С.Дамдин: Би төрсөн аавынхаа тухай асуусан боловч ээж хэлэхгүй байсаар "явчихсан"
2016/02/25
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин “Эр хүн танаа” нэртэй тайлан тоглолтоо энэ сарын 28-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд зохион байгуулах гэж байна. Мөн өөрийнхөө туулсан амьдралаар уран сайхны кино хийхээр бэлтгэж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.
-“Эр хүн танаа” тоглолтын онцлог юу байх вэ?
-Энэ тоглолтынхоо ашигаар би тун удахгүй зураг авалт нь эхлэх уран сайхны киногоо санхүүжүүлнэ. Бага ч гэсэн нэмэр болох байх. Эр хүн гэж гэрээ, төрөө авч явдаг их хариуцлага хүлээсэн хүнийг хэлнэ. Гэтэл сүүлийн үед зарим эхнэр нөхрийгөө хүндэтгэхээ байж, толгой дээр нь гарч байна. Үүнийг буруутгаж, эр хүн гэж ийм байдаг юм гэдгийг дээрх тоглолтоороо мөн харуулахыг зорилоо. Тоглолтын утга гэрээ, төрөө дээдэлье гэсэнд оршиж байгаа. Түүнчлэн нэг ч эмэгтэй уран бүтээлч оролцохгүйгээрээ онцлог. Хөтлөгчөөр яруу найрагч М.Билэгсайхан ажиллана. Тэр “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” бүтээлээ уншиж, үзэгчдийг хөвөлзүүлэх байх.
-Тоглолтод “Элдүүр нь ханасан эр сур”-ууд оролцох болов уу гэсэн хүлээлт үзэгчдэд байна?
-Тийм. Уран бүтээлээрээ өнөө цагт ид гялалзаж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин “Хасар” Б.Жаргалсайхан, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Мөрөөдлийн театр”-ын гурван залуу зэрэг уран бүтээлчид оролцоно.
-Таны бодлоор орчин үеийн залуус жинхэнэ Монгол эр хүн шиг байж чадаж байна уу?
-Үүнийг л энэхүү тоглолтоороо харуулах гээд байгаа юм. Эр хүн гэдэг бол зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг, бие биенээ хайрладаг, нэгддэг байх хэрэгтэй. Гэтэл одоогийн залуус идэж, уухаа ихдүүлэхээрээ өмнө нь нөхөрлөж байсан найзуудаа орхиж байна. Дээхнэ үед айлууд талын нэг тарчихсан хэрнээ л хэн, хэндээ үнэнч, нэгдэх гэж зүтгэдэг байсан. Гэтэл өнөөдөр баячууд нь тарж, ядуус нь эвлэлдэхээр зүтгэж байна. Энэ байдал тун удахгүй эхлэх кинонд ч шингэнэ.
-Тэгвэл эр хүн ямар байх ёстой вэ?
-Хүн хүнийхээ төлөө үхэх гэж эхээс төрдөг байх. Хэн хэнийгээ хайрладаг, зорилгодоо, ажилдаа, бодолдоо үнэнч, нэг л зангаараа байдаг хүнийг эр хүн гэнэ. Намайг бага байхад нутгийн минь ах нар баяжих гэж биш ар гэрээ, төрөө авч явах гэж зүтгэдэг байсан. Тэднээс хөрөнгөтэй хүн тодроогүй. Олон эрүү шүүлт давсан нь ч бий. Анхны Ерөнхий сайд А.Амар, Чин ван Ханддорж нар манай нутгаас төрсөн. Өвөө маань Ханддоржийн цэрэг явсан гэдэг. Би тийм л эрчүүдийн дунд өссөн болохоор одоо ч тэднийгээ жинхэнэ эр хүмүүс байж дээ гэж үнэлдэг юм.
-Залуусыг их шүүмжилж байна. Та залуудаа жинхэнэ эр хүн шиг явж чадсан уу?
-Бүтээсэн дүрүүд минь л намайг эр хүн шиг явуулсан. Түүнээс биш би амьдрал дээрээ эр хүн шиг явсан гэж хэлж чадахгүй. Би ээжтэйгээ хоёулахнаа өссөн. Ядруухан амьдралтай байсан ч ээж минь намайг хайраар дутаалгүй өсгөсөн. Бид хэн хэнийхээ төлөө явсаар байгаад хагацсан.
-Тун удахгүй эхлэх киноныхоо талаар яриач. Таныг ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж кино бүтээлгэх гэж буй талаар дуулсан?
-“Уулын хөх чоно” нэртэй кино хийнэ. Талын хөх чоно гэж байдаг ч ээж, бид хоёр ууланд өссөн болохоор би ингэж нэрлэх гэж байгаа юм. Гэхдээ энэ кинонд зөвхөн ээжийн минь тухай биш, миний ч туулсан амьдрал гарна. Эхээс төрснөөс эхлээд одоо үе хүртэл харуулна гэж найруулагч хэлсэн. Ээж минь амьдралдаа аравхан жил хүнтэй ханилсан. Гэхдээ их сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан. Энэ киноны найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатар ажиллана.
-Дүрүүдийг сонгосон уу?
-Найруулагч маань намайг мэндэлж буйгаас эхлээд харуулна гэсэн болохоор бага болон идэр насыг минь гэрэлтүүлэхээр хоёр хөөрхөн хүү сонгогдох нь тодорхой. Одоогоор хэн гэдэг хүү тоглуулахаа төлөвлөөгүй байна. Ээжийнхээ дүрд би жүжигчин О.Энхтуулыг тоглуулахаар саналаа өгсөн боловч Германд амьдарч байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Ээж минь өндөр биетэй, эршүүд яг л О.Энхтуул шиг хүн байсан болохоор түүнийг хамгийн түрүүнд бодсон хэрэг л дээ. Харин эгчийнх нь дүрд Б.Эрдэнэцэцэгийг тоглуулахаар төлөвлөж байсан. Харин одоо ээжийнхээ дүрд жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг сонгоод байгаа. Тэр надад дуртайяа зөвшөөрсөн. Тиймээс ээжийнхээ эгчийн дүрд тоглуулах өөр нэг бүсгүй бодож сууна.
-Ээжтэй тань 10 жил хамт амьдарсан хүн байсан тухай та хэллээ. Кинонд тэр хүний тухай өгүүлэх үү?
-Өгүүлнэ. Түүнийг н.Доржсүрэн гэдэг байлаа. Тэр хүний дүрд Ц.Цэрэнболдыг тоглуулна. Нутгийн нэлээн харамч өвгөнөөр Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаранг сонгоод байгаа. Би багадаа тэр харамч айлд ороод хатавчных нь өмнө сөхрөөд суухаар тарваганы толгой эсвэл хэнхдэгийг нь шидэж өгдөг байсан юм. Цаана нь цар дүүрэн мах байхад тэгж их харамладаг байсан шүү дээ. Түүний дүрийг манай Мийгаа сайн гаргаж чадна аа.
-Зураг авалт хэзээ, хаана эхлэх вэ?
-Цас гүйцэд хайлаагүй үе буюу дөрөвдүгээр сарын эхээр хотын ойролцоох газар авна. Харин цас тарлантаад ирэх үед буюу хавар, зун, намрын зураг авалтаа нутагтаа хийнэ. Би чинь Булган аймгийн Бугат суманд төрсөн. Гэхдээ манай сум сүүлд Буянт сумтай нийлсэн болохоор Буянтаар овоглодог. Миний өссөн газарт Өрмийн цагаан нуур, Галуутайн шовгор хайрхан гэж бий. Тэнд зураг авалтаа хийж, жилийн дараа гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Гагцхүү хөрөнгө мөнгө хэрхэн шийдэгдэх бол доо...
-Та төрсөн аавынхаа талаар хэр сайн мэдэх вэ?
-Огт мэдэхгүй. Ээжээсээ хичнээн ч удаа асуугаад “Тэрүүгээр яах гээд байгаа юм” гээд хэлээгүй. Ээж минь сэтгэлийн хаттай, зоригтой байсан болоод тэр үү өчүүхэн ч дурсаагүй. Бурхан болохынх нь өмнөхөн хүртэл асуухад “Хэлэхгүй” гэсээр байгаад "явчихсан".