​“Оюутолгой” ХК-ийн ТУЗ дахь Монголын төлөөлдөгчдийн хоёр нь  ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, “Хас” банкаар овоглодог Ч.Ганболд өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж албан тушаалаа хүлээлгэж өгсөн билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн л ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгчээ. Түүнээс энэ талаар лавлахад “Өргөдлөө өгчихсөн” хэмээсэн. Одоогоор түүний энэхүү өргөдлийг ТӨХ судалж байгаа аж. “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс татгалзах хүсэлт өгснөө тэрбээр “Ажил үүргийнх нь хуваарь өөрчлөгдсөн учир өөрийг нь Ерөнхийлөгчийн төлөөлөл мэтээр ойлгох явдал мэр сэр гарч байгаа. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа” хэмээн тайлбарласан. Харин Ч.Ганболд “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийхөө дараахан “Ажлаа сайн дураараа хүлээлгэж өгсөн. Олон нийтийн дунд яриад байгаа шиг Ардчилсан намынхны шахалтад орсон зүйл огт байхгүй” гэсэн утга бүхий зүйл ярьсан байдаг. Тэрбээр ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгаанаа ямар учраас Ардчилсан намынхантай хамаагүй гэж хэлсэн нь сонин.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн тухай мэдээлэл ил болж Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд үл ойлголцол үүсэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөн сууж байгаа Н.Баганбанди, П.Цагаан, Ч.Ганхуяг нарыг УИХ-ын чуулганд оролцуулж, Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл авах ёстой гэсэн утга бүхий яриа саарал ордонд хүчээ авсан юм. Бүр цаашлаад тэднийг солих тухай яриаг ч зарим улстөрч цухалзуулж байлаа. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь “Оюутолгой” ХК-ийн ТУЗ дахь Монголын төлөөлөгчдийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Гэхдээ энэ нь тэднийг солих шалтгаан болохгүй хэмээн сөрөг хүчнийхэн тухайн үед эрх баригчдад хэлж байсан юм. Учир нь “Оюутолгой” ХК-ийн ТУЗ дахь Монголын гурван төлөөлөгчийн хоёр нь Ардын намын угшилтай. Ерөнхийлөгч асан Н.Багабанди бол намдаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэгд зүй ёсоор багтдаг. “Хас” банкаар овоглодог Ч.Ганболд ч мөн л ялгаагүй Ардын намын урдаа барьдаг лидерүүдийн нэг. Тиймээс Н.Багабанди болон Ч.Ганболд нарын хувьд “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалыг хүлээлгэж өгөх гэж яараад байх асуудал байхгүй байсан. Тэд албан тушаалаа хүлээлгэж өгөх нь ямар нэгэн хариуцлага, асуулгаас зугтах арга биш учир өндөр цалинтай ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсэх нь мэдээж байсан. Гэсэн ч Ч.Ганболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн юм. Түүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажлаа өгч байгаа нь “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх эрхмүүдийг өөрчлөх ажил эхэлсэн гэдгийг илтгэж байна. Одоо Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өргөдлөө өгөхийг хүлээж байгаа гэх.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Ца­гааны хувьд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа энэхүү албан тушаалд томилогдсон. Өөрийнх нь хэлснээр одоо ажил үүргийнх нь хуваарь өөрчлөгдсөн учир Ерөнхийлөгчийн хүн “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-д байгаа гэдэг хардлагыг тээхийг хүсэхгүй байгаа гэдэг нь ч үнэний ортой. Харин Ч.Ганболд, Н.Багабанди нарын хувьд байдал арай л өөр болов уу.

 

Р.Сарангоо