Жүжигчин Г.Ундармааг "хулгайч нар ихээхэн гомдоов"
2016/04/19
МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 88,963,033 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж олон хүний талархалыг хүлээсэн билээ. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөн, 78.5 сая төгрөгний өртөгтэйгөөр засварлаж, тохижуулсан.
Тэгвэл тэрбээр ээлжит эмнэлгийн тохижуулалтаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болжээ. Жүжигчин Г.Ундармаа өөрийн хөрөнгөөр Баянхошууны хуучирч муудсан эмнэлгийг Францийн стандарттай болгохоор ажиллах юм байна. Тэрбээр өөрийн бүтээсэн дэлгэцийн бүтээлээ тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулан гаргаж байгаа билээ. Энэ үеэрээ Францын хүүхдийн эмнэлэг орж үзжээ. Баянхошууны эмнэлгийг ийм л болгоно хэмээв. Тус амбулатороор СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг гэнэ.
Ийнхүү хөдөлмөрч бүсгүй биеэ өвдсөн ч үл тоон сайн үйлсийг дэлгэрүүлж явахад хулгайч нар түүнийг ихэд гомдоожээ. Тэрбээр "Single ladies 2 киног маань дуу дүрсний ямар ч чанаргүйгээр дэлгэцнээс гар утсаараа бичиж тавьжээ.
Европоор киногоо гаргаж тэнд амьдарч байгаа монголчууддаа албан ёсны кино театрт үзүүлэхийн тулд өөрийн олох ашгийг тооцохгүйгээр кино театруудад маш өндөр түрэээс (манай хамт олны хувьд) төлөн үзүүлсээн. Ирэнгүүтээ Баянхошууны эмнэлэгт Итгэлийн танхимын ээлжит аянаа үргэлжлүүлж Хүүхдийн кабинет болон 2 давхрын вестибульд их засвар хийж бүрэн тохижуулж энэ 5 дахь өдөр хүлээлгэж өгөхөөр өдөр шөнөгүй ажиллаж байнаа. Сүүлийн 4 хоног нуруу татаад явж чадахгүй хэцүү байсан боловч эхэлсэн ажлаа дуусгах гэж Мишээл, 100 айл, Хермес, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэлгүүрүүдээр тахийж махийгаал явлаа. Ажил маань олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар урагштай байгаа болохоор өчигдрөөс эхлэн санаа амран эмнэлэгт хэвтсэн боловч олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлийг маань хулгайлан дэлгэж зүй бус үйлдэл хийж байгаа залуусынхаа үйлдлийг зогсоохоор хамаарагдах байгууллагууд руу очиж уулзахаар гарлаа.
Өрөвдүүлэх гэсэндээ биш үнэнч шударгаар хөдөлмөрлөж хийж байгаа ажил бүхнээ чанартай хийхийн тулд маш их хүч сэтгэл цаг хөрөнгө гаргаж хичээж ажилладаг болохоор л …" гэсэн юм.
Оюуны бүтээл хуулбарлан олон нийтийн сүлжээнд цацах явдал манай улсад буурахгүй байгаа билээ. Дэлгэцнээс бараг буугаагүй байхдаа хулгайд киногоо алдсан гашуун түүх ч бий. Монголчууд л болсон хойно үнэгүй юманд нугасгүй гэж биенээ хөөргөсөөр уг хулгайг өөгшүүлж байгаа нь тодорхой. Дуу дүрсний өндөр чанартай бүтээлийг мөнгөө төлөөд үзчих бас л нэг соёл юмсан даа.