Монгол Улс өрөнд баригдлаа, иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болж Грекийн араас орлоо гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ. Үнэхээр ийм байдал үүссэн эсэхийг эдийн засагчдаас тодрууллаа.

Эдийн засагч, доктор Ч. Хашчулуун: Хувийн компаниудын зээлийг татвар төлөгчид төлөхгүй шүү дээ

-Олон улсын жишгээр өрийн статистикийг гаргахдаа гадаадын хөрөнгө оруулалтыг ч оруулж тооцдог л доо. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт өндөртэйд орно. Оюутолгой гээд томоохон төслүүд ч хэрэгжиж байгаа. Улсын гадаад өрөнд хувийн компаниудын зээлийг оруулсан байдаг. Тэгэхээр Монгол Улс өрөнд баригдсан, иргэд олон сая төгрөгийн өртэй болсон гэж ярьж болохгүй л дээ. Хувийн компаниудын зээлийг татвар төлөгчид төлөхгүй шүү дээ. Хувийн хэвшлийнхэн хариуцлага аа өөрсдөө л үүрнэ.

Улсын өрийг гадаад, дотоодын гэж хоёр хуваана. Энэ хоёрыг харьцуулж харвал гадаадын өр илүү жин дарж байгаа төдийгүй анхаарал татах асуудал юм.

 

МУИС-ийн дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол өрийн хязгаарыг тавьсан. Түүнийгээ өсгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 58 хувь болгосон. Хуулиараа өрийн хязгаарыг баримтлах ёстой. Гэтэл хууль нь батлагдчихсан байхад өрөнд баригдлаа гэж ярих нь ойлгомжгүй асуудал. УИХ нь өөрөө өрийн дээд хязгаарыг тавиад өгчихсөн. Тэр хязгаартаа л тулах ёстой, түүнээс дээш байх ёсгүй. Харин цаг хугацааны хувьд жаахан асуудал бий. Тодруулбал, өрийн хязгаар чинь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй хамааруулж тавина шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Би сая твиттер хуудсандаа энэ талаар бичээд сууж байлаа. Хэн их өр тавьсан бэ гэж нэг нэгнээ зэмлэж, уралдах нь гол биш. Харин энэ зээлээрээ хэн нь их бүтээн байгуулалт хийсэн бэ гэдгээрээ өрсөлдөцгөөе гэж бичлээ. Улс төрийн хоёр гол нам АН-ын Засгийн газрын үед маш их өр бий болгочихлоо. Монгол Улсын нэг хүнд 15 сая төгрөгийн өр байна гэж яриад байгаа. Яахав, гудамжаар явж байгаа хүнд хэцүү сонсогдож магадгүй л дээ. Монгол Улс үнэхээр баларчээ гэх мэтээр ярина. Гэхдээ хоёр зүйлийг тайлбарлахгүй бол болохгүй нь. Өрийн удирдлагын тухай хууль гэж байгаа. Тэнд өрийг тодорхойлчихсон. Улсын өр гэж юу юм. Хувийн хэвшлийн мөн санхүүгийн өр гэж юу болохыг бичээд өгчихсөн. Санхүүгийн өрийг банк хариуцдаг юм. Своп хэлцэл чинь өрөнд ордоггүй. Эрчим хүчний том компани, хувийн хэвшил өрөө өөрсдөө хариуцдаг. Хувийн хэвшил гэхээр хөрөнгө оруулагч нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж тоног төхөөрөмж оруулж ирээд энэ нь өр болоод бланслагддаг. Улс л учраас өрийн блансад орох ёстой. Гэхдээ хувийн хэвшил өөрөө өрөө төлнө. Гэхдээ хувийн хэвшил хэт их өр төлөөд ирэхээр төсөвт төвлөрүүлэх орлого багасдаг учир дутагдалтай ч Монгол Улсын өр, зээлийн тоог харахад харьцангуй бага харагдаж байна лээ.

Улсын өрийн таазыг тогтоох үед би эсэргүүцсэн. Автоматаар хөдөлгөөнтэй байх ёстой зүйлийг ДНБ-ий 54 хувьд гэж тааз тогтоож өгсөн. Европын холбоонд тухайлбал “Маастрихтийн гэрээ” /1992/ гэж байдаг. Төсвийн орлого нь -2-оос илүү байж болохгүй, өр нь 60 хувиас илүү байж болохгүй гэж тусгаад Европын холбооны бүх улс мөрддөг. Энэ нь хатуу заагаад хуульчилсан асуудал биш. Зүгээр гэрээ. Гишүүн орон болгон нь мөрдөхийн төлөө ажилладаг. Яг түүнтэй адилхан Монгол Улсад өрийн тааз гэж байгаа. Хатуу тогтоочихсон гэдгээрээ ялгаатай л даа. ДНБ-дээ өрөө харьцуулдаг, яагаад гэвэл өрийг ДНБ үйлдвэрлэж байж төлөх учраас тэр юм. Түүнээс гадна явагдаж байгаа процессийг нь харвал өөр зургаан харьцуулалт байна. Жишээлбэл, өрийн төлбөр ба экспортын харьцаа, өрийн төлбөр ба төсвийн орлогын харьцаа байна. Энэ харьцааг үзэж байх үүднээс 2003 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк улс орнуудыг дунд, дээгүүр, доогуур гэж хуваагаад өрийн таазын дундаж хэмжээг тогтоочихсон. Монгол Улс тэндээ тулчихаад яваад байгаа. Өрийн асуудлыг анхаарах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ хуульдаа л нийцүүлж ажиллаж байгаа. Нэг хүн 15 сая төгрөгийн өртэй гэх мэтээр улстөржүүлээд байх хэрэггүй ээ. Өрийн удирдлага муутай өрх гэр хавханд орчихдог. Тэгвэл улс хэрвээ удирдлага муутай байсан бол хэдийнэ хавханд орчихсон байна шүү дээ.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд

-Монголбанкны албан ёсны цахим хуудас руу орвол Монгол улсын нийт гадаад өр гэдэг статистикийг үндсэн таван сектороор нь ангилчихсан нэгдсэн тоо байгаа. 21 тэрбум ам.долларын гадаад өр гэдэг энэ тоо бол ганцхан жилийн дотор үүсчихсэн тоо биш ээ. Энэ тоо нэгдүгээрт, Засгийн газрын болон түүний баталгаатай үүсгэсэн гадаад өр, хоёрдугаарт банкны системийн хэмжээ/хувийн секторын тэр дундаа хадгаламжийн байгууллагуудын үүсгэсэн гадаад өр/, гуравдугаарт хувийн компаниудын үүсгэсэн гадаад өр , дөрөвдүгээрт компани хоорондын зээллэгэ буюу толгой компаниасаа Монголд байгаа охин компанид оруулсан хөрөнгө оруулалт орж байна. Жишээлбэл Оюутолгой компанийн төслийн санхүүжилтийн хүрээнд үүсгэсэн хөрөнгө оруулалт. Энэ бол нэг талаас гадаадын хөрөнгө оруулалт боловч нөгөө талаас төслийн орлогоос урт хугацаанд төлөх өр байгаа юм. Энэ тоонуудыг оруулсан нийт дүн 21 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ бол шууд утгаараа Засгийн газарт татвар төлөгчдөд хамаатай гэсэн үг биш. Улсын сектортой холбоотой хэсэг буюу Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл нь 3.6 тэрбум ам.доллар байгаа юм. Үүн дээр мэдээж Хөгжлийн банкны гадаад өр гэж тоо бий. Энэ тоог нэмвэл үндсэндээ ДНБ-ий Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн лимитийн хүрээнд байгаа .

2016 онд Сангийн яам, Засгийн газраас 250 сая ам. долларын синдикат зээл босголоо. Нэмээд гадаад зах зээлийн арилжааны эх үүсвэрийн ажиллагааг амжилттай хийж байна.

Монгол улс өнгөрсөн хугацаанд өрийн менежментийн хууль гэж байсангүй, өрийн менежментийн стратеги гэж байсангүй Засгийн газрын үүсгэсэн гадаад өрийг хэрхэн төлөх үү, санхүүжүүлэх үү , хугацааг нь яаж сунгах уу гэсэн менежментийн төлөвлөгөө байсангүй. Тэгвэл эдгээр баримт бичгүүд өнөөдөр бүгд бий болсон. 2013 оноос хойш Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх, идэвхжүүлэх, нэмэх, дотоод, гадаад гэж ялгалгүйгээр хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх хууль тогтоомжид анхаарч байсан бол 2015 оноос өрийн цогц менежмент гэдэг дээр түлхүү анхаарч ирсэн. Өр үүсгэх нь буруу биш, зээлийг юунд зарцуулж байна, үр өгөөжөө өгч байна уу гэдэг нь чухал.

 

Х.Тэргэл

 




Эх сурвалж: TIMES.MN