Хаагдсан зам, давааг онгойлгохоор ажиллаж байна
2016/04/15
Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотоос гадна Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Цас үргэлжлэн орж, шуурч байгаа нь ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн орон нутгийн зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэргээр автозамын хөдөлгөөнд хүндрэл учруулаад байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас замын хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтийг Зам тээврийн сайдад гаргаснаар Улаанбаатар хотоос баруун чиглэлд /Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг/ автомашины зорчих хөдөлгөөнийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны 11:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хязгаарлаад байна.
Баруун чиглэлийн Тахилт, 124-ын даваа, 52-ын даваа цасанд боогдсон, шуурч байгаа учраас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын нөхцөл байдалд хүндрэл үүсч, автомашин олноороо саатаад байна.
Зам, давааны нөхцөл байдлыг үнэлэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангиас 28 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Гал түймэр унтраах, аврах 22, 40 дүгээр ангийн албан хаагчид орон нутгийн зам арчлалтын компанийн албан хаагчидтай хамтран дээрх хаагдсан зам давааг онгойлгохоор ажиллаж байна.
Одоогийн байдлаар Дундговь аймгийн нутгаар 18-20 м/сек-ийн хурдтай салхилж, цасан шуурга шуурч байна. Мөн Хэнтий аймгийн хойд сумд, Төв, Булган аймгийн нутгаар цас орж шуурч байна.
Улмаар дөрөвдүгээр сарын 15-нд Төв, зүүн зүгийн нутгаар, 16-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар, 18-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 14-16 м/сек хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.
Цаг агаарын ийм аюулт үзэгдлийн үеэр иргэд холбогдох байгууллагуудын анхааруулга, сэрэмжлүүлэг, шийдвэрийг үл тоож, замын нөхцөл хүндэрсэн үед хулгайн замаар зорчиж, болзошгүй эрсдэлд өртөх тохиолдол байдаг.
Мөн орон нутагт малчид шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг сэрэмжлүүлж байна.
Иймд иргэд, жолооч, тээвэрчид, малчид мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөн, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, хол, ойрын замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.