“Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутныг хамруулна
2016/03/11
"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрийн нээлт энэ сарын 10-нд нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн Газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Батаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Монголын оюутны холбоо, БХИС, МУИС-ийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга нар, хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн оюутан залуус оролцлоо.
БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжүүлж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гол онцлог нь орон нутагт хэрэгжүүлэхээр болсон юм. Их, дээд сургуультай орон нутгийн удирдлагууд "Оюутан цэрэг" хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэд, хэдэн ирүүлсэн байдаг юм. Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна. Дорнод аймагт болсон нээлтэд БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Ганбаатар, Ховд аймагт болсон нээлтэд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, Говьсүмбэр аймагт болсон нээлтэд БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж нарын албаныхан нийслэлээс очиж албан ёсоор эхлүүлсэн.
Нээлтийн үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Хөтөлбөрийн үр дүнд суралцагчдын сахилга, хүмүүжил, хувийн зохион байгуулалт, төлөвшилд сайнаар нөлөөлж, анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт ахиц, өөрчлөлт гаргаж байгаа талаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа бидэнд илэрхийлсээр байгааг энд дурдахад таатай байна. Батлан хамгаалах яам “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусган УИХ-д өргөн бариад байна. Энэхүү хөтөлбөр цаашид хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмрээ оруулахаас гадна их, дээд сургуулийн оюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эх орноо батлан хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан, таниулах чухал ач холбогдолтой юм. “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад хамрагдах чин хүслээр хүрэлцэн ирсэн оюутан залуус та бүхэндээ богино хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарласан эр цэрэг, эх орны хүү болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолж байсан юм. Дашрамд сонирхуулахад, их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. Бүртгэл энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байв.