Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийг ажилтай, албан газрынх нь цайны газрыг орлогтой  болгож явсан экс засаг ноёдын хэрэг замхарч дуусав. Тэд өөрсдийнхөө холбогдож явсан албан тушаалынхаа хэргийн талаар  ийм тайлбар өгөх юм.

 

Ц.Сандаг-Очир /Багануур дүүргийн экс засаг/

 

Авлигатай тэмцэх газраас намайг Газрын тухай хууль, тогтоомж  журмыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад мөрдөн байцаалтын шатанд хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон. Гэтэл прокурорын хяналтад нөгөөх хэргийг дахин сэргээн шалгаж эхэлсэн. Миний хувьд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа процессыг цэвэр гүтгэлэг гэж бодож байна. Багануур дүүргийн одоогийн Засаг дарга  М.Гончигжав нарын хэд хэдэн хүн сонгуулийн өмнө улс төрийн зорилгоор миний тухай  АТГ-т гомдол гаргаж байсан юм. Үнэндээ надад идэж уусан зүйл байхгүй.

 

Б.Баяндэлгэр /Налайх дүүргийн Засаг дарга асан/

 

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн овоо хараанд өртөн өнгөрөгч оноос албан тушаал, авлигын хэрэгт холбогдон шалгуулж  эхэлсэн юм. Түүнийг 300 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж, 50 мянган ам.доллар хахуульд авсан гэх хэрэгт буруутгаж, сэжигтнээр татаж байв. Энэ талаараа экс засаг  дарга Б.Баяндэлгэр “Намайг Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа ашигласан хэрэгт холбогдуулан шалгах гомдлыг нэр бүхий хүмүүс гаргаж байсан юм. Энэ хэргийг АТГ-аас шалгаад хэрэгсэхгүй болгосон. Би албан тушаалаа ашиглаж улсын мөнгө шамшигдуулаагүй” гэсэн тайлбарыг өглөө. Эх сурвалжийн мэдээллээр өдгөө түүнд үүсгэсэн хавтаст хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хаасан юм байна.

 

Д.Тогтохсүрэн /Өвөрхангай аймгийн экс засаг/

 

Улсын болон орон нутгийн төсвийг үр бүтээлгүй зарцуулсан гэх үндэслэлээр намайг Авлигатай тэмцэх газраас гурван удаа дуудаж шалгасан. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг  завшсан гэсэн гомдлыг манай аймгийн АН-ынхан гаргаж есөн асуудлаар шалгах хүсэлт тавьсан ч өнгөрсөн жилийн тавдугаар сарын 20-ны өдөр АТГ-аас надад хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Анхнаасаа би эрүүгийн хэрэгт татагдаагүй. Мэдээж хуулийн байгууллагад ирсэн гомдлын мөрөөр дуудаж тайлбар авсан нь үнэн. Гэхдээ би төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэм ял хийгээгүй. Ер нь сонгууль дөхөхөөр нэгнийгээ хардаж сэрдэн шалггуулдаг уламжлал манайханд тогтоод удаж байна даа. Үүнийг ч одоо монголчууд мэддэг болсон байна. Тэгсэн ч  нэгнийгээ үндэслэлгүй гүтгэдэг байдал газар авахгүй болжээ гэж боддог юм би.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу