Улсын онцгой комисоос гаргасан судалгаагаар нийт 170 сум зуд болох гамшиг тохиолдох эрсдэлтэй гэдгийг гаргажээ. Иймээс Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран дээрх сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Австрали улсын Улаанзагалмайн нийгэмлэг болон олон улсын Улаанзагалмайн холбоотой хамтран гамшгийн эрсдлийг бууруулах судалгааг хийсэн. Энэ хүрээнд бүх аймагт эрсдлийн үнэлгээг хийж дууссан байна.

Энэ тавдахь өдрөөс эхэлж Английн Улаанзагалмайн нийгэмлэгийг төлөөлөгчид ирж, өвөлжит хүндэрсэн аймгуудад ажиллах гэнэ. Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн зохицуулагч Ш.Мөнгөнтуяа “Бид эхний ээлжинд 18 аймгийн 1600 өрхөд тусална. Үүнээс 400-д бэлэн мөнгө, 1200 өрхөд гэр, дулаалга туурга, дулаан хувцас, хоол хүнс олгох юм. Одоогийн байдлаар олон улсын Улаанзагалмайн холбооноос 400 орчим сая төгрөгийг тусламжинд зарцуулахаар бэлдсэн.

Мөн Финландын нийгэмлэгээс 700 хөнжил, гудас, дулаан хувцас ирсэн байгаа. Судалгаагаар малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй учир бэлэн мөнгө авах хүсэлтийг ирүүлсэн байсан. Энэ ч үүднээс өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, 1-5 хүртэлх насны хүүхэдтэй айл өрхийн гишүүн бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөг олгох юм. Аймгийн улаанзагалмайн хорооноос эрсдэлтэй өрхүүдийг гаргах бөгөөд үүнд Английн улаан загалмайн нийгэмлэгийн шинжээчид хамтран хянаж ажилллана. Уг мөнгийг малчдын карт руу хийх юм. Түүнчлэн малчин айл өрх болгон өндөр настан, бага насны хүүхэдтэй тул нэг өрхийн гишүүнд оногдох малын тоо толгой нь 20 мал байх юм бол мөнгөн тусламжинд хамрагдана гэсэн үг юм” хэмээв. Цаашид өвөлжилтийн байдал хүндрэх юм бол нэг удаагийн мөнгө тусламж биш малаа алдсан айл өрхөд урт хугацааны нөхөн сэргээх буцалтгүй мөнгөн тусламж өгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Т.Буянаа