Монгол орон хэнд найдах вэ?
2013/08/20
Зайлуул даа. Миний улс орон минь. Эрх чөлөө гэсэн сайхан нэртэй Ардчилал гэгч бантан дотор 23 жил чанагдлаа. Үүрэг хариуцлага мораль гэж байхгүй болж харин дураараа дургих эрх гэдгээр өөрсдийгөө аллаа.
23 жил бурхан, лам, суварга, сүм дугана, бөө... ариуслын төлөө гэж шашинжлаа.
23 жил уул усаа аргадаж, овоо уулаа тахиж, хадгаар уулыг бүрхэж сүсэглэлээ.
23 жил шуналт олигархуудад идэх хоолоо булаалган үгээгүй хоосорлоо.
23 жил итгэлээ, найдлаа, хүлээлээ, хуурагдлаа, цөхөрлөө.
Монголын өнөөдрийн дүр зураг гэвэл буцаад феодалын нийгэмдээ бид орчихжээ. Нэг талд бүхнийг мөнгөөр хэмжигч дээрэнгүй, тэхдээ толгой хоосон ёс зүйн ойлголтгүй, бизнес нэрийн дор хулгай хийж баяжсан, дансандаа хэдэн тэрбум төгрөгтэй “чухал феодал“ хүмүүс...
Нөгөө талд хоногийн хоолоо залгуулах гэж байгаа гэр бүлээ өлөн зэлмэн тэжээсэн бусдаас дорд орчихгүй гэсэн бодолтой гэхдээ хэзээ ч мөнгөтэй, боломжтой болохгүй дуусах. Нүдний гал унтарч харц нь доогуур болж амьдралдаа нухлагдан “хэрэггүй боол“ болсон энгийн ард түмэн....
23 жил буруу хүмүүсээр удирдуулж яаж амьдрахаа тэднээр заалгаж дагавал буцаад бурангуй, дэлхийн жишгээс хоцрогдсон... Хоолны шөлөөр яривал дээр нь хөвж буй нимгэн тосон давхарга бол Хулгайчид, үлдсэн усан шөл нь Ард түмэн гэсэн гаж нийгэм үүсдэг юм байна.
Монгол хүн өнөөдөр идэх хоол, эрээн хувцас, гар утасхан гэх мэт өчүүхэн зүйлсд их анхаарч, ухаан нь булингартан, солонгос кино үзэн мангуурч, ядуу амьдралтайгаа эвлэрч, хүсэл нь бага, зориг нь мохсон хулчгар, бүгд зөвийг олж харах нүд нь сохорсон, амиа бодсон эргүү тэнэг хүмүүсийн цуглуулга болжээ.
Тэхээр бид одоо хэнд найдах вэ???
Монголын нууц товчоогоо, Төрийн дуулалтайгаа хоймортоо залчихвал тэгээд л та бүгд сайхан амьдарчихна гэж бидэнд зааж мунхруулж, өөрсдөө өмссөн дээл, унасан машин, сольсон эхнэрүүдээрээ өрсөлдөн, дөрвөн хөлтөй амьтныг уралдуулж бооцоо тавин... Монгол хөгжиж байнаа... Мундаг болж байна аа... гэж хөөрцөглөн уухайлах Монголыг удирдаж байгаа АН-ын дайснуудад найдах уу?
Толгойгоо огт байхгүй хойд нас, хоосон найдлагаар тэжээж, сүм рүү очиж өглөг засал хийлгэж байгаа мухар сүсэгтэнд найдах уу?
Жип машин унасан дээрэлхүү, мөнгөтэй болохоор миний л зөв гэсэн том үсгээр “Хөгийн новш” болсон компаний захиралд найдах уу?
Үзэл бодол ярьсан энд тэнд харж үзсэнээ өөрсдөө учрыг нь олоогүй, толгойндоо орсныгоо үнэн мэт цэцэрхэн ярьж... Цөмийн хаягдал бол хоргүй, их ашигтай бизнес гэж тархийг минь угаах үндэстний дайсан-улс төрчдөд найдах уу?
Сонгуульд элдэв муу арга хэрэглэн сонгогдож, хааны сэнтийд заларсан мэт авирлах, эрх мэдлээ зөвхөн баяжихдаа ашиглан өдөржингөө хор найруулж хэдэн юм унагаах гэж бодох 76 гишүүдэд найдах уу?
Шоу нэрийн дор наргиж цэнгэж, утгагүй амьдралаа түр мартах гэж оролдож байгаа мансуурсан завхай архичдад найдах уу?
Хэзээ ч баригдахгүй гэж бодон Төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгосон олон зуун авлигаач хахуульчдын армид найдах уу?
Ашиг мөнгөний төлөө эх орон, эцэг эх эхнэр хүүхдээ ч зарж мэдэх, үнэт зүйлс үгүй зальт шуналтай захын наймачинд найдах уу?
Бүхнийг хардаг, болгоно, чаддаг гэх увидастай, энгийн ардын халаас хоослогч мэрэгч төлөгч бөө зайранд найдах уу?
Болж өгвөл гадаад руу гарч барууны амьдралыг мэдрэх гэж гадаад хүнтэй суухыг мөрөөдөж зүүдлэн байгаа Монгол хамаагүй болсон хувиа хичээгчдэд найдах уу?
Шинэчилсэн шинэ улс төр хийнээ, одоо л ойлголоо.... алдаагаа засна гэж дахиад гарч ирэхийг оролдож байгаа эрх мэдлийн өвчин туссан Улс орныг бол тараасан МАН-д найдах уу?
Хар цагааныг ялгаж чадахгүй...Үхсэний чинь тэр эх орон гэж хэлэх хоногийн хоолныхоо төлөө яахаас ч буцахгүй болсон, сүрэг адгуус мэт харанхуй хар Массд найдах уу?...Хэнд?!
Энд зөвхөн ганцхан хариулт бий. Монгол түмэн мэдлэгтэй хүнд л найдна. Өөр зам байхгүй.
Хүн төрөлхтний түүх бол хөгжлийн түүх. Хөгжлийн түүх бол мэдлэгийн түүх. Мэдлэг байхгүй тохиолдолд, дан ганц мөнгө, байгалийн баялаг, хүн сүрэг байхад хөгжил байхгүй гэдгийг Монголын өнгөрсөн жилүүдийн түүх харууллаа. Мэдлэгтэй хүнээ бэлдээгүй, эрээгүй, гаргаагүй. Мэдлэгтэй хүнийг зөвхөн дарсан. Үнэнг олж хэлхээс нь айсан.
Англи ирландын зохиолч, улс төрч Эдмунд Бурке: “Бузар муу бүхнийг цэцэглүүлэхийн тулд Сайнууд юм хийхгүй байхад л хангалттай ” гэсэн үг өнөөдрийн Монгол орны байдалыг яг онож хэлж байна.
Сайн хүмүүсээр ажил хийлгээгүй болохоор бид мөхлийн замдаа орсон.
Өнөөдрийн өндөр хөгжсөн технологитой дэлхийн манлайлагч улсууд шашинаар сансарт хөлөг хөөргөөгүй, онгоц нисгээгүй, хот босгоогүй, шинжлэх ухааны нээлт хийгээгүй.
Мэдлэггүйгээр нэг давхар байшинг барьж болно, харин арван давхар байшинг барихад инженерийн мэдлэг хэрэг болно.
Олон хүний амь амьдралыг авч явна гэдэг бол том мэдлэг. Мэдлэгтэй хүн бидэнд байна уу гэвэл өнөөдөр асуудалтай байна.
Манай боловсрол олгож байгаа схем бол Цээжлэх...Дүн авах...Диплом авах... Мартах. Энэ бол мэдлэгт хүрэх зам биш.
Мэдлэг бол өөрөө баталгаатай, үнэн зөвийг хийж чадах Итгэл юм. Мэдлэгийг итгэл гэж ойлгоогүйгээс Монголчууд бид хэзээ ч итгэлтэй болж чадаагүй юм байна.
Бидний хувь заяаг аврах Авралын хүч бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэн зөв мэдлэгийг олж авсан эх орноо гэсэн чин зүрх сэтгэлтэй, энэ улс төрч-Aрдын дайснуудтай холбоогүй цоо шинэ залуусдаа найдах юм.
Монгол Үндэстэн устаж алга болохгүй баталгаа нь зөвхөн улс орон гэсэн үзэл хөдлөхгүй бат бэх суусан мэдлэгтэй залуус. Сайнууд хүлээж суулгүй зоригтой нэгдэцгээ.
Ч.Өрлөг