Өчигдөр чуулганы хуралдаанд олон нийтийг цочирдуулаад буй улаанбурхан өвчлөлийн асуудлаар ярилцлаа. УИХ-ын Г.Уянга уг асуудлаар асуулга хүргүүлсний дагуу ийнхүү Шадар сайд, ЭМС-ын яамын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийсэн юм.

Ц.Оюунбаатар сайд хэлэхдээ "Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр энэ оны гурван сарын байдлаар 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээллийг тарааж байна. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор олон оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа байдаг. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдлээ. Ийм ачаалал, ийм хүндрэл урд өмнө нь гарч байсангүй. Эхний гурвын сарын байдлаар улсын байдлаар 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувьтай байна. Эндэгдлийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, 50,8 хувь нь лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархалаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. 2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин ачигдаад байна. Эмнэлгийн ажилтнуудыг 24 цагаар өндөржүүлсэн нөхцөлд ажиллуулж байна. Бүх орон тоондоо багтааж эмч, сувилагч нарыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллуулах зохицуулалтыг хийсэн" гэв.

 

Үүний дараа УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, асууж холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Яг хэдэн хүүхэд улаанбурханаар эндээд байна вэ. Шаардлагатай хөрөнгийг гаргасан уу. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуумаар байна. Ер нь хэзээ Эрүүл, мэндийн сайдыг томилох юм бэ?

 

ЭМЯ-ны ТНБД С.Ламбаа: 59 хүүхэд Улаанбурханы сэжигтэй тохиолдлоор нас барсан.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Манай улс төрчид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудал өнөөдөр бий болоогүй. Шадар сайдэ энэ салбарыг удирдаад явж байна. Бас ч үгүй уг салбарт туршлагатай сайн мэргэжилтэн Төрийн нарийн бичгийн даргаар нь очсон. Эрүүл мэндийн салбар штабын зохион байгуулалтайгаар ажиллаж байна. Улаанбурханы асуудлаар Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан. Хөл, хорио тогтоох саналыг гаргасан. Гэхдээ хөл хорио тогтоох нь улаанбурхантай тэмцэх шалгарсан арга биш юм байна лээ. Харин вакцин хий гэж мэргэжилтнүүд зөвлөсөн. Вакцины 960 сая төгрөгийг шийдээд явж байна. Бусад зардлыг ч мөн гаргана. Би Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад улаанбурханы талаар мэдээлэл өгсөн. Гэтэл өнөөдөр миний утсанд хүмүүсээс мессеж ирж, зохион байгуулалттайгаар энэ асуудлыг хөндөж байна. Хэн худал мэдээлэл цацаж уг үйл ажиллагааг явуулаад байгааг тагнуулынхан шалгана.

 

УИХ-ын гишүүн Ц.Батцогт: Улаанбурханы өвчлөл хяналтаа алдчихсан уу. Эсвэл байдал тогтворжиж байна уу. Зөв ойлголт өгнө үү? Эрүүл, мэндийн сайд томилохгүй удаж байгаа нь буруу. Олон жил салбар удирдсан туршлагатай хүн төрийн нарийн бичгийн даргаар очсон тулдаа гайгүй байна.

 

ХӨСҮТ-ийн албаны дарга н.Амбасэлмаа: Улаанбурханы өвчлөл бол вирусын халдвар. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд нэг их өвчлөхгүй байгаа. Вакцинд хүрээгүй 0-8 настай хүүхэд болон 18-30 насны хүүхэд нилээн өвчилж байна. Өвчлөл тогтворжих хандлагатай байна. Хүлээн авахаар ирж байгаа өвчлөлийн тоо 400 байснаа 300 болж байна. Бид улаанбурханы вакцин тарих бэлтгэл ажлыг төлөвлөөд явж байна. ДЭМБ-аас вакцин авсан. Халдвар зургаан сар гартал үргэлжлэх байх. Улаанбурханы дэгдэлт 3-4 жил үргэлжлэх шинжтэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга: Нэг сувилагчид 9 нярай оногдож байна гэдэг нь үнэн үү. Өвчлөл хүндрээд байгаа шалтгаан нь яг юу юм бэ. Төлөвлөлт вакцинд бүгдийг нь хамруулж чадаж байна уу. Эмнэлгийн хүний нөөцийн асуудал яагаад муу байна вэ? техник, тоног төхөөрөмж нь хэзээ орж ирэх ёстой вэ.

 

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Түвшинбаяр: Манай эрчимт эмчилгээний тасаг 10 ортой. Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор 22 хүн эмчлүүлж байна. Зохиомол амьсгалын аппарат 4 байгаа. Бидэнд тоног, төхөөрөмж хэрэгтэй байгаа. Яамнаас уг асуудлыг удахгүй шийдэж өгөх байх. Аппаратанд орж чадаагүй байж байгаад нас барсан хүүхэд одоогоо байхгүй. 5 хүүхдийн дунд нэг сувилагч сувилагчийн туслах гэж хоёр хүн ажиллаж байна. Гэхдээ манай эмч сувилагчид 24 цаг тасралтгүй хэд, дахин ачаалалтай ажиллаж байна. Ер нь дахин сэргэж байгаа өвчин учир яг вирусынх эсрэг устгах эмчилгээ байхгүй байнха. Богино хугацаанд уушиг гэмтэж байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Бидний зүгээс юу хийх вэ

Т.Энхэлээ

24tsag.mn