0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг амьжиргааны түвшин хамаарахгүй хуучин журмаар өгөхөөр болсон. Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй бол өөрийн харьяа дүүргийнхаа халамж үйлчилгээний байгууллагад хандаж, хүсэлт гаргана. 2013 оноос хойш төрсөн хүүхдүүд амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй учраас заавал очиж, судалгаа бөглөж, хүсэлт гаргах ёстой" гэв.

 

Тэгэхээр 2013 оноос хойш төрсөн болон амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагатай аж. Харин амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн мөнгө шууд данс болон хадгаламжинд нь шилжих юм байна. Харин амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан эсэхээ өөрийн харьяа халамжийн байгууллагаас тодруулж болно.

 

Түүнчлэн өчигдөр цахим ертөнцөд тарсан хүүхдийн мөнгөтэй холбоотой нэгэн ташаа мэдээлэл түгсэн нь энэ сарын хүүхдийн 20 мянган төгрөг авах хүсэлтэй иргэд 15-ны дотор харьяа хороондоо хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг өгч, тулгалт хийлгэхгүй бол мөнгө олгохгүй гэх утгатай зүйл байв.Тэгвэл энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд хүүхдээ бүртгүүлэх ямар нэг хугацаа зааж өгөөгүй юм байна.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"