Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс байр сууриа илэрхийлсэн нь шүүхэд дуудагдахад хүргээд байсан. Тодруулбал, ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс Р.Бурмааг нэр төрд халдсан, гүтгэсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгвэл ХХАА-н сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал өнгөрсөн удаад иргэний хэргийн анханы шатны шүүхэд болж, шүүхээс Р.Бурмаа сайдыг буруутай гэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд ялалт байгуулсан. Харин өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал болж шүүхийн магадлалаар Р.Бурмаа сайдын гэм буруутайг шүүх дахин тогтоожээ. Ингэснээр УИХ-ын гишүүн хүн анх удаа бүрэн эрхийнхээ хугацаанд иргэнийхээ нэр төрийг гутаасан гэм буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдлоо.

А.Баярмаа