Алтан дээр суусан гуйлгачин гэж хэнийг хэлэх вэ. Хөрөнгөө ухаалгаар хөдөлгөж, хөлжиж чаддагүй нэгнийг хэлнэ. Эдийн засагчдын хэлж буйгаас үзэхэд баялгийн хараал гэгч нь газар доорх баялгаа хөгжих хөшүүрэг болгож чадаагүй улсыг хэлдэг аж.

“Юмгүй байх хэцүү, юмтай байх бүүр хэцүү” гэдэг шиг Монгол Улс байхын зовлонг эдэлж, байхгүйн гачланд унах дээрээ тулжээ.
Монгол Улс уул уурхайд суурилсан хөгжлийн гараан дээр ирээд буй.

Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай орнуудын өнгөрсөн хугацаан дахь ерөнхий дүр зургийг харвал хүний хөгжлийн индекс болон улс орны хөгжлийн хувьд байгалийн баялаг багатай орнуудаас хоцорч явааг Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд өнөөдөр тайлбарлалаа.

Азийн Хөгжлийн банк болон Монголын хэвлэлийн хүрээлэнгийн “Өөрчлөгч” эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран өнөөдөр сэтгүүлчдийн дунд  Зохистой сангийн бодлогоор байгалийн баялгийг хэрхэн ерөөл болгож болох талаар семинар зохион байгууллаа.

Энэ үеэр тус мэргэжилтнүүд байгалийн баялаг ихтэй орнууд нь хараагдаж, нуран унах жамтай гэж үзэж болохгүй бөгөөд заавал дайрах ёстой зам биш гэдгийг хэлж байлаа. Тус банкны эдийн засагч Л.Амар “ Баялгийг хараал бус ерөөл болгох гол цөм нь төсөв, сангийн мэргэн бодлого байдаг. Байгалийн нөөцөө хөгжил болгож чадсан улсуудын гол нууц нь ч энэ л байдаг” гэсэн юм. Баялгаа хөгжлийн түлхүүр болгож чадсан орнуудын тод жишээ Норвеги, Чили, Эквадор байдаг. Тэдний нэг Монгол болох боломж бий. Энэ бол өнгөрснөөсөө сургамж авч, бусдын алдааг давтахгүй байх.

Баялгийн хараал гэх ойлголтын үүсэл гэж хэлж болох Норвеги улсын хараагдсан түүхийг эргэн сөхвөл тус улс 1959 оны үед байгалийн хийн асар их нөөц олсон байдаг. Үүнээс үүдэн орж ирсэн их мөнгөний урсгал, эрэлт нь дотоодын валютын ханшийг чангалж, Норвегийн чамгүй өндөр хөгжчихсөн аж үйлдвэрлэлийн салбарыг шахан гаргаж эхэлсэн.

Уул уурхайн салбарын түрлэг таваас дээш жилээр үргэлжилбэл баялгийн хараал гэж үзэж болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Монгол Улсын хувьд 2006 оны зэсийн үнийн өсөлтөөс үүдэн орлого өсч, Голланд өвчинд нэрвэгдэх боломж нээгдсэн гэж үзэж байна. Өдийг хүртэлх хугацаанд төгрөгийн бусад улсын валютын ханштай харьцах ханш сулралгүй ирсэн бөгөөд түүнчлэн инфляцийн түвшин 2008 онд огцом өсч байжээ. Сүүлийн жилүүдэд инфляци өндөр байсаар ирлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт олон улсын таваарын зах зээлийн үнийн хэлбэлзлээс үүдэн өнгөрсөн хугацаанд олон удаа тогтворгүйтсэн. Энэ бүхнийг тус банкны мэргэжилтнүүд төсвийн орлого өндөртэй үед сангийн хумих бус тэлэх бодлого явуулж, зардлаа нэмэн, инфляцийг хөөргөчидөг. Харин гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалан орлого тасалдаж, эдийн засаг хүндэрсэн үед төсвөө тэлж, эдийн засгаа дэмжиж чаддагүй. Учир нь тийм боломжийг өмнө нь бүрдүүлж чадаагүй хэмээн тайлбарлалаа. Тэдний зүгээс Голланд өвчинд нэрвэгдэж байж болох бүхий л шинж тэмдэг Монголд илэрч эхэлснийг мөн сануулсан юм.

Байгалийн баялаг ихтэй ч аж үйлдвэржсэн орнуудын хувьд Монгол Улсыг бодвол харьцангуй давуу талтай. Тухайн улсын орлогыг бүрдүүлэгч томоохон компаниудын зүгээс бизнесийн орчныг тогтвортой байлгах үүднээс инфляцийг бууруулах тал дээр Засгийн газартаа шахалт үзүүлэн нөлөөлж чаддаг. Харин аж үйлдвэржилтийн сул хөгжилтэй баялаг ихтэй орны хувьд уул уурхайн хөгжлийг даган төрийн институцууд эвдэрч, гэнэт баяжигсад ихэсч, шударга ёсны тухай ойлголт бүдгэрэн, нийгэм ялзрах үндэслэл бүрдэх магадлал өндөр байдаг аж.

Тэгвэл байгалийн баялгийг хэрхэн ерөөл болгох вэ. Энэ асуултад Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Яан Хансен “Байгалийн баялаг бол орлого бус хөрөнгө. Тус хөрөнгийг урт хугацааны тогтвортой хөгжлийг бүрдүүлэхийн тулд хадгалахаас биш шавхан дуусгаж болохгүй. Байгалийн баялгийн санг бий болгож орлогоо хумин, санхүүгийн хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, уг хөрөнгийг ашиглан олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өгөөжийг нь хүртэх замаар ашиглах хэрэгтэй” гэв.

Урт хугацаанд Байгалийн баялгийн сан, богино хугацаанд тогтворжуулалтын санг ашиглан уул уурхайн орлогоо зөв тийш залах нь олон улсын гашуун туршлага дээр үүссэн шалгарсан арга аж. Үүнийг сангийн зөв бодлогоор зохицуулж авч явах ёстой. Төсвийн даацтай бодлого үгүй аваас ирээдүйд багассан баялагтаа тохируулах хэрэг гарна. Байгалийн баялаг бол шавхагдах хөрөнгө учир банкинд мөнгө хадгалуулж хүүг нь хүртдэгтэй адил, санхүүгийн хэрэгсэл болгон ашиглах нь илүү ашигтай бөгөөд аюулгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манай улсын хувьд дэд бүтцээ сайжруулах, бүтээн байгуулалт нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа нөхцөлд дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд төвөг учирч мэдэх талтай. Гэвч зарим улс Баялгийн сан дахь мөнгөний өгөөж буюу хүүгээр дамжуулан төсвийн зарлагаа тэлж болох аргыг сонгодог байна.

Угаас хөгжиж буй орны шингээх чадвар бага байдаг. Хэрвээ бид энэ их чадавхиас хэтэрсэн мөнгөний урсгалыг дотооддоо оруулсаар байвал эрэлт талаас илүүдэл үүсч, эргээд инфляцийг өдөөн, орж ирсэн мөнгө нэмэр болохоосоо илүү нэрмээс болох аюул бий. Иймээс Монголд Байгалийн баялгийн сан хавсарсан урт хугацааны төсөв сангийн бодлого байх ёстой нь зайлшгүй шаардлага аж.

 

Б.Энхцэцэг