зах зээлийнхээ жамаар явж байна гээд хараад суух уу, өөр бодитой үйл ажиллагаа эхлүүлэхгүй юмуу гэж хий дэмий шагшрахаас өөрийг ард түмэн хийж чадахгүй байна. Өчигдрийн байдлаар арилжааны банкууд 26.5 сая ам.доллар, 78.7 сая юань худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк 16 сая ам.долларыг 1565 хаалтын ханштайгаар, 78.7 сая юанийг 255 хаалтын ханштайгаар худалдаж валютын захад нийлүүллээ. Уг нь манайд л ногоон мөнгө галзуураад байгаа болохоос гадаад зах зээлийн сүүлийн үеийн ханш дандаа буурсан үзүүлэлттэй байгаа. Эрэлт,нийлүүлэлтээ дагаад үнэ ханш тогтвортой байдаг. Гэтэл арилжааны банкуудын санал болгосон үнийн дүнг Монголбанк 100 хувь хангаж чадсангүй. 26.5 сая ам.доллар авах хүсэлт ирүүлсний 16 саяыг худалдсан нь дөнгөж 60 хүрэхгүй хувийг хангалаа гэсэн үг. Арилжааны банкууд хэрэгцээтэй байгаа валютаа санал болгодог. Гэтэл ийм хэмжээний нөөц Монголбанкинд байхгүй байна гэж байхгүй. Зах дээр хэрэгцээ байгаа болоод банкууд захиалгаа өгч байгаа. Уг нь энэ оны эцэст ам.долларын ханш хамгийн дээд тал нь 1440 төгрөгтэй тэнцэнэ хэмээн эдийн засагчид тааж байлаа.
Гэтэл он дуусах яагаа ч үгүй, дахиад цаана нь чилийсэн таван сар үлдээд байхад эдийн засагчдын хүсэмжилсэн тоо хол хаягдаад байна. Үлдсэн хугацаанд нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Оюутан сурагчдын гадаад дотоодын сургуулийн элсэлтийн төлбөр, махны борлуулалт нэмэгддэг гээд хөл хөдөлгөөн ихсэх тусам ханш хэлбэлзэж байдаг бичигдээгүй хуультай боллоо. Уул нь цагаан сар, шинэ жил, хичээлийн шинэ жил гээд монголчуудын иддэг, хэрэглэдэг хэмжээ ихсэх үед ам.долларын ханш яалт ч үгүй далбилзаж эхэлдэг байв. Харин одоо бол Найман шаргын ченжүүдийн хөдөлгөж чадахааргүй бөх бат зах зээлтэй болсон гэж том зах зээлийн том эдийн засагчид үзэж байв. Харамсалтай нь ченжүүдийн хөдөлгөж чадахгүй валютын үнийн өсөлтийг Монголбанк өөрөө зохицуулж эс чадаад, дээрээс нь бодлогоор нийлүүлэлтийг гацааж байгаа юм биш биз ээ. Монголчуудын ноён гэж өргөмжилдөг валютын ханш чангарч, үндэсний мөнгөн тэмдэгтийг маань нойлын цаас шиг болгочихвол бид хичнээн баялагтай, хичнээн том эдийн засагтай байгаад ч дэлхийн зах зээлд аалзны төдий үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь гашуун үнэн. Ганцхан сарын дотор арваад хувиар өссөн мөнгөн тэмдэгт дэлхийн аль ч улс оронд байхгүй. Харин Монголд байна. Ам.долларын өсөлтийг дагаад мөн юань, рубль, вон, еврогийн ханш ч өсөж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэх үед буюу наймдугаар сарын эхэн гэхэд урд хөршийнхний халаасыг дүүргэх их аян Монголоос улбаатай. Хар зах дээр гараад хараарай,бараа бүтээгдэхүүний үнэ валютын өсөлтөөс шалтгаалан өдөр хоног өнгөрөх тусам тэнгэр өөд тэмүүлдэг болов. 5-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн, хужаа нар өөрсдөө нэмээд байгаа шүү дээ гэж захын наймаачид хэлж байна. Тун удахгүй шатахууны үнэ ч нэмэгдэж магадгүйг хэн ч тооцоолоогүй. Албаныхан гарч ирээд сайндаа л “Биднээс шалтгаалсангүй” гэж хэлэхээс хэтрэхгүй.
Энэ үед дэлхийн нөгөө бөөрөнд аж төрж буй австраличууд зургадугаар сарын байдлаар 2,4 хувийн инфляцитай, төв банкнаас зарласан 2,75 хувийн бодлогын хүүтэй, хамгийн бага орлого нь сард 3000 ам. доллар, лизингийн орон сууцандаа жилд 4-5 хувийн хүү төлсөн шигээ амьдарч байна. Харин Монгол бол 8,8 хувийн инфляцитай, Монголбанкны бодлогын хүү 11,5 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192,000 төгрөг, лизингийн орон сууцандаа 8-12 хувийн хүү төлсөн шигээ ядмагхан амьдарч байна. Улс орныг авч явах ухаан энэ хоёр улсад газар тэнгэр шиг ялгаатай байгаа биз.