Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал Монголд анх удаа болох гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад болох эл хурлаар “Азийн эмэгтэйчүүд ба жендерийн эрх, тэгш байдлыг хангах” сэдвийн дор “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэрг байдал хүний эрх”, “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэх аж. Монгол Улсын хувьд нэг үеэ бодвол эмэгтэйчүүдийн жендерийн тэгш эрх байдал хангагдаж байгаа ч, аль ч салбарт бүсгүйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа юм. Тиймээс Азийн бүсийн ээлжит хуралд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын болон дэлхийн олон орны төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ.

Азийн бүсийн ээлжит хурлын талаар холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулдаг. Бид Азийн бүсийн ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулсанаар олон бодлогын баримт бичиг гаргана. Нөгөөтэйгүүр, хурлын бэлтгэл ажлын хүрээнд НАМЭХ эдийн засаг, боловсрол, гэр бүл, эрүүл мэнд зэрэг сэдвээр олон нийтийн санаа бодлыг сонсч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Энэхүү хурал нь ирэх долдугаар сард болох АСЕМ-тай дүйцэхүйц олон улсын том хурал юм” гэв.

Манай улсын НАМЭХ нь 1999 онд Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажиглагч гишүүнээр элсэж, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо болсон Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын их хуралд холбооны нэр бүхий 7 гишүүн оролцож, тус хурлын шийдпвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй. Тус байгууллага нь 139 орны улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн иэрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дэмжсэн байгууллага юм.