35+ : Цэвэршилтээ хэрхэн хойшлуулах вэ?
2016/03/03
35-аас дээш насны бүсгүй чи урьд нь “өөртөө хамааралгүй” юм шиг санадаг байсан нэг зүйл бага багаар ойртож буйг мэдэрсэн байх. Энэ бол цэвэршилт. Цэвэршилт бол эмэгтэй хүний амьдрал дуусаж байгаа биш, харин өөр мөчлөгт шинээр эхэлж байгаагийн илрэл мөн. Гэхдээ л 14 наснаас хойш үргэлжилсэн “идэвхтэй мөчлөг”-өө чадах чинээгээрээ сунгахыг хүсэж байвал дараах мэдээллийг уншаарай.
1. Цэвэршилтийн урьдач үе:
Юу: Цэвэршилт рүү орж буй шилжилтийн үе гэж хэлж болно. Хааяа хааяа гэнэт ихээр халууцах, үтрээ хуурайших, нойргүйдэх, сексийн хүсэлд өөрчлөлт орох, зан ааш хувирах зэрэг шинж тэмдгүүд эхнээсээ мэдэгдэж эхэлнэ.
Яагаад: Эстроген болон прогестероны хэмжээ хэлбэлзэж, буурах хандлагатай болно. Өндгөвчний өндгөн эсийн ялгарал багасна. Тэр чинээгээрээ сарын тэмдэг тасалдах юм уу бага ирнэ. Жирэмслэх магадлал бага ч, бүр байхгүй биш.
Хэзээ: 40-50 насны хооронд. Дунджаар 47 наснаас эхэлдэг. Ихэвчлэн 4 жил орчим үргэлжилдэг ч, зарим эмэгтэйн хувьд 7 сар болох нь ч бий.
2. Цэвэрших үе:
Юу: Сарын тэмдэг “албан ёсоор” зогсож, нөхөн үржихүйн он жилүүд дуусах үе. Цэвэршилтийн өмнөх үеийн шинж тэмдгүүд дээр нэмэгдэн шөнөөр хөлөрч эхэлнэ.
Яагаад: Өндгөвчнөөс өндгөн эс ялгарахаа больж, эстроген, прогестероны үйлдвэржилт зогсохоос хамааралтайгаар эдгээр өөрчлөлтүүд явагдана.
Хэзээ: 45-55 насанд тохиолдоно. Дунджаар 51 насанд эхэлдэг. Эрт цэвэршилт 40-45 насанд явагдаж болно. Сарын тэмдэг зогссоноос хойшхи нэг жилийг л энэ үед тооцно.
3. Цэвэршилтийн дараах үе:
Юу: Амьдралын шинэ мөчлөг. Цэвэршилтийн шинж тэмдгүүд аажмаар багасаж, яваандаа үгүй болно.
Яагаад: Гормонууд хэлбэлзэхээ болин тогтворжиж эхэлнэ.
Хэзээ: 50 насны эхэн юм уу дунд үеэс эхэлж, насан туршид үргэлжилнэ. Энэ үед эстрогений дутагдлаас хамааралтайгаар үе мөчний өвчин, хөхний хорт хавдар, нойр хулжилт зэргээр өвдөх магадлал өндөрсдөг учраас эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөж, амьдралын хэв маягтаа тохирох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй.
1. Тамхи татдаг бүсгүйчүүд
2 жил болон түүнээс дээш хугацаанд тамхи татсан эмэгтэйчүүдийн эрт цэвэрших магадлал нь 40 хувиар илүү байдаг нь тогтоогджээ. Тамхи нь эстрогений ялгарах хэмжээг бууруулж, биеийн эстрогений хэрэглээнд өөрчлөлт оруулдаг. Зарим судлаачид тамхи татах нь сарын тэмдгийн мөчлөгөнд ч өөрчлөлт оруулдаг хэмээн үздэг.
2. Цагаан хоолтон бүсгүйчүүд
2 жил болон түүнээс дээш хугацаанд цагаан хоолны дэглэм баримтлах нь мөн эрт цэвэршилтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэгт тооцогддог. Махан төрлийг оролцуулсан, тэнцвэртэй хооллох горимтой бүсгүйчүүд цагаан хоолтон бүсгүйчүүдээс цаг хугацааны хувьд арай орой цэвэршдэг аж. Энэ нь цагаан хоолтнуудын биед тестостеронтой адил эр гормон андрогены хэмжээ бага байдагтай холбоотой байж магадгүй гэж үздэг.
3. Хэт туранхай бүсгүйчүүд
Жингийн дутагдал нь гормоны тэнцвэрийг алдагдуулдаг учраас эрт цэвэршилтэнд хүргэх магадлалтай.
4. Өндөр цэгт амьдардаг бүсгүйчүүд
Нам дор биш, өндөр цэгт амьдардаг бүсгүйчүүдийн андрогений түвшин бага байдаг учраас цэвэршилт эрт явагдах боломжтой.
Эдгээр аргууд нь эрт цэвэршилтээс сэргийлэх тал дээр илүү үр дүнтэй. Харин жам ёсоороо явагдаж байгаа цэвэршилтийг хойшлуулах төдийлөн боломжгүй бөгөөд зөвхөн гормоны эмчилгээ хийлгэх замаар шинж тэмдгүүдийг нь багасгаж болно.
1. Тамхиа хая-Дээрх хэсэгт яагаад гэдгийг нь хамтдаа уншсан шүү дээ.
2. Фито-эстрогений агууламжтай хүнс хэрэглэ-Бүхэл үр болон шар буурцагтай (ГМО-гүй байх тал дээр нь анхаараарай) хоол хүнс хэрэглэ. Энэ нь биеийн байгалийн эстрогений үйлдвэржилтэд дэмжлэг үзүүлдэг.
3. Дасгал хөдөлгөөн хий-Бие махбодийн бүх үйл ажиллагаа идэвхтэй байснаар гормоны үйлдвэржилтийг ч идэвхжүүлдэг. Үе үе алхаж, ууланд авирснаар цусны эргэлтээ эрчимжүүлэн, дархлаагаа дэмжиж, цэвэрших хугацаагаа ч чадах чинээгээрээ хойшлуулахад нэмэртэй.
4. Дээр үеийн сав суулгаа хая-Хуучны хоолны савнуудын гадаргууг “perfluorooctanoic acid” буюу нэгэн төрлийн химийн хүчлээр бүрж, наалдуулах чанарыг нь багасгадаг байжээ. Энэ хүчил нь гормоны үйл ажиллагаанд нөлөөлж, цэвэршилтийг түргэтгэх магадлалтай.
5. Химийн хорт найрлагагүй гоо сайхны бүтээгдэхүүн сонго-Аль болох органик, парабен, үнэр оруулагч болон бусад нэмэлтгүй, байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн тос, пудр хэрэглэж байгаарай. Биед хэдий чинээ их химийн бодис байна төдий чинээ гормонуудад нөлөөлж, цэвэршилтийг эрчимжүүлдэг.
6. Хүнсний скочноос татгалз-Хүнсний скоч болон пластик аяга, таваг, уут, савнуудад хүнс хийж хадгалах, халаахаас зайлсхий. Пластик бидний гормоны хэмжээнд нөлөөтэй.
7. Загас ид-Долоо хоногт 2 болон түүнээс дээш удаа загас хэрэглэдэг эмэгтэйчүүдийн цэвэршилт хойшилдог. Загасны тосон дахь омега 3 нь үе мөчийг “тосолж”, арьсыг чийгшүүлж, үтрээг чийглэдэг. Мөн гормонуудыг тэнцвэржүүлдэг, бодисын солилцоог сайжруулдаг аж тустай.
www.goolingoo.mn
Зочин · 2016/03/04
udamshiltai ikh holbootoi zuil l dee.
Зочин · 2016/03/04
okay
Зочин · 2016/03/04
tsevershiltiig uragshluulah hoishluulah gej baihgui,herhen baga hyamraltai ongorooh ve gedeg l baina busadaar bol ta hedii hemjeenii ondgon es avch torson baina tuuniigee yalgaruulj duussanaar l nohon urjihuin uil ajillagaa togsgol bolno
Sormaa · 2016/03/03
heregtei medeelel baina.bayarlalaa